Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэцэцэг: Улс төрөөс боловсрол ангид байвал чичиргээ нь багасна

МУБИС-аас жил бүр уламжлал болгон зохиодог олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ жил “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 4-5-ний өдрүүдэд Blue Sky зочид буудалд болж байна. Энэ үеэр хуралд илтгэгчээр оролцож байгаа МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн тэнхимийн сургалтын багш С.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг төгсөгчдийн боловсролын чанар өнөөгийн түвшинд ямар байгаа вэ?

-МУБИС Монгол оронд багш бэлтгэх ажлыг олон жилийн турш дангаар хариуцан ирсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бидэнтэй хамтрагч байгууллагууд олширсон. 97 их дээд сургуулийн 42 нь багш бэлтгэж байна. Тийм учраас Монгол Улсын багш бэлтгэх өнөөгийн байдал дээр дангаараа хариулт өгч болохгүй гэж үзэж байна.

МУБИС-ийн багш бэлтгэж байгаа түвшинд юу хийж байна вэ гэдэг тал дээр хариулт өгье. Манай сургууль багш боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх ажилд анхаарлаа хандуулж ажилладаг. Тийм учраас багш бэлтгэх бакалаврын түвшний хөтөлбөрөө сайжруулах ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. Хамгийн сүүлийн том шинэчлэл 2004 оноос хойш хийгдсэн. 2008 онд иж бүрэн шинэчлэл хийсэн. Хөтөлбөр шинэчилнэ гэсэн асуудал тасралтгүй явагдаж байдаг учраас одоо хөтөлбөрийн дотроо үнэлгээний шинэчлэлээ яаж хийх үү гэдэг асуудал яригдаж байна. Яагаад энэ олон шинэчлэлүүдийг гэнэт яриад байна вэ гэвэл нийгмээс боловсон хүчиндээ тавигдаж байгаа шаардлага нь байнга өөрчлөгддөг. Тэр шаардлагад нийцүүлээд мэргэжилтнээ бэлтгэнэ гэдэг тасралтгүй шинэчлэгдэнэ гэсэн үг. Төгсөөд гарч байгаа багш нарын хувьд янз бүрийн санаануудыг хэлдэг. Нэгдүгээрт ажлын байрны хангалт, хоёрдугаарт нийгмийн өөрчлөлт, гуравдугаарт багшилж байгаа хүмүүсийн ажлын байрны чанарын тухай асуудал ярина. Манай сургуулийн бага боловсролын сургуулийг төгсөж байгаа багш нар төгсөөд хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас 100 хувь ажлын байртай болдог. Энэ юутай холбоотой вэ гэвэл нийгэмд гарч байгаа ажлын байрны урсгалтай холбоотой. Манай багш нар гадаад руу их шилжиж байгаа. Энэ нь ажлын байрны урсгалыг ихээр нэмэгдүүлж байна. Сүүлийн үед хүн амын өсөлт, төрөлт нэмэгдсэн. Энэ хэрэгцээ шаардлага нь багшийн тоог нэмэгдүүлэхийг аяндаа шаарддаг. Гэтэл зарим мэргэжлийн багшийн ажил жилд маш цөөхөн гарч байдаг. Жишээлбэл Монгол хэлний мэргэжлийн багш. Энэ чиглэлийн багш нар тогтвортой ажиллах боломжтой байх гэх мэтээр төгсөгчийн ажлын байртай болох боломжид нөлөөлдөг нэгдүгээр хүчин зүйл. Хоёрдугаарт хөтөлбөрийн чанар төгсөгчдийн боловсролын чанарт нөлөөдөг. Хөтөлбөрийн чанар гэдгийн цаана бид МУБИС-аас үзүүлж байгаа боловсролын үйлчилгээний чанарыг авч үздэг. Зах зээлийн аль ч орны боловсролын үйлчилгээг харахад хөтөлбөр сонгож мэргэжлээ сонгодог. Тийм учраас манай сургуулийн хөтөлбөр чанартай болж байгаагийн хэрээр элсэгчийн тоо өсөх хандлагатай болсон. Төрөөс барьж байгаа бодлого нь багшаар сурч байгаа суралцагчдад тэтгэлэг олгодог болж. 650-аас дээш оноотой, 700-аас дээш оноотой гээд түвшинчилээд тэтгэлэг өгч байгаа нь багшийн чиглэлээр сурч байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа. Үүнийг дагаад багш нар маш их өөрчлөгдөж байна. Элсэгч маань ЭЕШ-ын оноо өндөртэй орж ирж байгаа нь хичээлийн чанар, багшид өөрчлөлт гарч байгаа. Тийм учраас МУБИС эрчимтэй хөгжлийнхөө үе шатан дээр явж байгаа гэж боддог.

-Ерөнхий Боловсролын Сургуулийг төгсөж байгаа сурагчдын чанар хэр байгаа вэ?

-Нийгмээрээ ЕБС-ийн сургалтын чанар муу, их сургууль муу гэж ярьдаг. Би 30 гаруй жил боловсролын салбарт ажиллахдаа юуг анхаарах ёстой вэ гэдгийг харсан.

Хүүхдүүдийн чанар муу байна гэж байгаа бол бэлтгэж байгаа багш муу байна гэсэн үг. Энэ бол тогтолцооны асуудал, үүний нэг элемент. Тогтолцооны нэг элемент нь сайн байгаад тогтолцоо нь муу байна гэж үзэх боломжгүй. Энэ юутай холбоотой вэ гэвэл ЕБС-ийн суудлын тоо хүнийхээ тоонд хүрдэггүй. Нэг ангид байгаа суралцагчдын тоо хэтэрсэн. Нэг багшийн ажлын ачаалал маш их нэмэгдсэн. Багшийн өөрийгөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, боловсролын чанараа дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх цагууд нь хумигдсан. Дээр нь багшийн цалин нэмэгдэхгүй байгаа. ЕБС-ийн багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжийг дэмжиж байгаа боловч бие дааж хөгжих боломж нь ачааллын хувьд зөрүүтэй байгаа байдал нь чанарт нөлөөлж байгаа. Нийгэм өөрчлөгдсөнтэй холбоотой хүнд тавигдаж байгаа шаардлага нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэгээр хязгаарлагдахаа больсон. Нийгэмшэхүйн тодорхой чадваруудыг нэхдэг болж. Ийм цаг үе болсон учраас тэр тал нь орхигдоод байгаа юм болов уу. Тэгэхээр хүмүүс тэр хүнийг чанаргүй гэж бусад нь ойлгоод байдаг байж магадгүй гэж боддог. Тийм учраас манайд ирж байгаа хүүхдийг чанартай чанаргүй гэдэг ойлголтыг аль өнцгөөс хараад, хэн тайлбарлаад байна гэхээс бас их холбоо байна.

-Боловсролын үнэлгээг орчин үеийн стандартад нийцүүлэн яаж гаргадаг болсон бэ?

-Боловсрол өөрөө даяарших явцын нэг гол хүчин зүйл. Монголчууд бид Монгол Улсын хөгжлийг тодорхойлохдоо дэлхийн боловсролын түвшингээр хаана явж байна гэдгээр л тодорхойлно. Тэгэхээр төрийн зүгээс та нар дэлхийн боловсролын түвшинд хүрсэн байх ёстой гэж хэлээд, бодлого гаргаж, хууль тогтоочихоод энэ ажил боллоо гэж бодвол түүн шиг худлаа зүйл байхгүй. Бид дэлхийн боловсролын стандартад хүрье гэж бодож байгаа бол тэр түвшний орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Стандартад нийцсэн ямар номын сантай байх ёстой юм, ямар ажлын үнэлэмжтэй байх ёстой юм, нэг багшид хэдэн хүүхэд ногдох ёстой юм, нэг сургуульд сурч байгаа суралцагчийн тоог яаж бууруулах гэх мэт ийм чиглэлүүдийг анхаарах ёстой. Сүүлийн үед сургууль цэцэрлэг нэмж барина гэж их ярих болсон. Тэгэхээр энэ байдал 4-5 жилийн дараа сайжрах байх гэж найдаж байна.

-Хөтөлбөрийг яаж өөрчилбөл сургалтын чанар сайжрах вэ?

-Өнөөдөр хүмүүс сургалтын хөтөлбөр хурдан өөрчлөгдөөд байна, үр дүн гарахгүй байна гээд байдаг. Багш нар ч хурдан өөрчлөгдөөд байна гээд байдаг.Ер нь яг хөтөлбөр судалдаг, боловсрол судалдаг хүмүүсийн өнцгөөс харах юм бол хуучнаараа амьдрах боломжгүй хурдан өөрчлөгдөж байгаа учраас түүнийг дагаад бид бас хурдаа нэмэхээс өөр аргагүй. Хөтөлбөрийг хөгжүүлье гэдэг үйл явц маань нэг хөтөлбөр гаргаад хүлээгээд л байж байгаад арван жил болчихдог зүйл биш. Энэ бол тасралтгүй сайжирч байдаг, өргөтгөгдөж байдаг, гүнзгийрч байдаг үйл явц. Цэцэг услах тусам ургаж, хүн хооллох унтах тусам өсөж байдагтай адил тасралтгүй хөгжиж байдаг ийм үйл явцыг ямар нэгэн чанарт нөлөөлж байгаа буруу үзэгдэл мэт ойлгодог. Ингэж харах нь олон нийтийн дунд их байгаа нь харамсал төрүүлдэг. Тиймээс бид тасралтгүй сайжирч хөтөлбөрөө шинэчилж байж тэр хүнд тохирдог гэдгийг ойлгох ёстой. Яагаад гэвэл өнөөдөр бидний урд сууж байгаа хүүхэд тасралтгүй хөгжиж байгаа. Өчигдөр найман настай байсан маргааш есөн настай болно гэж бодохын аргагүй. Танин мэдэхүйн нь байнга өөрчлөгдөж байдаг тул бид энэ зүйлүүдийг анхаарч хөтөлбөрөө байнга шинэчлэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин бид энэ шинэчлэлд өөрсдөө бэлэн байх шаардлагатай. Нийгэм хурдан дасан зохицож, өөрчлөлтийг хүлээн авдаг байх, үүнийг хүлээж аваад дэмждэг уур амьсгал бас хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд жил бүр сурах бичиг солигддог боллоо гэсэн шүүмж их байх болж. Энэ нь хөтөлбөрөө дагаад шинэчлэгдэж байх ёстой юу?

-Сурах бичиг гэдгийг бид цаасан дээр бичсэн үг үсэг төдий гэж ойлгох нь харамсалтай. Харин сурах бичгийг найдвартай тогтвортой нэлээд удаан ашиглагдахаар хийх ёстой. Боловсруулах үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлагатай. Жил бүр сурах бичиг нь өөрчлөгддөг биш, сурах бичиг нь байж байдаг түүнийгээ өөрийнхөө нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг арга зүй хэрэгтэй. Яагаад гэвэл манайх ядуу орон. Гэтэл жил болгон сурах бичгүүдийг дахин дахин шинэчлэхийн оронд чанартай сурах бичгээ боловсруулаад түүнийгээ хэрэгцээндээ тохируулан хэрэглэх соёлыг нэвтрүүлмээр байгаа юм. Энэ дахин дахин хэвлэснээс илүү үр дүнтэй гэж би ойлгодог.

-Байн байн сурах бичгийг шинэчлэх нь юутай холбоотой вэ?

-Нэгдүгээрт өмнөх сурах бичгээ хэрэглэх боломж нь хязгаарлагддаг байх. Хоёрдугаарт боловсролд улс төр их хутгалддаг болж. Тийм учраас гарч ирж байгаа Засгийн газар болгон бодлогоо хэрэгжүүлнэ гэх нэрээр боловсролыг дэмжихээс илүү хөдөлгөөнд оруулах байдал их болж. Улстөрөөс ангид байвал боловсролд чичиргээ багасна. Энэ чичиргээ багасахын хэрээр урт хугацааны сурах бичгүүд, арга хэмжээнүүд бий болно гэж харж байна хэмээн ярив.

МУБИС-ийн зүгээс уг хуралд өндөр ач холбогдол өгч байгаа. Хурлаас гарсан судалгааны дүнд тулгуурлан сургалтын үйл ажиллагаа сайжруулах, гадаадын их дээд сургуультай судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавьжээ.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *