Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хуралд 50 гаруй орны 3000 төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд зохион байгуулна.

“Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулж буй тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочин төлөөлөгч оролцох юм.

Азийн сайд нарын II бага хурлын үеэр Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний 3 жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн, “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө” “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргана.

Мөн Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *