Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн албан хаагч-Хүний эрхийг хангах нь” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлалаа

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний коPOLмиссын хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Цагдаагийн алба хаагч-хүний эрхийг хангах нь” нийтлэлийн уралдаан зарлалаа.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Зохион байгуулагч: Хүний эрхийн Үндэсний комиссын Бодлогын дүн, шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтэс, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв

Хамрах хүрээ: Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид

Нийтлэлийн агуулга: Манай Улс дахь Хүний эрхийн эрх зүйн хөгжил болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хамгаалах, хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход тулгамдсан асуудлыг хөндсөн, судалгаанд суурилсан, бусад алба хаагч, ажилтанд нөлөөлөхүйц, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байна.

Нийтлэлд тавигдах шаардлага:

  1. Хүний эрхийн онол, практикийн асуудлыг дэвшүүлсэн байх;
  2. Дэвшүүлж буй асуудал нь нотлохуйц, тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
  3. Хүнийн эрхийн үндсэн зарчим, цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;
  4. Хүнийн эрхийн болон хуулийн талаарх үг, хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх;
  5. Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
  6. Нийтлэл нь А4 хэмжээтэй, Arial фондоор, үсгийн хэмжээ 12 , мөр хоорондын зай 1.0, 4-5 хуудаст багтсан хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй, цэгцтэй байх;
  7. Зохиогчийн тухай товч танилцуулга, 9х12 хэмжээ бүхий фото зураг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байх.

Нийтлэлийн шалгаруулалтын үе шат:

– Уралдааны материалыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цаг хүртэл Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд цаасан болон цахим /jn_enkhee@yahoo.com/ хэлбэрээр хүлээн авна.

– Ирүүлсэн материалыг Хүний эрхийн үндэсний комиссын ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хамтарсан комисс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шалгаруулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулна.

– Шалгарсан нийтлэлийг Хүний эрхийн Үндэсний комиссоос эрхлэн гаргадаг “Хүний эрх” сэтгүүл, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаа” сэтгүүлд тус тус нийтлүүлж, иргэд, олон нийт, алба хаагчдад хүргэх, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүргэж, сургалт, сурталчилгаанд ашиглана.

Урамшуулал:

– Тэргүүн байр 1 алба хаагч / Өргөмжлөл, үндсэн цалингийн 20 хувь/

– Дэд байр 1 алба хаагч /Өргөмжлөл, үндсэн цалингийн 15 хувь/

– Тусгай байр 1 алба хаагч /Өргөмжлөл, үндсэн цалингийн 10 хувь/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *