Categories
мэдээ нийгэм

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.08/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Ундармаа, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж болон холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцлоо. Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал сэдвээр илтгэл тавьсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгааг онцолсон бол эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны талаар илтгэсэн анагаах ухааны доктор Э.Одхүү монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна гээд, түүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдарт өвчин ихээхэн нөлөөлж байна гэлээ. Илтгэгчдийн мэдээллээс үзэхэд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 байгаа бол эрэгтэйчүүдийнх 65.5 байгаа нь дэлхийн дундажаас 2.5 дахин их зөрүүтэй байгаа аж. Монгол Улсад жилд дундажаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд шалтгаанаар нь ангилбал 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлсэн байна. Түүнчлэн 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа гарчээ.
Ийнхүү өрх гэрийн ноён нуруу, улс орны сүр хүч болсон эрчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг тал талаас нь ярилцаж, цаашид жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлттэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *