Categories
мэдээ нийгэм

Тэмээтэй аялагч бүсгүй Баянхонгор аймагт очжээ

Image may contain: 2 people, people standing and outdoorМонголоос Их Британийн Лондон хүртэл арван хоёр мянган километр газрыг Монгол тэмээгээр туулах аяллыг Н.Байгалмаа бүсгүй 2017 оны арван нэгэн сард эхлүүлсэн билээ. Н.Байгалмаа 630 километрийг туулж, Баянхонгор аймагт очоод байгаа ажээ.

Түүнийг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон БОАЖГ, аймгийн Засаг даргын дэргэдэх ГХАЖА, нутгийн иргэдийн төлөөлөл тосон авч хүндэтгэл үзүүлсэн байна. Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь хэлэхдээ ”Гурван бүсийн нутгаар маань таны аялал дайран өнгөрч байгаад бид талархалтай хүлээн авч байна. Бид 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ утгаараа дэлхийг тэмээн хөсөгтэй туулах таны аялал шинэ оны эхэнд манай нутгаар үргэлжилж байгаад баяртай байна. Баянхонгорт саатах хугацаандаа шаардлагатай зүйл байвал бид тусалж дэмжинэ. Таны цаашдын аялалд амжилт хүсье. Зорьсон хэргээ бүтээгээд эргээд сайхан нутагт маань зочлоорой” гэлээ.

Н.Байгалмаа арван нэгдүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос санаа сэтгэл нэгдсэн зургаан хүний хамтаар аяллаа эхлүүлсэн ч хоёр сарын хугацаанд хамт гарсан аялагчид замаа орхижээ.

Маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явах юм байна. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг арван таван орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй ажээ. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй.

Аялагч бүсгүй сүүлийн 11 жил явган аяллаар аялж буй Их Британийн иргэн Карлийн хамтаар зам нэгдэн аяллаа үргэлжлүүлж байгаа ажээ.

Аялал гурван жил үргэлжилнэ гэж тооцжээ. Идэр есийн жавар тачигнаж буй энэ өдрүүдэд эрс тэрс уур амьсгалтай эх орноо хөндлөн гулд туулж, урд хилээр цааш гарах зорилготой байгаа түүнд Цагдаагийн Ерөнхий газраас дэмжлэг үзүүлж аялж буй аймгаас нэг алба хаагчийг цалинтай дагалдуулахаар болжээ.

Image may contain: one or more people and outdoorImage may contain: 4 people, people smiling, people standing and outdoorImage may contain: sky, cloud and outdoor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *