-МАНСУУРУУЛАХ БОДИС ТАРЬЖ ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮСИЙН 50 ХУВЬ НЬ ЭЛЭГНИЙ C ВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН БАЙДАГ ГЭСЭН СУДАЛГАА БИЙ-
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Сүүлийн үед мансууруулах бодист донтох тохиолдол ихэссээр байгаа гэсэн мэдээлэл хэр ортой вэ. Мансууруулах бодисын хүний биед үзүүлдэг сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгөөч?
-Мансууруулах бодис хүний бүхий л эрхтэн тогтолцоог гэмтээж, хоромхон зуур хэрэглэхэд нь аюултай байдалд аваачдаг. Мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэвэл элэгний архаг үрэвсэл, сүрьеэтэй болно. Зам тээврийн осолд өртөх, осол үйлдэх, тун хэтрүүлснээс болж амиа алдах хүртэл эрсдэлтэй. Мөн мансуурсан үедээ амиа хорлох оролдлого хийх, хүчирхийлэлд өртөх зэрэг маш олон асуудал үүсч эхэлнэ. Цагдаагийн байгууллагын тоон мэдээ, манай төв дээр сэтгэцийн шинжилгээ хийлгэдэг байдлаас үзэхэд мансууруулах бодистой холбогдож, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо өссөн байна лээ. Өсвөр үе, залуучуудын дунд хэрэглээ нь ихэссэн. Тэдэнд анхаарсан үйлчилгээ үзүүлдэг тусгай комисс ажилладаг. Энэ талаар үндэсний хэмжээнд хийгдсэн бодитой статистик судалгаа одоохондоо алга. Мансууруулах бодистой холбоотой бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, хил гаалиар гаргах, хэрэглэх тээвэрлэх, зарж борлуулах зэрэг нь нөхцөл нь нэмэгдсэн.
-Мансууруулах төрлийн бодис төв мэдрэлийн системд илүү хор уршигтай гэл үү?
-Төв мэдрэлийн систем буюу уураг тархийг гэмтээдэг. Ер нь мансуурна гэдэг нь хүн хордлогод орж байна гэсэн үг. Үүнээс гадна тархины эсүүдийг тодорхой хэмжээнд мөхөөж, гэмтээдэг.
Тархины онцлог гэж байна. Хүний идэж уусан, гаднаас орж буй зүйлүүд цусанд шимэгдэж, хүний биеийн бүхий л эд эрхтэнд очдог. Тархинд аюул учруулах уу, үгүй юу гэдгийг хянадаг шүлтүүр гэж байдаг. Тархинд аюул учруулахаар гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалах зохицолдолгоотой. Өөрөөр хэлбэл хориг гэсэн үг. Мансууруулах бодис хоригоос зөвшөөрөл авахгүйгээр шууд тархинд нөлөөлдөг. Байгалиас хүнд заяасан хамгаалах тогтолцоонд захирагддаггүй. Тэгэхээр хар тамхийг хүний уураг тархинд очоод шууд гэмтээх нөлөө үзүүлдэг гэж ойлгож болно. Тухайн хүний нас, хэдий хугацаанд хэрэглэсэн, ямар төрлийн бодис хэрэглэсэн гэдгээс хамаарч, үйлчлэл нь янз бүр байдаг. Хүний бодол санаа, сэтгэл хөдлөл, мэдрэхүй, биеэ авч яваа байдал зэрэг бүхий л зүйлст сөрөг нөлөөтэй.
-Мансууруулах бодист донтох үзэгдэл голчлон хэдэн насныханд ажиглагдаж байна?
-Мансууруулах бодист донтох эмгэгтэй хүнийг тусгай оношлогооны шалгуураар оношилно. Мансууруулах бодисыг их хэрэглэдэг үү гэдгийг мэргэжлийн эмч үзэж, мэргэжлийн баг ажиллаж байж, тогтооно. ДЭМБ-аас гаргасан олон улсын өвчний аравдугаар ангилал гэдгээр донтсон эсэхийг оношилж болно. Мөн Америкийн сэтгэцийн эмч нарын холбооноос гаргасан DSN-5 гэдгээр оношилдог. Оношлогоог зайлшгүй мэргэжлийн эмч хийдэг. Сорилт тестүүд ч авдаг. Хэрэглэсэн байгаа эсэхийг үнэлэхийн тулд цус, шээснээс шинжилгээ авна. Мансууруулах бодисын хамааралд орчихсон гэдгийг мэдэх маш энгийн. Тухайн бодисыг хэрэглэхгүй байхаар зовиур илэрдэг. Архи уусны маргааш шарталтын шинж тэмдэг илэрдэг дээ. Шарталтаа тайлах гэж хоёр гурван хоног дараалж, архи уувал донтох тал руугаа орж байна гэсэн үг. Мансууруулах бодисыг хэрэглэхгүй бол ижил хэмжээний мэдрэмж авахын тулд хэмжээгээ нэмэгдүүлэх нь донтолтын нэг хэлбэр. Мөн хэрэглээндээ тавих хяналт нь суларч эхэлдэг. Чичрэх, салганах, хөлс гарах, айдас түгшүүртэй байх, уурлах, бухимдах зэрэг олон шинж бий. Тэдгээр илэрч буй шинжүүд тухайн бодисоо хэрэглэхээр алга болдог. Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 16-35 насныхан холбогддог. Олон төрлийн бодис бий. Хар тамхи, тамхи, цавуу, газ, мөн хүмүүсийг тайвшруулж, унтуулдаг, сэргээдэг бодисууд ч байна. Өвдөлт намдаана. Хамгийн наад зах нь арван дэд бүлэгт хуваагдана. Энэ дотроо задарна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг жагсаалтад бодис төрлийн байнгын өөрчлөгдсөн байдаг.
-Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд архины хамааралд орсон хүмүүс их ирдэг үү?
-Сүүлийн үед архины хэрэглээ буурахгүй байгаа. Манай Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн клиник 30 ортой. Тэнд хүмүүс байнгын тасралтгүй хэвтэн эмчлүүлдэг. Зарим тохиолдолд оочер ихтэй тул хүлээх ч үе байна. Архины хамааралтай, асуудалд орчихсон хүмүүс манай төвд хандагсдын 98 хувийг эзэлж байна. Мансууруулах бодисын хамааралтай хүмүүс ирж байгаа. Гэхдээ олноор биш. Энэ бодисын хамааралд орчихлоо гэх нь харьцангуй бага. Учир нь мансууруулах бодисыг нууц далд хэлбэрээр хэрэглэдэг. Хуулийн асуудал яригддаг шүү дээ. Манай төв албадан эмчилгээ биш, сайн дурын үндсэн дээр хэн нэгэн өөрөө эсвэл гэр бүлийнх нь хүн авчирдаг. Насны хувьд бүх насныхан байна. 20-60 насныхан гэж ойлгож болно.
-Архины хамааралд орсон эмэгтэйчүүд танайд ханддаг уу?
-Манай улс эмэгтэйчүүдийн саатуулах байртай. Тэрхүү байгууллагатай манайх хамтарч ажилладаг. Эмэгтэйчүүд архи согтууруулах ундаа хэрэглээд хэн нэгэнтэй маргасан, зөрчил гаргасан, зодолдсон, хулгай хийсэн байдаг. Үүнийг дагаж архи согтууруулах ундааны хэрэглээ нь ч нэмэгдсэн байна лээ. Архийг хоног дараалж ууна гэдэг өөрөө аюултай. Гурав, түүнээс дээш хоног хэрэглэж байгаа бол эргэлзэхгүйгээр эмчид үзүүлж, эмчлүүлэх ёстой. Тухайн хүн өөрөө өөрийнхөө хэрэглээнд хяналт тавьж, анхаарч эхлэх хэрэгтэй. Тэр хэвээрээ байвал архинд донтох эмгэг рүү ойртож, орж байна гэсэн үг. Хэрвээ өөрөө эргэлзэж байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэж байж оношоо тодорхойлно. Архинд донтчихсон хамааралд орсон хүн зан төрхийн хувьд эрс өөрчлөгдсөн байдаг. Даруухан, үг дуу цөөтэй, нийтэч байсан хүн уурлаж бухимдах, бусадтай таарч тохирохгүй, түрэмгий зантай болчихдог. Төрөлх зан нь өөрчлөгддөг. Зорилго, зорилтоо умартах, гэр бүлийнхнийхээ өмнө хүлээх хариуцлагаа умартах, гүйцэтгэх үүргээ мартах, хүүхдэдээ цаг гаргахгүй байх гэх мэтээр хэвийн биш болж ирдэг. Хүний амьдралын хэвийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Тухайн хүнээс гадна хамт ажилладаг хүн, аав ээж, ах дүүс нь хүртэл зовж, хүнд байдалд ордог.
-Бага насны хүүхэд зурагт үзэж, андройд утсаар тоглох тохиолдол их байна. Эцэг эх нь тухайн хүүхдийг болиулж, утсаа авах гэхэд нь уурлаж, хашхирдаг. Энэ нь утсанд донтох, хамааралд орох хэлбэр мөн үү?
-Бага насны хүүхдэд утас, таблет өгөх шаардлагагүй. Учир нь тухайн хүүхэд утасны хор уршиг, ямар түвшинд хэрхэн хэрэглэх ёстой вэ гэдгийг ч мэдэхгүй. Удаан хугацаагаар тогловол ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэгт цогц нэгдсэн ойлголт байдаггүй. Иймээс 14, 15 нас хүртэлх хүүхдэд ухаалаг утас бариулах, өгөх хэрэггүй. Хэрэв тоглуулаад байвал тоглох гээд байдаг л хүүхэд болно. Дуртай болж, дахин тоглохгүйгээр байж чадахаа болино гэх зэрэг сөрөг талтай. Хичээл номоо хийхээ болино. Яваандаа утсыг нь авахаар уурлана, уйлна. Энэ нь тухайн хүүхэд утасны хамааралтай, хараат болж байна гэсэн үг. Иймээс багаас нь анхаарах хэрэгтэй. Анзаарахгүй явж байгаад асуудал хүндэрсний дараа анзаарахад оройтчихсон байдаг. Аливаа зүйлд донтож, хамааралд орсон үед нь эмчлэхэд хэцүү. Буруу зүйлс, хэвшлийг нь засахад их хугацаа орж, хүч хөдөлмөр зарцуулна. Гэтэл хамааралд ороогүй хүүхэд татаж авахад их амар. Хамааралд орсны дараа анхаарна гэдэг хэцүү асуудал. Донтох эмгэгээс урьдчилан сэргийлэхийн төлөө хүн бүр ухаалаг байж, ёс зүйтэй, аливаа зүйлийн хэрэглээндээ хяналт тавих нь чухал. Сүүлийн үед хүмүүс харьцангуй мэддэг болсон байна лээ. Нийт хүмүүсийн ойлголт сайжирсан. Өмнөх шигээ юу ч бодохгүйгээр хүүхдээ хараа хяналтгүй орхих нь багассан юм билээ.
-Кока коланд донтуулах бодис бий юу. Бага насны хүүхдүүд кола уухгүй бол уурлаж, аав ээжээсээ нэхдэг болсон гэх мэдээлэл саяхан сошиалаар цацагдсан. Ийм асуудлаар танайд хандсан тохиолдол байгаа болов уу?
-Тийм тохиолдол гараагүй. Хүмүүсийн дунд коланд татагдах, донтуулах бодис байдаг байх гэсэн яриа гардаг. Ерөнхийдөө кола уухад ямар эрсдэлтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Газтай ундаа нь цусны сахарын хэмжээг нэмэгдүүлдэг, ясны сийрэгжилттэй болгодог. Амьдралын зөв хэв маягтай байвал асуудлаас гарч болно.
Мансууруулах бодисоос ангид байхыг насан туршдаа баримтлах хэрэгтэй. Сонгож болохгүй сонголт гэж байдаг шиг хязгаар, хяналт тавих хэрэгтэй. Эрүүл саруул ухаанаар бодоод аливаа зүйлийг бодож байж шийдвэр гаргах нь чухал. Өнгөцхөн, буруу ойлголттой байвал хэнэггүй зангаасаа болоод асуудалд орчихдог. Дараа нь хүн их зүйлийг золиослох хэрэгтэй болдог. Асуудлаа шийдэж чадахгүй байвал мэргэжлийн байгууллагад хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Мансууруулах бодисоос иргэн бүр ангид амьдрах боломж байгаа нь сайн мэдээ шүү. Дэлхий нийт, бүхий л улс орон тэмцээд явж байгаа. Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдчихсэн улс орон гэж байхгүй. Гэхдээ сайн менежмэнтээр зохион байгуулаад, урьдчилан сэргийлж, эмчилгээний сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан улс байна. Мансууруулах бодисын хэрэглээг бууруулж чадсан сайн туршлагууд ч бий.
-Мансууруулах бодисын хэрэглээ ямар байгаа талаар дэлхийн хэмжээний судалгаа гэж байна уу?
-Тодорхой жилийн давтамжтайгаар дэлхийн мансууруулах бодисын тайланг гаргадаг. 2012 оны байдлаар 162-324 сая хүн мансууруулах бодисыг хамгийн багадаа нэг удаа хэрэглэсэн гэсэн судалгаа бий. Иймээс мансууруулах бодисын хэрэглээ дэлхий дахины томоохон тулгамдсан асуудал болоод байгаа. Нийт 16-39 сая асуудалтай хэрэглэгч байна гэж үзсэн. Энэ нь мансууруулах бодисын хамааралд орсон хүний тоо юм. Хэрэглээтэй холбоотой олон асуудал гарч ирдэг. Тухайлбал, мансууруулах бодисыг тарьж хэрэглэдэг хүний тоо 2012 оноос хойш 8.9-22.4 сая болсон. Эдгээрийн 13.1 хувь нь ДОХ-ын шинжилгээгүй гэж гарсан. Ойролцоогоор 50 хувь нь элэгний C вирусийн халдвар авсан байдаг гэсэн статистик бий.