Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хэрэг хуучирдаггүй

СБД-ийн XV хорооны иргэн Б.Гэлэнхүү

Одоогоос 26 жилийн өмнө Монгол оронд Ардчилсан хүчнүүдийн шахалт шаардлагаар Намын төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Ардчилсан шинэ нийгмийн эхлэл тавигдав.

1992 онд Д.Бямбасүрэн тэргүүтэй анхны хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Ардчилсан хүчнээс Да.Ганболд Тэргүүн шадар сайд, Д.Дорлигжав Шадар сайд болов. Мөн энэ үед Монгол банкны ерөнхийлөгчөөр Н.Жаргалсайхан, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар түүний төрсөн дүү Н.Золжаргал нар ажиллаж байлаа.

1. Тэр үед өмч хувьчлах тухай Засгийн газрын тогтоолыг ямар ч урьдчилсан бэлтгэлгүйгээр яаран сандран гаргаж “ягаан цэнхэр тасалбар”-ыг иргэн бүрт тарааж улсын өмч болох тухайн үед хэвийн ажиллаж байсан томоохон үйлдвэр завод, барилгын трестүүдийг үрэн таран хийж балгас болгон олон мянган иргэдийг ажил амьдралгүй болгосон юм. Үүгээр миний бие өмч хувьчлал явуулсныг үгүйсгэх гэсэнгүй. Өмч хувьчлалын мөн чанар, тараасан тасалбарыг яаж хэрэглэх аргачлал зэргийг ард түмэнд сайтар тайлбарлаж бэлтгэл ажлыг зохион байгуулаагүйг буруутгаж байгаа юм. Харин өмч хувьчлалаар далимдуулж өөрсдөө хөрөнгөжсөн тэр үеийн эрх баригчдын шийдвэрээр Монголын шинэ олигархуудын эхлэл тавигдсан болов уу.

2. Д.Бямбасүрэнгийн тэргүүлсэн тэр үеийн засаглалын үед ЗХУ-ын СОТ-1,2,3 гэсэн гурван том барилгын трест ажиллаж байв. Манай орны хот хөдөөгүй олон сайхан барилга байгууламж тэд барьж бүтээсэн дээ. Хамгийн сүүлд нийслэлд спорт цогцолбор буюу одоогийн “UB pаlace” , Налайхад төвлөрсөн дулааны станц гэх мэт том байгууламжуудыг ид барьж байхад нь дуусгалгүй нутгаасаа яаравчлан хөөж гаргав. Ядаж тэдгээрийг дуустал бариулж ашиглалтад аваад явуулсан бол…

3. Дээрхтэй зэрэгцээд Зөвлөлт Орос улсын цэргийн ангиудыг нутгаасаа хөөж гаргасны үр дүнд тэдний сайтар тохижуулсан олон суурингууд төрийн ямар ч хараа хяналтгүй үлдсэнээр тоногдож сүйтгэгдсэн балгас болж билээ. Эдгээр нь хоёр орны уламжлалт сайхан харилцаа, хамтын ажиллагаанд сэв оруулах анхны алхам болсон байх. Ингэж Монгол орны эдийн засагт онцгой хохирол учруулсан тэр үеийн Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Тэргүүн шадар сайд Да.Ганболд, Шадар сайд Д.Дорлигжав нартай одоо хариуцлага тооцоход оройтохгүй.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *