Categories
мэдээ цаг-үе

Эртний домогтой ЦАХЛАЙ

Пржевальскийн адууг дэлхийн шинжлэх ухаанд монгол тахь хэмээн бичиж үлдээсэн байдаг. Үүнтэй адил цахлайг монгол цахлай (Mon­golian gull) хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд латин нэр нь Larus Mongolicus. Цахлайг томоохон гол мөрөн, нууртай газрын иргэд андахгүй. Эрэг даган нисч, загас, жараахай шүүрдэг цахлай нь монгол орны ихэнх нутгаар нүүдэллэн зусаад намар дулаан орныг зорьдог билээ.

Цахлай шувуу үлгэр домог, яруу найрагт түгээмэл гардаг дүр. Цахлайн эрэлхэг, махчин шинж чанарыг далайчид эртнээс анзаарсан учир хөлөг онгоцоо “Цахлай” хэмээн нэрийдэж, биедээ дүрсийг нь шивүүлдэг байжээ. Мөн уг шувууг эх газрыг заагч луужин хэмээн бэлгэшээдэг байжээ. Далайд төөрсөн загасчид цахлай олж харвал эх газар ойрхон байна гэж баримжаалдаг аж. Оросын яруу найрагт цахлай нь содон нэг дүр байдаг бөгөөд “Чайка” нэртэй машин тэргээс эхлүүлээд олон эд зүйлс манай хойд хөршид байдаг билээ.

Цахлайн зарим зүйл нь дэлхийн Улаан дансны ангиллын шалгуураар устаж болзошгүй зүйлд хамаардаг. Цахлай нь хэрээний чинээ биетэй, ерөнхий зүс нь цагаан, саарал. Толгой нь хар. Нүднийх нь дээр, дор цагаан толботой. Хошуу, хөл улаан хүрэндүү. Хүзүү‚ цээж‚ хэвлий‚ сүүл, далавчны дотор тал нь цагаан. Нуруу‚ далавч дээгүүрээ үнсэн саарал. Залуур өдний үзүүрүүд өргөн бараан судалтай байдаг. Түүнчлэн дэвүүрүүд үзүүрээсээ дундаа хүртэл хар толбонуудтай.

Тархцын хувьд Казахстаны Алаколь нуур‚ ОХУ-ын Тарь нуурт өндөглөж, Хятадын Хэбэйд өвөлждөг тухай мэдээ бий. Үржлийнхээ үедээ Монголын Айраг, Хяргас, Хар ус, Дөргөн, Таацын цагаан, Адгийн цагаан, Орог, Бөөнцагаан зэрэг Их нуурын хотгорын зэгстэй том нуурууд, Эрхэл, Сангийн далай, Өгий, Тэрхийн цагаан зэрэг төвийн бүсийн нуурууд, Галуут, Хөх, Тооройд нутагладаг.

Цахлай нь шавьж‚ загас‚ хавч хэлбэртэн‚ аалз‚ жижиг шувууны ангаахай‚ үлийн цагаан оготно‚ алаг даага‚ буудайн үр зэргээр хооллодог бөгөөд наймдугаар сарын дундаас есдүгээр сарын 20-ны хооронд өвөлжих газар руугаа нүүдэллэдэг аж. Цахлай нь дотроо хэд хэдэн төрөл, зүйлтэй. Реликт цахлай дэлхийд 10 мянга орчим бий гэсэн судалгаа гарчээ. Тарь нуурт 300-1000‚ Алаколь нуурт мянгаад цахлай байна. Буйр‚ Хөх нуур‚ Орог‚ Таац‚ Бүст нуур, Улз голоор 30 орчмыг бүртгэсэн юм байна. Өндөг‚ дэгдээхэйг том цахлайнууд нь идчихдэг. Мөн шуургатай үед давалгаа арлыг нөмрөн үүр‚ өндгийг устгах нь түгээмэл байдаг гэнэ. Мөн үргэлжилсэн хүйтэн бороонд дэгдээхэйнүүд нь осгодог зэрэг шалтгаанууд нь тоо толгой нь цөөрөхөд нөлөөлдөг юм байна.

Реликт цахлай нь шувууны хөхчүү хэлбэртний баг, цахлайн овгийн шувуу бөгөөд олон улсын Улаан ном, монгол орны Улаан номд бүртгэгдсэн нэн ховор шувууны нэг юм. Тачирдуу ургамалтай задгай эрэг бүхий томоохон нуурын хөвөө арлууд дээр өндөглөн зусдаг. Цахлай нь 2-3 настайгаасаа үржилд орж, цуглаанаар үүрлэн 2-3 өндөг гаргаж, 24-26 хоног дардаг байна. Дэгдээхэй нь 40-45 хоноод нисэх чадвартай болдог аж. Манайд Дорнод аймгийн Хөх, Буйр нуур, Говь-Алтай аймгийн Ихэс нуурт, Ховд аймгийн Мөнх-Хайрхан уул, Хөх нуур, Булган голд нутагладаг юм байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд тоо толгой нь ховордож байгаа.

Сабины цахлай гэж нэрлэгддэг жижиг биетэй цахлай бий. Энэ зүйл нь Арктикт тархсан бөгөөд Хойд Америк, Евро-Азийн хойд хэсгийн ихэнх нутгаар тохиолддог юм байна. Уг шувууг Ирландын эрдэмтэн Сэр Эдвард Сабин ах Жозеф Сабиныхаа дурсгалд зориулан ийн нэрлэсэн түүхтэй. Харин үүлэн цахлай нь дундаж биетэй. Хойд Ази, хойд Европ, баруун Хойд Америкт нутагладаг. Нас бие гүйцсэн нь 40-46 см урт, мөнгөлөг цахлайнаас жижиг бөгөөд нуруун хэсэг нь саарал, өвөр хэсэг нь цагаан байдаг юм байна. Хөл нь ногоон шардуу, далавчны үзүүр нь хар.

Үүлэн цахлай нь үржлийн үедээ олноор сүрэглэн, намаг болон усны ойролцоо газар, жижиг модонд эгнээгээр үүр засдаг онцлогтой. Цахлайн энэ төрөл одоо нийт нэг сая орчим хос бий гэсэн тооцоо байдаг.

Харин итэлгэн цахлай нь томдуу биетэй. Энэ зүйл цахлай нь Оросын өмнөд хэсгээс Монголын гол, нуур, намгархаг газраар тархан амьдардаг. Нүүдлийн шувуу бөгөөд өвлийн улиралд зүүн Газар дундын тэнгис, Арабын хойг болон Энэтхэгийг зорьдог.

Цахлайг муухай дуутай, махчин жигүүртэн гэж зарим улс үндэстэн таашаадаггүй ч орчин үед цахлайн төрх байдлыг олон зүйлд ашигласаар байгаа юм. “Мерседес бенз”-ийнхэн цахлай шувууны далавчтай адил дэлгэгддэг хаалгатай шинэ загварын машинаа олон нийтэд танилцуулж байсан удаатай. Түүнчлэн цахлай шувууны дүрс, төрхийг барилга байгууламж, засал чимэглэлд ч өргөн ашигласаар ирсэн. Ялангуяа гүүрний зохиомжийг цахлай шувууны дэвэлтээс сэдэвлэн хийсэн нь олон тохиолддог. Зам засварын үед байрлуулдаг тэмдэглэгээг цахлай шувууг хараад зохиосон гэдэг бөгөөд гудамжны гэрэлтүүлгийн бүрхүүлийг хүртэл энэ шувуунаас санаа аван үйлдвэрлэсэн нь цөөнгүй байдаг юм байна.

Энэтхэгчүүд цахлайг алдагдсан сүнснүүдийг олж, тэднийг диваажинд хүргэж өгөх үүрэгтэй шувуу хэмээн эртнээс ярьж ирсэн домогт шувуу юм байна. Далай, тэнгисийн эрэгт үргэлж алсыг ширтсэн байдалтай суудаг цахлай шувуу хүнд алсын хараа бэлэглэдэг гэж үздэг учир томоохон төсөл, тендерт орох гэж байгаа хүнд цахлай дүрстэй эд зүйл бэлэглэдэг дом байдаг гэнэ.

Цахлай нь нуурын эрэг дээр амарч байгаа хүмүүсийн хоол унд, зайрмагийг шүүрэх нь элбэг тохиолддог. Хэдэн жилийн өмнө Испанийн нутгаар аялж явсан жуулчид бичлэг хийж байсан “GoPro” камераа цахлай шувуунд шүүрүүлж байсан хөгжилтэй ч гэмээр үйл явдал болж байжээ. Жуулчид хана хэрэмний оройд алсыг харан сууж байсан цахлайн дүрсийг камертаа буулгахаар дөхөх үед энэ явдал болжээ. Камер шүүрч ниссэн цахлай тэр хавийн уул нурууд, арлаар хэсэг нисч байгаад буцаад хэрмэн дээр сууж байсан газартаа буужээ. Хий дэмий орилж хоцорсон жуулчид цахлай камерыг нь бүрэн бүтэн буцаан өгсөнд бурханд талархжээ. Гэтэл камер огт унтраагүйгээр барахгүй бичлэг хийсээр л байжээ. Цахлайн хийсэн энэ бичлэг 2015 оны зун ихэд шуугиан дэгдээж байсан билээ.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *