Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Хэдхэн хоногийн өмнө НИТХ-ын дарга Ц.Сандуйн дүү оффшорт данстай талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Жил гаруйн өмнөөс яригдаж буй уг асуудал өнөө хэр шийдэгдээгүй. Тэрээр уг асуудалд ч дорвитой хариулт өгөөгүйн дээр хууль хяналтын байгууллагууд ч түүний дүү Ц.Сэргэлэнгийн оффшор дансны асуудлаар байцаалт авсан гэхээс хэтрээгүй билээ.

МАН дотор Засгаа огцруулах үгүйгээс эхлээд нэр нөлөө бүхий хэд хэдэн гишүүнтэй нь холбоотой оффшор данс, 60 тэрбумын бичлэг гээд мундахгүй олон асуудал шил даран гарсаар байна. Ц.Сандуй өөрийгөө жирийн төрийн албан хаагчаас эхлүүлээд өнөөдрийн албан тушаалд хүртлээ хөдөлмөрлөсөн хэмээн ярих дуртай нэгэн. Гэтэл түүний нэр дор хэдэн зуун саяар яригдах хэмжээний олон объект бий. Түүнчлэн бизнесийн түүхэн замналгүй төрсөн дүү Ц.Сэргэлэн нь хэд хэдэн компани байгуулж, оффшорт данстай нь илрээд буй. Гэтэл улс төрийн ийм эмзэг цаг үед энэ асуудал дахин дэврэх болсон нь МАН-д бол хэтэрсэн ачаа биз ээ.
Гэтэл өнөөдөр гэнэтхэн НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. “60 тэрбумын бичлэг” дээр хүртэл гэнэ алдаж үг дуугарсан Ц.Сандуйг МАН-ынхан баруун солгойгүй өмөөрч байсан цаг саяхан. Гэтэл ямар учраас тэрээр ийнхүү гэнэтхэн өргөдлөө өгөх болов. Түүний өргөдлөө өгсөн шалтгаан нь “60 тэрбумын бичлэг”, дүүгийнх нь оффшорын асуудал биш байв.
Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны сонгуульд долоон дүүрэгт ялагдсан шалтгаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан байна.
Наагуураа бол 60 тэрбум төгрөг босгохоор зэхсэн гэх хэрэгт буруугүй гэдгээ батлан харуулахын тулд НИТХ-ын даргын суудлаа ийн өгөхөөр болсон хэмээн тайлбарлажээ. Гэвч үнэндээ тэрээр намын дарга М.Энхболдтой муудалцсан гэх албан бус мэдээлэл ч байна.
Өргөдлөө өгсөн тухайд нь бүлгийнхэндээ товч тайлан тавьсан бололтой. Би ийм, тийм ажил хийсэн гэдгээ хэлээд өргөдлөө өгсөн бололтой.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *