Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинбат: Гадны театрт ажиллаж байгаад эх орондоо сэтгэлийн дуудлагаар ирсэн

УДБЭТ-ын Уран сайхны удирдагч Б.Түвшинбаттай ярилцлаа.


-Дэлхийн бүжгийн өдрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. УДБЭТ-ын уран бүтээлчид сонирхолтой хөтөлбөр гаргаж үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан гэж байгаа. Ямар арга хэмжээ болж өнгөрөв?

-ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. “Дэлхийн орчин үеийн балетын эцэг” хэмээн нэрлэдэг Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новер 1727 оны дөрөвдүгээр сарын 29-нд мэндэлсэн. Энэ хүн бүжгийн онолыг шинжлэх ухааны хэмжээнд боловсруулсан хүн юм. Өөрөөр хэлбэл, бүжгийн урлагийг мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжих хэлбэрт нь оруулсан гэсэн үг. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан бид дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ф.Шопены ”Щопениана” Л.Минкусын “Пахита” балетыг Монголд тавьсаны 25 жилийн ойн тоглолтыг зохион байгууллаа. Харин дөрөвдүгээр сарын 29-ны өдөр “Балетын үдэш” гала тоглолт хийлээ. Эдгээр арга хэмжээнд Монголын бүжгийн урлагт хүчин зүтгэж яваа бүх байгууллагын мэргэжил нэгт нөхдөө урьж оролцуулсан. Энэ тоглолтоороо “Аутизмтай хүүхдүүдийн төлөө хамтдаа” уриаг зорилгоо болгон аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдэд урам зориг өгөх, энэ эмгэгийн талаар уран бүтээлээрээ дамжуулан таниулж мэдээлэл өгөх сайн үйлсэд нэгдэн ажилласан. Мөн “Хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад багаас нь урлагийн боловсрол олгоход хамтран ажиллаж байна.

-Энэ зуны хөтөлбөрөөр театрт ямар сонин содон бүтээлүүд тавигдах вэ. Тухайлбал, Улаанбаатар хотноо бүжгэн жүжгийн томоохон тоглолт, уралдааныг зохион байгуулах гэж байгаа гэв үү?

-Дуурийн театрын хөтөлбөр жилийн хугацаагаар төлөвлөгөөтэй гарчихдаг. Яг ямар бүтээл тоглогдох нь үзэгчиддээ сюрприз байлгах үүднээс дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байдаг. Тавдугаар сарын 28-30-ны өдрүүдэд үндэсний балетын хоёрдугаар уралдаан болно. Үүний дараа тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 2-ны хооронд балетын олон улсын анхны тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. Эдгээр уралдааныг театрын зүгээс бодлогоор дэмжиж байгаа. Уралдааны үеэр тоглох байсан “Дон Жуан” дуурийг хааж, зарим төлөвлөсөн ажлаа цуцалсан. Манай театрын залуу бүжигчид уралдаанд оролцохоор бэлтгэлээ илүү сайн хийж байна. Мөн зургадугаар сарын сүүлчээр “Богема”, “Чио чиа сан” дуурийг гадны удирдаач удирдаж тоглоно. “Тэнгэрийн ташуур” үндэсний балет бас тоглогдоно. Жил болгон задгай талбайд болдог сонгодог урлагийн хөтөлбөрийг энэ жил үргэлжлүүлнэ гэж төлөвлөсөн байна. Түүний дараа Италийн урлагийнхантай маш сонирхолтой нэгэн сюрпризийг үзэгчдэдээ барихаар төлөвлөж байна.

-Таныг гадны нэр хүндтэй тайзан дээр чамгүй олон жил бүжиглэсэн, Монголынхоо нэрийг гаргаж явсан гэдгээр нь урлагийнхан андахгүй мэднэ. Та Монголдоо хэзээ ирэв?

-Миний хувьд 1985 онд Дуурийн театрт Соёлын яамны тушаалаар анх балетчин болж байлаа. Өдгөө 30 гаруй жил урлагаараа тууштай явж байна. Би Япон, Унгар, Герман, АНУ зэрэг улс орнуудад мэргэжлээрээ ажиллаж гадны улс орны тайзан дээр бүжиглэхдээ ихэвчлэн гоцлол бүжигчнээр ажиллалаа. Тухайлбал, сүүлийн 15 гаруй жил хугацаанд Нью-Иоркийн “Нью Жерси” театрт бүжигчин, багш, гадаад харилцааны менежерээр ажиллалаа. Гадны театр хэрхэн хөгжиж буйг судалж эх орондоо ирэхдээ би өөрийгөө чамгүй бэлдэж ирсэн болов уу. Ингээд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Дуурийн театртаа уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Эх орондоо зорьж ирсний тухайд бол 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад байгаа монголчуудаа эх орондоо ирэхийг уриалж байсан. Төрөөс бодлогоор дэмжье, эх орондоо ирж ажиллана уу гэсэн уриалгыг сонсоод Монголдоо ирье гэж сэтгэл шулуудаж, өөрийн мэдлэг чадвараа театртаа зориулъя гэж бодсон.

-Дуурийн театр ямар чиг хандлагаар хөгжих нь зүйтэй харагдаж байна вэ?

-Манай ДБЭТ дэлхийн жишгээр академик талаасаа илүү их хөгжих ёстой. Монголдоо нэгдүгээр зэргийн алтан тайз гэж нэрлэгдэж, үнэлэгддэг. Тийм болохоор хэн дуртай нь хүссэн дуурь болгоноо тавих биш сонгодог болон үндэсний сонгодог бүжгэн жүжиг, дуурийг тавих ёстой. Ийм ч цензурээр явж ирсэн. Энэ театр бол Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Залуу үеийг балет, тайзны урлагт сонирхолтой болгох, татах үүргийг бас хүлээдэг. Мэргэжил, чанар чансааны хувьд манайхан үнэхээр мундаг чадвартай. Монголын ард түмэн өөрсдөө ч тэр чигээрээ авьяастай. Бид аугаа түүхтэй ард түмэн. Манай ахмад үе сонгодог урлагийг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан. Үндэснийхээ балет, дуурийг сонгодог хэлбэрт нэгэнт оруулсан учраас зөвхөн гадны дуурийг үнэлж шохоорхох биш Монголынхоо сайн сайн хүлээн зөвшөөрөгдсөн дуурийг сэргээж тавих нь зүйтэй юм. Тухайлбал, “Шарай голын гурван хаан”, “Жаргалын зам” гэх мэт агуу сайхан дууриуд байна. Саяхан Д.Лувсаншарав гуайн “Шивээ хиагт” дуурийг хэсэгчилж тавьсан. Монголын түүхийг харуулсан, маш сайхан уянгалаг дуутай дуурь юм.

-Таны гэр бүл урлагийн хүмүүс байв уу?

-Манай ээж н.Доржпалам Д.Мажигсүрэн гуайн үед уран нугараач байсан, урлагийн хүн байдаг. Аав маань мэс заслын их эмч Болд гэж олноо хүндлэгдсэн сайхан хүн бий.

Б.ОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *