Categories
мэдээ цаг-үе

Төрийн түшээ Д.Ганболд, гавьяат жүжигчин М.Болд тэргүүтэй 72 дугаар сургуулийн нэрийн хуудас болсон шилдэг сурагчид

1982 онд нийслэл хотын Хайлаастын 72 дугаар сургуулийг төгссөн гурван ангийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Дунд сургуулиа төгссөний 35 жилийн ойгоо тэд саяхан тэмдэглэсэн юм. Гурван ангийг 126 хүүхэд төгссөнөөс 60 орчим сурагч нь 35 жилийнхээ баярт хүрэлцэн ирсэн байв. Америкаас, Солонгосоос хүртэл ангийнхныхаа уулзалтад зориод ирсэн нь үнэндээ бахархалтай санагдаж байв. Энэхүү төгсөлтийнхнөөс Их хурлын гишүүн, Монгол төрийн эрхэм түшээ Даваагийн Ганболд, Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын дуурийн нэрт дуучин Магилжавын Болд гээд сор болсон эрхмүүд гарчээ. Төрийн ордонд орж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлснээр тэдний баярын уулзалт эхэлсэн юм. Дараа нь арван жил шуугилдаж төгссөн сургуулийнхаа алтан босгыг бүгдээрээ алхаж, анги ангидаа орон, инээд хөөр, наргиантай сурагч ахуй цагаа дурсацгаасан.

Арвын А ангийг монгол хэл уран зохиолын нэрт багш Д.Зузаан, 10Б ангийг орос хэлний Т.Бадамханд, 10В ангийн математикийн домог болсон багш Б.Лодойдамба нар дааж төгсгөжээ. Сурагчдынхаа ойн баярын уулзалтад эдүгээ наян зургаан настай ч гэрээрээ хичээлээ заасаар байгаа Батын Лодойдамба багш нь, мөн жаран зургаан настай орос хэлний Туваанжавын Бадамханд багш нь хүрэлцэн ирсэн байна. Хоёр багшийнхаа гэгээн сайхан дүрийг хараад, яриа хөөрөөг нь сонсоод хайрт шавь нарынх нь сэтгэл тэнийж, баяр баясгаланд умбан байлаа. Анги дааж өдий зэрэгтэй болгосон ачит багш нартаа шавь нар нь хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалаа гардуулсан юм. Мөн бурхны оронд одсон Зузаан багшийнхаа үр хүүхдүүдэд нь ч хүндэтгэл үзүүлсэн нь бахдал төрүүлж байв. Жаран дөрвөн оны луу жилтнүүдийн төлөөлөл болсон эрхмүүд өдгөө нас тавь гараад ирсэн ч залуу сайхнаар, яг л ид дунд насандаа, хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг үзэж, алдар гавьяагаа үнэлүүлэн яваа нь мэдрэгдэж байсан. Төрөлх сургуульдаа зочилсон тэднийг сургуулийнх нь удирдлагууд хүндэтгэн угтав. Гурван ангидаа хуваагдан орж, ёстой л нэг хүүхэд ахуй насандаа очсон мэт дэгэн дэрвэж байсан. Сургуулийнхаа үүдэнд дурсгалын зураг татуулсан. Бүгдийнх нь царайнаас гэрэл гэгээ цацарч, аз жаргалаар бялхан байгаа нь илт. Долоо, наймдугаар ангид нь хариуцаж байсан Доржийн Одхүү багш нь сургууль дээр ирсэн байна. “Дөч гаруй жил багшилжээ” гэж даруухнаар өгүүлнэ. Одхүү багшийн охин Гэрэлмаа энэ төгсөлтийнх ажээ.

Гурван ангийн хүүхдүүд сургуулийн гадна дурсгалын зургаа татуулах мөчид Батын Лодойдамба багштай хөөрөлдлөө. Тэрээр 1955 онд их сургууль төгсөөд 1997 он хүртэл 47 жил, найман сар багшийн хөдөлмөр эрхлээд тэтгэвэрт гарчээ. Гэсэн хэдий ч гэрээрээ багшилж буйгаа дуулгасан. “Багшийн алдар хүртээд өнөө жил 62 дахь жилийнхээ намартай золгож байна” гэсэн нь үнэндээ аварга сонсдож байгаа юм. Лодой багшийн үндсэн мэргэжил нь физик математикийн багш. “Би чинь олон мэргэжилтэй хүн. Физик, математик, альгебр, геометр, шугам зураг бүгдийг нь заадаг байлаа” гэв. Ган-Очир, Гэрэлмаа, Батдэлгэр, Эрдэнэбаатар гээд олон шавь нар багшийнхаа тоо физикийн мэргэжлийг өвлөжээ. “Наян хоёр оны энэ төгсөлтийнхөн математикаар сайн байсан. Би чинь нэлээд чанга багш байлаа. Энэ шавь нарын маань ээж аав нь хүртэл миний шавь нар байсан. Тухайлбал, Чулуунбаатарын ээж 1955 онд миний долдугаар ангийн шавь байсан. Одоо ингээд тооцоод үзвэл 7500 шавь байна” гэв. Төрийн шагналт зууны манлай дуучин Хорлоогийн Уртнасан, хөдөлмөрийн баатар төмөр замын Чойдог, улсын арслан П.Дагвасүрэн, улсын аварга Ч.Бээжин, төрийн шагналт уртын дууч Намжилын Норовбанзад гээд домог болсон алдар суутнууд Лодой багшаар хичээл заалгаж явсан гэж бодохоор бахархал төрөхөөс аргагүй. Ингээд тус төгсөлтийн сурагчдын төлөөлөл болсон эрхмүүдтэй уулзсанаа хүргэж байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, үндсэндээ Улаанбаатар хотын парламентын гишүүн Мангалжавын Эрдэнэтуяа уг төгсөлтийнхний бахархал болсон нэгэн. Тэрээр Монгол Улсын их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг дүүргэжээ. 10 А-гийн ангийн дарга хийж байсан гэнэ. Арван жилдээ “таван онцын эзэн” байж, сургуулиа алтан медальтай төгссөн аж. Тус гурван ангиас алтан медальтай хоёр хүүхэд төгссөний нэг Эрдэнэтуяа, нөгөө нь энэхүү 35 жилийн уулзалтыг зохион байгуулагчдын нэг Ганжаа буюу Хандын Ган-Очир.

“Би Москва явах байсан юм. Гэвч аав, ээж маань явуулаагүй. Их сургууль төгсөөд худалдаа бэлтгэлийн яам, Монголын хоршоодын холбоонд ажиллаж байсан. Нягтлан бодох бүртгэлийн албаа хийж ирсэн. 1997 оноос хойш 20 жил хувийн хэвшилд ажиллаж байна. Ноос ноолуурын “Сор кашмер” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна” гэж Эрдэнэтуяа захирал хэлсэн. Хайлаастын тойргоосоо нийслэлд сонгогдоод, олны итгэлийг хүлээгээд ажиллаж байгаа нэгэн. Ийнхүү тус төгсөлтийнхөн нийслэлийн парламентын гишүүнтэй бол ангийн сурагч Даваагийн Ганболд Чингэлтэй дүүргийнхээ даргаар ажиллаж байгаад одоо УИХ-ын гишүүний монгол төрийн хүндтэй албанд зүтгэж яваа. Ингэж Лодой, Зузаан багш нарын эрхэм шавь нар төр түшилцэж явна.

10 В ангийг төгссөн Нацагийн Цэцэгмаа гэж инээд алдсан сайхан эгч. 10 в-гийн эвлэлийн дарга тэрээр “Эрдэнэтуяа бид хоёр багын найзууд л даа. Найз маань МУИС-ийн эдийн засгийн анги авлаа. Би хуулийн сургууль авсан юм. Эрхүүгийн их сургуульд явсан. 1987 онд төгсөж ирээд Батлан хамгаалах яаманд Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын зөвлөлд ажиллаж байсан. Гэмт хэрэг хариуцсан хэлтэст нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1991 оноос прокурорын байгууллагад ажилласан. Дүүрэг, нийслэл, улсын прокурорт ажилласан. Хяналтын прокурор, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний ажил амьдрал өөдтэй өнгөтэй сайхан яваа минь багш нартай минь холбоотой” хэмээн бахдан өгүүлсэн юм. Ер нь хүн бүрээс л “Сайн багш нарын шавь нь байсан” гэх яриа сонсдож байлаа.

“Биднийг Лодой багш маань төгсгөсөн. Одоо хүртэл хүүхдүүдэд тоо заана. Бид чинь гурван ангийн 120 гаруй хүүхэд төгссөн. Багш маань хүүхэд бүрт зориулсан бодлогын хураамж гараараа хийнэ. Тэр үед чинь компьютер гэж байсангүй. Хүүхэд бүрт тарааж өгөөд тайлбарлуулж авдаг. Хүүхдүүд нь сайн бодно. Тааруу нэгнийхээ бодлогыг бас бодно. Юманд мэриймтгий байх, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зарчимтай байх зэрэг нь багшийн өвлүүлсэн сургамж. Ажил амьдралын хэвшил болсон. Лодой багш маань ирчихсэн бужигналдаж сууна. Мөн бидэнд орос хэл заадаг Бадамханд багш маань ирчихсэн байна. Тэр үед их л залуу багш байсан даа. Мөн Далай гэж орос хэлний багш байсан. Тэр багшийн нөлөө их байсан. Орос хэлээр шалгалт өгөхөд би хамгийн өндөр оноог нь авч байсан. Сайн багшийн гавьяа тэгж л мэдрэгддэг юм билээ. Анхны захирал Раадан гэж хүн байсан. 1985 онд биднийг оюутан байхад өнгөрсөн. Захирал хэрнээ хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг тийм хүн байлаа. Эвлэлийн үүрийн дарга Цэцгээ багш байлаа. Физикийн Мажигжамбаа гэж багш байлаа. Ёстой сайхан багш. Бид заасан хичээлийг нь цэг таслал алдалгүй цээжилдэг байсан. Онцгой заах аргатай хүн. Пионерын байгууллага гэж байлаа. Миний бие сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга байв. Содовын Туяа багш пионерын удирдагч байлаа” гэж Цэцэгмаа өмгөөлөгч хэлсэн юм.

Уг төгсөлтийнхнөөс хэд хэдэн хос төржээ. Дэд хурандаа Д.Чулуунбаатар офицер, гэр бүлийн хүн нь Пүрэвжаргал нэгдүгээр төрөхийн алдартай эмч. Эвлэлийн үүрийн дарга Ванчиндоржийн Оюунчимэг мөн төгсөлтийнхөө А.Бээжинтэй гэр бүл болсон. Аудитын компани ажиллуулдаг сайхан гэр бүл гэж найз нөхөд нь магтсан. 10 а-гийн Гансүх, Мөнхцэцэг хоёр, 10б-гээс Лхагвасүрэн, Ганцэцэг гээд бүлүүд төрснийг дуулгаж байлаа. Холын Америкаас ангийнхныхаа уулзалтад зорин ирсэн 10б-гийн В.Мөнхцэцэг “Сарын өмнөөс л уулзалтын тухай бодож эхэлсэн. Асар их сэтгэл хөдөлсөн. Наашаа ирэхэд хэцүү байсан. Нөхөр маань дургүйцэж чадахгүй, зөвшөөрч чадахгүй байлаа. Тэгтэл хоёр хоногийн өмнө “За чи яваад ир, нөхөдтэйгээ уулзаад ир” гэж хэлэхэд нь нулимс гарах шиг болсон. Сэтгэл хөдлөөд газраас хөндий нисч байгаа юм шиг болсон. Би яалт ч үгүй сэтгэлийн дуудлагаараа ирсэн” хэмээн нулимс унаган байж ярьсан юм. Тэрээр их баярлахаар хэцүү байдаг юм байна. Үг хэлье гэхэд үг ч гарахгүй болох юм. Хүүхэд ахуй насны дурсамж хамгийн гэгээн сайхан. Би Завханы Яруу сумынх. Гуравдугаар ангид хотод шилжиж ирсэн. Америкт 10 гаруй жил болж байна. Ж.Мөнхцэцэг, Ганцэцэг, гавьяат Болд, Найманжин бид холбоотой байдаг. Гансүх маань байна, мөн Цэцэгмаа, Ганжаа, Энхтайван гээд олон хүнийг нэрлэж болно” гэв. Мөнхцэцэг эгч сурагч байхдаа бүжигчин охин байснаа дурссан. “Фэйсбүүкийн групп нээгдэх үед Цэцэгмаа над руу утасдаад. Ганжаа групп нээчихсэн, ороорой гэсэн” гээд сандран ярьж байв. Тэрээр найз нөхөд, ангийнхнаа хичнээн их санадгийн илэрхийлэл нь арван жилийн альбомоо Монголоос захиулж Америкт авчруулснаас нь мэдрэгдэнэ. “Хүмүүс ааруул борц захьдаг. Тэгэхэд би зургийн цомгоо захьсан даа” гэж хэлсэн нь сайхан хариулт байсан.

“Манай гурван анги чинь хоорондоо холилдсон. Нэг ангийнхан л гээд ойлгочиход болно. Нэг сэтгэлтэй, нэг бодолтой хүмүүс” гэж Ганжаа буюу Ган-Очир ах хэлж байна. Эл эрхэм сургуулиа алтан медальтай төгсөөд Политехникийн сургуульд элсэн орж тус сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсөж байсан гэдэг. Тэгээд эх орны зүүн хязгаар Дорнод аймгаас ажил амьдралын гараагаа эхэлжээ. “Би чинь улсад ердөө долоон жил ажилласан хүн. Тэгээд хувийн бизнес хөөсөн. Японоос машин зөөсөн анхдагчдын нэг байлаа.Одоо уул уурхайн хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх компани байгуулаад ажиллаж байна” хэмээсэн юм. Төгсөлтийнхний 20, 30 жилийн уулзалтын тухай нандин дурсамжийг хуучилсан. “Сайхан зохион байгуулчихаад ард нь чимээгүй үлдэх дуртай” гэж даруухнаар инээмсэглэн өгүүлж байлаа. “Гурван ангийн хүүхдүүдийн сайн сайхан явж байгаа нь багш нартай холбоотой. Тухайн үед дандаа тоо физикийн багш нар хичээл орж, хатуу чанга хүмүүжүүлсэн. Залуу насанд багш нарын хөдөлмөрийг ойлгодоггүй байжээ. Одоо бүгд хэлдэг. Лодой багшийнхаа хүчээр, Мажигжамбаа багшийнхаа хүчээр бид ингэж явна. Манай ангиас найман эрэгтэй хүүхэд байлаа. Сурлагаараа эхний наймд жагсана. Гурван арвыг жагсаахад Даржаа, Өнөрбаяр, Бээжин, Батцэнд, Батжаргал бид орно. 10в-гийн энэ хэд тачигнуулна гэж бусад маань хэлдэг” хэмээн бахархсан. Ганжаа ах 7-10 дугаар ангидаа математик, физикийн олимпиадад сургуулиа төлөөлж тасралтгүй оролцжээ. Улсын аваргад дөрөвдүгээр байрт орж байсан. Хотын аваргад хоёр, гуравдугаар байрт шалгарч байсан гээд амжилтууд нь дурайна. Өөрөө бол тун чиг даруухан нэгэн. “Сор кашмер” компанийн үйлдвэрийн дарга Жаргалын Гансүх. Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгссөн тэрээр Балданхүү, жижиг Жагаа нартай 72 дугаар сургуульд улс төрийн дууны “Мөнхийн золбоо” хамтлаг байгуулж үйлдвэрүүд, сургуулиудад очиж дуулдаг байснаа сонирхуулсан. Мөн жигдхэн формоор ижилсдэг, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн тэмдэг зүүдэг, “Цэнхэр дэлбээ” клуб байгуулж бага ангийн хүүхдүүдийн сургалтад нь тусалдаг байснаа ч хэлсэн. Хань Энхцэцэгтэйгээ нэг анги ажээ. Урд ширээндээ суудаг охиноо панаалдаад насны ханиа болгосон сүрхий эр. Солонгосоос ирсэн Базаргүрийн Ганцэцэг “Лхагвасүрэн бид хоёр гэр бүл болсон. Хань минь Солонгост байна. Хүүхдүүд маань тэнд сурч байна. 35 дугаар сургууль, 17 дугаар сургууль, тэгээд 49 дүгээр сургуулийн анхны сурагчид” гэж дурсамж сөхсөн. Солонгост байхдаа фэйсбүүкээр америкийн Мөөгийтэйгээ холбогдон шөнөжингөө арван жилийнхээ дурсамж дурдатгалыг бичилцсэн байна. Ямар гоё сэтгэл гэж санана. Усанд явж байсан, хадлан, төмсөнд явж байснаа дурссан. “Бүх дурсамж минь нүдний өмнө жирэлзээд өнгөрч байна” гэж тэрээр зураг шиг хэлсэн юм. Хайрцагны завод дээр очиж хайрцаг хадаж байсан тухайгаа, хайрцгандаа орж тоглодог байснаа Мөнхцэцэг тэр хоёр ярьсан.

Ч.Найманжин нийслэлийн авто замын газар ажиллаж байсан гэнэ. Аав Чойжилсүрэн нь Партизаны сангийн аж ахуйн дарга, гавьяат зоотехникч байсан аж. Охидоо тэвэрч явсныг харсан аав нь “Ямар сонин юм, чи сангийн аж ахуйн бух уу” гэж загнасан гэдэг гээд инээлдэж байна. Мөн Лодой багш шавь нараа гараараа гөрдөг байснаа сонин болгож хэлсэн. Тамхи татсан нэгийг нь алганы амт үзүүлдэг байсан нь тэр. Өөрөө болохоор труб зуугаад хичээлээ заана. Миний сайн юмыг ав. Муу юмыг авбал та нартай хатуу ярина. Эрэгтэйчүүдийн тоглоом хатуу гээд хөвгүүдээс баталгааг нь авдаг, ээж аавуудтай нь таван салаа боов өгнө шүү гээд гэрээ байгуулдаг байжээ. “Тэр үеийн эцэг эхчүүд яасан ч сайхан байсан юм гэж байв. Өөрсдөө ховлоод хүрээд ирдэг сэн. Одоо тэгэх юм бол хэрэгтэн болно” гээд инээж байв.

Цэдэнбалын Даваасүрэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд 18 жил ажиллаж буйгаа, 10б-гийн эвлэлийн үүрийн дарга байсан Ж.Эрдэнэчимэг тооны хичээлд дуртай байснаа, Д.Пүрэвсүрэн Төмөр замтай ажил амьдралаа холбоод одоо Сэлэнгийн Шаамарт зөгийн аж ахуй эрхэлж буйгаа Ч.Отгонжаргал зээ нараа ханьдаа тушаачихаад Эрдэнэтээс ирснээ уулзалтдаа зорин дуулгалаа. Монголын Онегин гэгддэг гавьяат жүжигчин Монголын болоод дэлхийн сонгодог дуурийн гол дүрийг бүтээсэн хүчирхэг дуучин Магилжавын Болд найрыг удирдсан. Н.Алтанцэцэг, Залмаагийн Мөнхцэцэг нар Сүхбаатарын районы хөнгөн атлетикийн нэртэй тамирчид гэдгээрээ ангийнхныхаа бас л бахархал болсон бүсгүйчүүд. Ийнхүү 72 дугаар сургуулийн нэрийн хуудас болсон ангийнхны 35 жилийн уулзалт халуун дотно, биенээ хайрласан, санасан сайхан дурсамж дурдатгалаар өрнүүн болсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *