Categories
мэдээ нийгэм

​АТГ: С.Баяр, Ч.САйханбилэг нарын хэрэг шалгалтын шатандаа явж байна

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, энэ оны зургадугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээллээ. Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.

– Хууль зүйн сайдыг АТГ-т шалгуулах хүсэлтийг өмгөөлөгчид гаргаад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

10 минутын өмнө тус өргөдлийн талаар мэдээлсэн. Бид өргөдөлтэй танилцсаны дүндшалгалтаа эхлүүлээд байна.

– С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийн нэмэлт мэдээлэл байна уу?

– Хэрэг шалгалтын шатандаа явж байна. Өргөн хүрээг хамарсан хэрэг тул хугацаа их шаардагдаж байна. Хэн нэг албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүсийн шахалт, шаардлагаар аливаа хэрэг, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэж байхгүй. Бид шаардлагатай баримт, бичгүүдийг цуглуулж, шалгалт хийдэг. Хүний гэм буруутай, буруугүй гэдэг асуудал яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд яллах, эсвэл цагаатгах нотлох баримтыг прокурорын хяналт дор цуглуулдаг. Энэ чиг үүргээ биелүүлж, хуульд заасан ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

– АСЕМ-ын зохион байгуулалттай холбоотой 17 албан тушаалтныг АТГ-т шалгаж байна гэсэн мэдээлэл байгаа ч нэр нь тодорхойгүй байна. Тэдгээр хүмүүсийн нэрийг зарлах боломжтой юу?

Шинээр мөрдөгдөж буй хуульд “Хэрэг мөрдөлтийн шатанд байгаа тохиолдолд ААН, байгууллага, хүний нэрийг гэм буруутай нь тогтоогдохоос наана дурдаж болохгүй” гэж заасан.Харин шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдвол бид эдгээр хүмүүсийн нэрийг зарлах болно. АСЕМ-тай холбоотой асуудалд хэрэг нээн, мөрдөн шалгасан. Мөн төсөл, хөтөлбөртэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн шалгасаар байна.

– УБТЗ-ын даргаД.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлт гаргасан гэсэн. Энэ үнэн үү?

– Шинэ хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлдэг болсон. Прокурор үзээд мөрдөн байцаах явцад цугларсан нотлох баримтаас яллагчаар татах нотлох баримт цугларсан гэж үзвэл тогтоол үйлддэг. Тогтоолыг хүлээн авснаар тухайн хүндээ танилцуулж, байцаалтын үйл явц үргэлжилдэг. Прокурорт хүргүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтаар яллагчаар татах хүсэлтийг хүргүүлсэн. Зарим тодорхой зүйлийг нэмж хийх шаардлагатай гэж үзэн буцаасан.Тиймээс нотлох баримтуудыг дахин шалгаж, прокурорт хянуулж байна.

– Нийслэлийн архивын газрын даргыг яагаад шалгахгүй байна вэ?

– Нийслэлийн архивын газрын даргааражиллаж буй албан тушаалтантай холбоотой гомдлыг хүлээж авч шалгасан. Шалгалтын ажиллагаагаар энэ хүний буруутай нь тогтоогдоогүй тул хэргийг хаах хүсэлт прокурорын газарт шилжүүлсэн.

– Албан тушаалтан авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдлыг хүлээж авч шалгаснаас хойш ямар хугацаанд шийдвэрлэдэг вэ? Тодорхой хуулийн хугацаа заасан байдаг уу?

– 2017 оны VII сарын 01-ээс хойш мөрдөж байгаа хуулиар иргэдээс ирсэн гомдлыг хууль хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүрэгтэй албан хаагчид тав хоногийн дотор хүлээж авч, урьд өдөр нь шийдвэр гаргана гэж заасан. Манайд ирж буй мэдээлэл өргөн цар хүрээтэй, шалгуулах асуудал ихтэй байдаг. Аймаг, орон нутгаас гомдол их ирдэг боловч тухайн орон нутагт АТГ-ын албан тушаалтан, төлөөлөгчид байдаггүй. Иймээс тав хоногт шалгах бололцоо тун бага байдаг.

– 60 тэрбумын хэрэг юу болсон бэ?

Бичлэгийн тоног төхөөрөмжийн эх хувь олдоогүйгээс гадна тус бичлэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа. Шинжээчид интернетэд тавигдсан 60 тэрбумтай холбоотой бичлэг нь дуу авианы бичлэгийг дуу, дүрс болгон эвлүүлсэн гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн бичлэгийн эх хувь олдоогүй. Эдгээр дүгнэлтэд үндэслэн Прокурорын байгууллага дүгнэлтээ гаргасан байдаг.

– Г.Баянмөнх аваргаас ирсэн бөхчүүдийн допингийн асуудал яаж шийдэгдсэн бэ?

– “Допингийн эсрэг үндэсний төв”-ийхнийг авилгал авсан хэмээн гомдол ирүүлсэн. Гомдлын хүрээнд тус хэргийг шалгаж байна.

Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *