Categories
мэдээ нийгэм

Чихэр тараадаг захирал

Image result for атга чихэр

Цементийн үйлдвэрт ажилладаг найзынхаа ажлаар орлоо. Үүдний зааланд уулзаад зогсож байтал хижээл насны эр хоёр халаасаа дүүртэл чихэр хийчихсэн явж байгаа харагдлаа. Тэр хавьд байгаа хүн бүрт чихэр тарааж өгөв. Нөгөө хүнийг чихэр өгөхөөр хүмүүс хоёр алгаа тосоод л авах юм. Мөн удалгүй чихрээ задлаад амандаа хийгээд бувар бувар идэж байв. Юун хүн чихэр тараагаад байгаа юм бэ гэж асуусан. “Манай үйлдвэрийн захирал байгаа юм. Хааяа ажилтнууддаа чихэр тарааж өгдөг юм.

Манайхан захирлыг чихэр тараахаар их дуртай. Захирлаасаа чихэр авсан өдөр урам зориг ороод ажлаа маналзтал хийнэ шүү дээ. Бас ажилдаа дуртай болчихдог юм” гэв. Ажилтнууддаа чихэр тараасан захиралтай очиж уулзлаа. Түүнээс яагаад чихэр тараадаг талаар нь асуухад “Би ч үйлдвэрийнхээ шинэхэн ажилтан байлаа.Тэр үед манай захирал гэж настай хөгшин байсан. Тэр хүн бидэнд чихэр тарааж өгдөг байсан юм. Захирлаасаа чихэр авчихсан өдөр сэтгэл санаа сайхан болоод хийх ёстой ажлаа хэд давуулан биелүүлээд хийдэг байлаа.

Хүн сэтгэлийн амьтан. Хэдийгээр нас биед хүрсэн ч гэсэн захирал нь чихэр өгөхөөр хүүхэд шиг баярлаад нүд нь сэргээд л явчихдаг юм. Ажлын бүтээмж хэд дахин нэмэгддэг. Бас дараа нь хатуухан загнасан ч өөдөөс хүн хэдэрлээд байхгүй. Хүндэлж хайрлаж харилцдаг. Эв найрамдалтай атгасан гар шиг хамт олонг бий болгоход чихэр надад тусалдаг юм” гэв. Түүнийг ийнхүү ярих үед захирлаасаа хоёр алгаа тосоод инээмсэглэн зогсож байгаа ажилтуудынх нь гэрэлтсэн царай нүдэнд дахин харагдах шиг болов.

Э.Хүрэлбаатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *