Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд хэрэгжиж буй 2018 оны хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний хагас жилийн хэрэгжилтийн дүн болон худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ.
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийслэл хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр 392.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1169 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс, нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 99 захирамжаар 346.7 тэрбум төгрөгийн 558 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 172 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаагүй бөгөөд нийслэлийн хэмжээнд 71 хувийн хэрэгжилттэй байгаа юм. Худалдан авах ажиллагаа, зарим ажлын явц удаашралтай байгаа шалтгааныг дүүргийн Засаг дарга нар танилцуулсан. Энэ ажилтай холбоотойгоор улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гэрээний хэрэгжилтийн хяналтыг эрчимжүүлж ажиллахыг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллахыг харьяа хэлтэс албадын дарга нарт тус тус үүрэг болголоо. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг хугацаанд эхлүүлэхийг тодотголоо.
Мөн хурлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн төсвийн сахилга, хариуцлага чангатгах, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн удирдлагуудаас дүүргүүдийг хариуцан ажиллах хуваарийг баталлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.