Мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё Японы Фүкүока хотод гурав дахь өдрөө үргэлжилж байгаа. Харин энэ башёгийн манлай бөх, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж бусдын биед гэмтэл учруулсан тул башёг өнжиж магадгүй болоод байна. Тодруулбал, аварга нутаг нэг бөх Таканоива А.Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисон тухай японы хэвлэлүүдээр шуугиж байна. Хэрэг явдал өнгөрсөн сарын 26-нд болсон бөгөөд Таканоива А.Баасандоржийг гэмтэл авсны дараа Фүкүока хотын эмнэлэгт хүргэжээ. Өнгөрсөн даваа гаригт эмч нар мэдээлэхдээ, залуу бөхийн гавлын яс цуурсан мөн бусад гэмтэл авсан учраас хоёр долоо хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэжээ. Японы Сумогийн холбоо “Ёкозуна Харумафүжи залуу бөхийн биед халдаж, гэмтээсэн гэх хэргийг сайтар шалгаж үзэх болно” хэмээн мэдэгдсэн талаар “NHK” агентлаг мэдээлжээ. Ёкозуна Харумафүжи энэхүү дуулиантай холбогдуулан уучлалт хүссэн байна. Мягмар гаригийн өглөө тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Сумогийн холбооныхон болон сумочдоос уучлалт гуйж, гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Ёкозуна Харумафүжигийн энэхүү асуудал нь түүнийг зодог тайлах хэмжээнд ч хүргэж болох тухай японы хэвлэлүүд онцолжээ.