Categories
мэдээ нийгэм

“Цэвэр орчин-Эрүүл амьдрал” дөрвөн сарын аян өрнүүллээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Цэвэр орчин-эрүүл амьдрал” нэртэй тохижилт, бүтээн байгуулалтын аяныг энэ сарын 10-наас ирэх 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд зохион байгуулахаар зарлаад байна.

Тус аянд Сэлэнгэ аймгийн 17 сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагдах юм. Энэхүү аяны хүрээнд гудамж, зам, талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх хийх ажээ. Мөн хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, гудамж зам талбайн гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зэрэг ажлууд хийгдсэн байх ёстой юм байна.

Аяны гол зорилго нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Мөн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, цаашлаад тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, орчны өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангуулахад оршиж байгаа аж.

Тус аяныг аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг удирдан зохион байгуулах бөгөөд сум, багт сумын Засаг даргын захирамжаар байгуулсан дэд ажлын хэсгүүд зохион байгуулан ажиллах юм байна. Мөн аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, үндсэн ажлын хэсгийн ажиллах хуваарийг аймгийн Засаг даргын захирамжаар баталж өгчээ. Аяны дүнг сум бүрээр дүгнэж гаргах бөгөөд хийгдсэн ажлын үзүүлэлтээр нь шилдэг сум, шилдэг баг, шилдэг байгууллага, аж ахуйн нэгж, шилдэг өрх гэж тус тус шалгаруулах юм. Аянд манлайлж, шилдэг болсон бол нэг сая төгрөг, дэд байрт 800 мянган төгрөг, гутгаар байр эзэлсэн шилдэгт 500 мянган төгрөгийн урамшуулал олгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *