Categories
мэдээ цаг-үе

Н.Жалбажав: Монгол хүний уг мөн чанарт эх орноо хайрлах үзэл хадгалагдаж хамгаалагдсаар байдаг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хошууч генерал, доктор, профессор Н.Жалбажавтай ярилцлаа.


-Эх оронч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Эх оронч байхын тулд яах ёстой вэ?

-Сүүлийн үед эх оронч үзлийн тухай бишгүй ярих боллоо. Цаг үетэйгээ уялдан урган гарч ирж, тэрхүү шаардлагаар дэвшигдэн яригдаж байгаа асуудал байх. Монгол Улс хүн төрөлхтний үнэт зүйл болсон зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн, ардчиллыг сонгож аваад 30 шахам жил боллоо. Их хичээж зүтгэж байна. Гэхдээ учирч байгаа хүндрэл бэрхшээл яггүй байна. Нийгмийн ухамсрын түвшинд цоо шинэ нөхцөл байдал бүрэлдэж бий болж байна. Үүнтэй холбоотой, нэгдүгээрт, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн ерөөсөө нийгмийн социал ялгарал, орчин нөхцөлийг бүрдүүлдэг жамтай. Урьд нь Монгол Улсын хүн амд байгаагүй шинэ давхаргууд бий боллоо, баячууд, чинээлэг хэсэг, дундчууд, ядуучууд, үгээгүйчүүд гэх мэт. Урьд нь цул, нэгдмэл гэж хэлж болохоор байсан байдал алдагдаж янз бүрийн ашиг сонирхол, үзэл бодол нийгэмд төлөвшиж үндэсний аюулгүй байдлын дотоод шинэ орчин бий боллоо. Хоёрдугаарт, бид даяаршлын үед аж төрж байна. Нийгмийн бүхий л хүрээлэл гадны нөлөөнд өртөж байна. Барууны соёл урлаг, гудамжны шар урлаг гэгдэж байсан зүйлс өнөөдөр манай нийгмийн амьдралын хэм хэмжээ болж, хүмүүсийн ухамсарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Гуравдугаарт, зах зээл, амьдралын төлөөх хатуу ширүүн өрсөлдөөнд хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай уялдан үнэт зүйлсийн чиг баримжаа өөрчлөгдлөө.

-Тэгж байна.

-Бид урьд нь эх орон минь, ард түмэн минь гэж сүсэглэж “Төр минь” гэж залбирдаг байсан бол одоо хувь хүн өөрийнхөө амьдралыг залгуулж, хувь хүний эгоист үзэл ноёрхох боллоо. Ямар ч үнээр хамаагүй баяжих, эд хөрөнгөтэй болох, шунах, хөрөнгө мөнгөний ашиг хонжоо хайсан сохор зоосны сэтгэхүй нь нийгмийн ухамсарт ноёрхож байгаа юм. Гадна дотны эдгээр өөрчлөлтийн нөлөөн дор хүний эх орноо хайрлах, эх орныхоо төлөө чин үнэнч, шударгаар зүтгэх энэ үзэл байдал, үнэт зүйлсийн чиг баримжаанд зарим төрлийн өөрчлөлт гарч байна. Зарим эрдэмтэн, судлаачид эх оронч үзэл, хүмүүжил бүдгэрч байгаа тухай ярьж байна. Би зарим зүйлтэй санаа нийлдэггүй. Монгол хүний ухамсар, хүмүүжил доройтож, эх оронч үзэл мартагдаж байна гэдэг бол энэ нийгмийн шалдар булдар зүйлстэй холбоотойгоор өнгөц гарч байгаа дүгнэлт болохоос биш Монгол хүний цаад уг, мөн чанарт эх орноо хайрлах элгэн халуун үзэл хадгалагдаж хамгаалагдсаар байдаг. Харин энэ үзлийг бадрааж хөгжүүлэх, эх орны бүтээн байгуулалт, үндэснийхээ эв нэгдлийг хангах, их хүчин болгох тэр арга хэрэгсэл тогтолцоо, механизм л дутагдаж байна.

-Эх оронч гэхийг эх орноо хамгаална гэсэн үйл үг дагадаг. Өнөө цагт улс орнууд зэвсэглэлээс татгалзъя гэж бүгд ярьдаг мөртлөө цаагуураа цэрэг, армийн хүчээ зузаатгасаар байгаа. Таван замын байлдаан буюу үхэр жилийн үймээний үеэр манай тал ялагдал хүлээх болсон шалтгаан нь бууны сумгүй байсантай холбоотой гэдэг. Хэрвээ тухайн үед бид өөрсдөө сумаа цутгадаг, эсвэл аль нэг улсаас хараат бусаар сумны нийлүүлэлтээ шийдсэн байсан бол гэсэн асуулт гарч ирдэг л дээ?

-Сум, бууны сум гэх мэтийг эх оронч үзэлтэй хольж хутгавал буруу дүгнэлт гарч мэднэ. Сум хийх хэрэгцээ шаардлага манайд өнөөдөр байгаа юм уу. Дэлхийн гадаад дотоод харилцаа, шинжлэх ухааны ололт, амжилт эрчимтэй өрнөж байна. Өнөөдөр гадаад орнуудад армийн зэвсэглэл гэдэг жил ирэх бүр шинэчлэгдэж байна шүү дээ. Үүнийг дагаж л бид гадаад харилцаа, хамтын ажиллагааныхаа хүчин зүйлийг ашиглаж эх орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, зэвсэгт хүчний зэвсгийг шинэчлэх, техникийн шинэчлэл хийнэ үү гэхээс биш монголчууд өөрсдөө байлдааны техник хэрэгсэл үйлдвэрлэж бий болгох, сум цутгах онцын чухал хэрэгцээ шаардлага байна уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Юмыг улс орон өөртөө үйлдвэрлэх, өөрийнхөө эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах явдал нь төрийн бодлогын хөдлөшгүй зарчим байх ёстой. Гэхдээ сум цутгах төдийгөөр энэ асуудлаар үүнийг хязгаарлаж болохгүй. Сум цутгана гэдэг чинь дээр үеийнх шиг цахиур буунд сум цутгахтай адил юм биш шүү дээ. Шинжлэх ухааны маш нарийн технологийг шингээсэн цэргийн үйлдвэрлэл байдаг. Тэгэхээр сайн бодох хэрэгтэй. Юуг өөртөө үйлдвэрлэх вэ, ямар потенциалыг бий болгох вэ гэдгийг бодохгүйгээр өөрөө өөрийгөө зэвсэглэнэ гэдэг бүтэшгүй асуудал.

Монгол Улс хүнд үйлдвэрлэл, тэр дундаа цэргийн зэвсэг, техник үйлдвэрлэл байгуулах потенциалыг бий болгох, үгүй ядахдаа хүн ам зүйн боломж байхгүй. Тийм шаардлага ч байхгүй.

-Швейцарь улс төвийг сахидаг. Тус улсын эрчүүд нь бүгд шахуу буутай, маш хүчтэй армитай. Улс нь армийн зэвсгээ шинэчлэхдээ хуучнаа иргэддээ хямд үнээр зардаг. Эмэгтэйчүүд нь буу эзэмшдэг. Үе удам дамжсан буунуудаа дарс шиг л гэрийнхээ агуулахдаа өрчихсөн байдаг. Амгалан тайван, жаргалын орон гэдэг ч үнэндээ тэнд тийм л амьдрал цогцлоод хэдэн зуун жил болжээ. Энэ улсын иргэд бүгд буутай харьцаж чаддаг. Манайд тийм зүйл байдаггүй?

-Байдаггүй гэх нь юу юм бэ. Монгол Улсын Батлан хамгаалах яам, Засгийн газраас улс орны батлан хамгаалах тогтолцооны эрхзүйн шинэчлэлийн тухай их ярьж байна. Их зүйл хийж байна. Батлан хамгаалах үзэл баримтлал, номлолоо шинэчиллээ. Орон нутгийн хамгаалалт гэдэг зүйл байгаа юм. Эрдэмтэн судлаачид үүнийг янз янзаар ярьдаг л даа. Төрийн баримталж байгаа албан ёсны баримт бичигт юу гэдэг вэ гэхээр орон нутгийн хамгаалалт бол Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны зохион байгуулалтын үндэс гэж хүлээж аваад байгаа юм. Таны яриад байгаа Швейцарь, төвийг сахисан үзэл баримтлалтай орнууд байна шүү дээ. Монголтой төстэй цөөн хүн амтай орнуудад орон нутгийн хамгаалалтаар дамжуулж нийт ард түмнээ, эх орноо зэвсэглэн хамгаалахад бэлддэг. Тийм тогтолцоо байдаг. Тэр улс орнуудад цэргийн насны залуучууд нь тодорхой хугацааны дотор цэргийн сургуулилт, дадлагад хамрагддаг. Жишээлбэл, Швейцарьт хүмүүс ярьдаг л юм билээ. Гэрт нь буу, зэр зэвсэг нь байж л байдаг гэж. Унадаг дугуй, аранз, зэвсэг, байлдааны хэрэгсэл бүрэн. Бүгдийг нь үүрч очоод л жагсаалд орж үүргээ гүйцэтгэхэд бэлэн байх сургуулилтууд явагддаг. Жилд богино хугацааны түргэвчилсэн сургалт, шаардлагатай бол хугацааг нь сунгадаг. Орон нутгийн төр захиргааны байгууллагууд, төрийн төв болон нутгийн байгууллагууд, иргэдийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэн болгон батлан хамгаалах талаа хүлээсэн үүрэгтэй. Тэр үүргийг нь хууль тогтоомжид маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Манайх одоо яг тэр чиглэлээр явж байх шиг байна.

Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомжийнхоо үндсийг бүрдүүлэх тал дээр батлан хамгаалахын салбар болон бусад холбогдох салбарын бүхий л хүмүүс цуглаад ажиллаж байна. Тэр тогтолцоогоор Монгол Улс шиг хүн ам цөөтэй ийм улс оронд орон нутгийн хамгаалалтын асуудал, нийт иргэний оролцоонд урьдчилсан хамгаалах тогтолцоогоо тулгуурлан хөгжүүлэх нь үнэхээр чухал. Нийт иргэний оролцоонд урьдчилсан хамгаалах тогтолцоогоо тулгуурлахын нэг чухал үндэс нь орон нутгийн хамгаалалт юм. Түүнээс биш орон нутгийн цэрэг байгуулаад байх асуудал биш. Баян-Өлгийн цэрэг, Говь-Алтайн цэрэг, Увсын цэрэг гэж байж таарахгүй л дээ. Холбооны улсуудад хүртэл батлан хамгаалах тогтолцоо нь нэгдмэл байдаг. Нэгдмэл тогтолцоог алдагдуулах ёс байж болохгүй.

-Монголчуудын гарыг мухарлаж буутай харьцах сэтгэлгээг нь дарж “Буу бол маш аймшигтай эд, ойртоод ч хэрэггүй зүйл” мэтээр олон арван жилийн турш сурталдсан. Үүний гороор гэртээ буутай айл цөөн, буутай харьцаж үзсэн хүн ч бараг байхгүй болсон. “Хоосон буу хорин жилд нэг дуугардаг” гэдэг үг хүртэл гарсан. Өнөө дайнч тулаанч, эрэмгий эрстэй ард түмэн хоосон буунд хүрэхээс айдаг болно гэдэг юутай холбоотой вэ?

-Цаад оросууд чинь байна шүү дээ, харин ч “Танай Монгол Улс социалист хамтын нөхөрлөлийн орнуудын өмнөд хил. Танайх энэ хилийг хамгаална” гээд манайхыг цэрэгжүүлсэн. Зөвлөлт, Монголын харилцааны үед Монгол хамгийн их цэрэгжсэн улс байсан юм. Азид байхгүй танкийн том армитай, хамгийн том зэвсэгт хүчин, дайчилгааны нэгдсэн том системтэй байлаа. Монгол Улсдаа ахадсан тийм армичлагдсан систем байсан юм шүү.

Харин монгол хүний, үндэсний ухамсрыг мохоосон, социалист, интернационализмын үзэл санааны дор монгол хүний өөрөө өөрийнх нь Монгол гэсэн үндэсний эх оронч үзэл бүдгэрсэн тал байхыг үгүйсгэх арга байхгүй.

-Галт зэвсгийн хуулиар хагас болон бүрэн автомат буу хэрэглэхийг хориглосон. Гэтэл манайд гуравдагч орны буунууд орж ирж байна. Гэтэл ямар нэг гэнэтийн зүйл болж сумны хэрэгцээ гарлаа гэхэд тэр буунуудад хойд хөршийн сум таарахгүй. Үүний цаана зориуд гэмээр юм яваад байна уу гэж сэрдэж болмоор?

-Манай аль цэргийн анги барууны зэвсгээр зэвсэглэчихэж вэ. Хувийн буу зэвсэгээ хаанаас юугаар худалдаж авах нь чөлөөтэй байна шүү дээ. Тэгэхдээ үүнийг маш сайн журамлахгүй бол дарин дээр суусан шувууны үлгэр шиг л болно. Аюул заналыг өөртөө бий болгож байгаа байхгүй юу. Та нар Америкт юу болж байгааг мэдэж байна уу. Хүн болгон буу зэвсэг чөлөөтэй хэрэглэх эрхтэй. Сурагчид нь багшийгаа бууддаг. Одоо АНУ-ын Ерөнхийлөгч Трамп дунд сургуулийн багш нарт буу эзэмшүүлэх тухай асуудал хөндөж тавина гэж байна. Ийм нөхцөлд буу зэвсгийн наймаа, худалдаа аюултай. Хүн амыг ингэж зэвсэглэж болохгүй. Ялангуяа Монгол шиг цөөн хүн амтай, халуун цустай, цочмог, омгорхог, цөсөрхөг улсууд цугаараа гэртээ хурдан буутай болчихвол нэг хэрэлдээд л нэг рүүгээ буу чиглүүлэх аюул тулгарна.

Цэрэг армийн зэвсэг хуучин хэвээрээ байгаа. Зөвлөлтийн зэвсэглэлтэй. Нэг л улс орны зэвсэглэл манайд бий.

-Ямар нэгэн юм болвол сум нийлүүлэхгүй болчихвол яах вэ. Энгийн жишээнүүд байгаа шүү дээ. Хятад, Орос хоёр цаагуураа их найзархаг болохоор уул уурхай, дэд бүтцийн салбарт нэг нэгнийхээ үгийг ихэд авч манайхыг үл ойшоож байсан тохиолдол бий. Эгийн голын цахилгаан станц дээр хоёр хөрш маань хавсайдсан?

-Байлгүй яах вэ, хангалттай сум байгаа. Зэвсэг техникийг газар газрын эрээвэр, хураавар байлгах нь үндэсний аюулгүй байдалд аюултай. Харин хэрэгтэй үед нь сумыг нь өгөхгүй байх зэрэг асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх, тогтолцоо, механизм, хадгалалт, хамгаалалтыг бүрдүүлэх ёстой. Түүнээс биш улстөрийн бодлого зорилттой адилхан гуравдагч улсын ашиг сонирхлыг Монгол Улсад бүрдүүлнэ гээд байна шүү дээ. Өөр гүрний буу зэвсгийг авчирч гуравдагч гүрний зэр зэвсгээр зэвсэглэнэ гэдэг яавч зөв онол биш. Орос оронтой найрамдал харилцаа, итгэлцлээ бэхжүүлэх, зэвсэглэл техникийн шинэчлэл, солилцооны механизмыг тохируулж харилцаагаа бэхжүүлэх нь чухал. Таны дээр асуусан бууны сум үйлдвэрлэх тухай асуудлыг бүрэн үгүйсгэхгүй байна л даа.

Манай Батлан хамгаалах сургуулийн хэсэг инженер залуучууд сум үйлдвэрлэх технологийг бүтээчихсэн. Сум үйлдвэрлэхэд бэлэн. Даргалах бүрэлдэхүүний гар буу, автоматын сум үйлдвэрлэх технологийг манайх шийдвэрлэчихсэн. Тэрийг массовая буюу өргөн хэрэгцээнд үйлдвэрлэх тийм асуудал байгаа. Магадгүй улс орны батлан хамгаалах хүч ямар зэвсэгтэй байна вэ, тэрэндээ тохирсон сум галт хэрэгслийг үйлдвэрлэх, жижиг зүйлүүдийг үйлдвэрлэх нөхцөл бололцоо боломжуудыг судлан шийдвэрлэж байна. Энэ бол зүгээр л нэг цэрэг дайнд бэлдэх асуудал биш. Үндэсний инженерүүдийн зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих бас нэг л арга хэрэгсэл шүү дээ.

-Эх орноо үзэл бодлоороо хамгаалахын сацуу буу зэр зэвсгээрээ ч давхар хамгаалж байх ёстой шүү дээ. Аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Хэнд ч итгэхийн аргагүй болсон цаг. Ямар нэг халдлага түрэмгийлэл орж ирэхэд би өөдөөс нь юугаа барьж тэмцэх юм бэ. 3000 танкны өмнөөс 300 бөөгөө дэвхцүүлэх үү, чавхаа барих уу?

-Эгэл жирийн ухамсрын түвшинд тэгж ойлгож байна л даа. Монголын хилийн ойролцоо Хятад цэргийн хэд хэдэн том парад зохион байгуулсан. Сүрдмээр, аймаар парадуудыг зохион байгууллаа шүү дээ. Монголыг сүрдүүлэх гээд ч парадлаад байгаа юм уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

-Сүр хүчээ харуулж байгаа явдал байх?

-Сүр хүчээ харуулж байгаа. Гэхдээ үнэхээр цэрэг зэвсгийн хүчээр өрсөлдөж, цэрэг зэвсгийн хүчээр эх орноо хамгаална гэдэг бүтэхгүй асуудал. Янз бүрийн арга байна шүү дээ. Өөрийгөө хамгаалах цэрэгтэй байх ёстой. Эх орноо батлан хамгаалах чадвартай байх ёстой. Түүний зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн чадавх, хүн амын улс орноо батлан хамгаалах бэлтгэл, тогтолцоог хангасан байх явдал, хүн амын хэрэгцээ, шаардлагатай үед зэвсэгт хүчний эгнээнд ороод үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангасан байх, эх орноо хамгаалах үзэл хүмүүжил төлөвшсөн байх ёстой. Хамгийн гол нь Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдлынхаа бодлогыг шинэчлэх шаардлагатай болчихоод байгаа юм.

Монгол Улсын аюулгүй байдал гаднаас биш дотроо нүүрлэчихээд байна. Та ойлгож байна уу.

-Үүнийгээ дэлгэрүүлж яривал?

-Бид сая “Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай” гэсэн эрдэм шинжилгээний хурал хийлээ. Том том эрдэмтэд оролцож илтгэл тавьсан. Их том төсөл хэрэгжиж байгаа юм. Манай Т.Соронзонболд доктор илтгэл тавилаа. Уул уурхайн үйлдвэрлэлд эрдэс баялгийн олборлолт явсаар хуваарилалтын шударга бус байдал бий болоод гадны, дотны үндэстэн дамнасан корпорациуд гарч ирээд Монгол Улс дайны байдалтай байна гэсэн. Уул уурхайгаас болж Монголд дайн болж байна. Далд, тайван байдлаар дайн өрнөж байна гэсэн. Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хувь заяаг шийдвэрлэх дайн болж байна гэж илтгэлдээ дурдсан. Би хэлсэн л дээ “Чи арай туйлширч байгаа юм биш биз дээ, нөхөр минь. Дайн байлдаан нь юу юм, түвэгтэй байдалд байгаа нь үнэн” гэж. Гэтэл хүмүүс үүнийг маш зөв дүгнэсэн байна гэсэн.

Монгол Улсын их хурал гадны улс гүрнүүдтэй ялангуяа уул уурхайн салбарын баялаг олборлолтын гэрээ байгуулахдаа гадны нөлөөнд автсан, гадны ашиг сонирхлыг хамгаалсан хэлэлцээрүүд хийдэг. Дотоодын цөөн тооны баячууд Монголын хүн амын тав хүрэхгүй хувь 30 орчим өрх айл, бүр тодорхой хэлбэл хүн амын материаллаг баялгийн 90 гаруй хувийг гартаа атгаж дээрээс нь мэдээллийн хэрэгслүүдийг гартаа оруулчихсан байна. Эрх мэдлийг ч гартаа атгачихсан. Ингэхээр чинь дайны байдалтай байна гэж үзээд байгаа юм.

Эх оронч гэхийг эрдэмтэд янз янзын өнцгөөс тодорхойлдог. Судлаад үзэхэд эх орончийг тодорхойлсон 460 гаруй тодорхойлолт байдаг юм байна.

-Америкт ямар хүнийг эх оронч гэж үздэг вэ?

-Ерөөсөө татвар төлдөг шударга иргэнийгээ “Энэ эх оронч” гэдэг. Би үүнийг хамгийн зөв ойлголт гэж үзэж байна.

Манайд байдаг эх орон, эх орончийн тухай өдий төдий юм яриад, ард түмнээ хайрлан хамгаалдаг дүр эсгээд байгаа мундаг хүмүүс чинь гадаадад өөрийнхөө орлогыг нуугаад оффшор дансанд мөнгөө байрлуулчихдаг. Тэднийг чинь ямар эх орончид гэдэг юм.

-Манай генералууд эх оронч гэхийг юу гэж тодорхойлдог юм?

-Монгол Улсын иргэний эх орноо хайрлах, соёл иргэншил, түүхийн үнэт зүйлсээр бахархах үндсэн дээр төр улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах, бэхжүүлэх, хөгжил дэвшлийн төлөө амь, бие, авьяас билэг, эрдэм боловсрол, хүч чадлаа зориулах чин хүсэл эрмэлзэл, санаа зориг, тэвчээр хатуужил, бэлтгэгдсэн байдлын цогц гэж хэлж байгаа юм.

Зөвхөн “Би эх орноо хайрлана” гэсэн сэтгэлтэй байх биш. Тэр сэтгэлийг биелүүлэх бие сэтгэлийн зориг тэвчээр, хатуужил, бэлтгэгдсэн байдал нь байж байж сая эх оронч болдог. Хичнээн сүрхий эх орноо хайрладаг, эх орны тухай гоё юм ярьдаг, зүүдэлдэг, харь газар явж байхдаа санадаг байлаа ч юу ч хийхгүй, юу ч хийх бэлтгэл, мэдлэг чадвар, тэсвэр хатуужил байхгүй бэлтгэгдээгүй хүнийг эх оронч гэж үздэггүй гэдэг нь Оросын алдарт зохиолч Василь Быковын цэрэг дайны сэдвээр бичсэн зохиол бүтээлүүдээс харагддаг юм. Даяарчлагдаж байгаа энэ дэлхий дээр эх оронч гэж нэг их ярихаа байсан. Тийм үзэл гаргахаа больчихсон. Манайх шиг жижиг, буурай, бага, хүн ам цөөтэй, эмзэг буурай улс орнуудад л ярьдаг асуудал байхгүй юу.

-Чечений дайнд арваадхан настай хүүхэд есөн танк сөнөөсөн тухай яриа байдаг. Дэлхий нийтээрээ буу зэвсгээс айхаа больж энэ чиглэлийн спортууд ч хөгжиж байна. Хүүхдээ 13 нас хүрэнгүүт л буу бариулж, буудуулж сургахдаа байлд гэж биш, буу эзэмшээд сурчих гэсэн ойлголтоор хандах нь их болжээ?

-Би бол цэргийн хүн. Галт зэвсгийг нийгэмд тодорхой хүмүүс л эзэмшиж байх ёстой юм. Энэ бол миний хатуу байр суурь.

Эх орноо хамгаал гээд хурдан бууг нь үүрүүлээд хурц зэвсгийг нь бариулаад хараа нүдийг нь хурцлаад тавьчихсан чиг үүргийг нь хүлээсэн тэр хүмүүс буу зэвсгээ сайн эзэмших ёстой. Хоёрдугаарт, цэргийн үүрэг гүйцэтгэх насны улсууд эх орноо хамгаалах бэлтгэл хангах хүрээнд орчин үеийн армийнхаа зэвсэглэлд байгаа, эх орноо хамгаалах үндсэн чиглэлийн зэвсгүүдийг зохих хэмжээнд анхан шатны мэдлэг эзэмшсэн байх ёстой. Түүнээс биш насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүдэд галт зэвсэг эзэмшүүлэх тухай ярьж болохгүй.

-Эмэгтэйчүүд бид буу эзэмшихгүй ч яаж бууддаг, хэрхэн ажилладгийг нь мэдээд авчихад илүүдэхгүй?

-Эмэгтэйчүүд гэж би буруу ярьчихлаа. Иргэд өөрөө өөрийгөө хамгаалах, аюулгүй байдлаа хангах зохих мэдлэг хүмүүжилтэй байх ёстой. Мөн гэмт халдлага, гэнэтийн аюултай байдлын орчноос иргэнээ хамгаалах нь төрийн үүрэг. Түүнээс гадна байгалийн гамшиг, хүнд бэрхшээл тохиолдсон үед иргэн хүн өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлчих хэмжээний мэдлэгтэй, бэлтгэлтэй байх ёстой. Түүнээс биш бид хүн цөөтэй, хоёр их гүрэн хүчтэй гээд хүүхэд хүртэл зэвсэглэх тухай хэрхэвч ярьж болохгүй.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *