Categories
мэдээ цаг-үе

Уртын голын сайн малчин Ж.Батцэнгэл

Үүрийн туяа шаргалтсан, нам гүмийн дунд Уртын хөндий алсран оджээ. Хойшоо харвал Залаа уулын энгэрээр нэг мянгат малчны хонь дэлхэн бэлчинэ. Батцэнгэл нэг харахад баруун талд нь нөгөө харахад зүүн талд нь явж үзэгдэнэ. Түүний гуугласан дуу чихэнд хангинасаар байлаа. Сонсоогүй удсан энэ аялгуу ийм сайхныг мартжээ. Ноход нь хуцаж, хонь ямаа майлалдан, тургиж үймрэн, Батцэнгэл маань чимээ өгөн гуугласан юм. Хэдэнтээ гуугласаны дараа малын чимээ аядаж, би ч нам унтжээ.

Гууглах… Энэ аялгууг ноотлох юмсан гэж сонсонгуутаа би бодож билээ. Огт ноотлогдоогүй аялгуу энэ байх. Надад тийм авьяас байдаггүй. Батцэнгэлийн гууглах нэг л ер бусын байснаас өглөө сэрсэний дараа ч хангинасаар байсан хэрэг л дээ. Түүний гууглаанд малаа гэсэн сэтгэл, хүн малын нандин холбоо, их эрчим байгааг л би мэдсэн. Эзнийхээ дууг сонсоод мал нь тайвширч, чимээ аядан нам гүм болж билээ. Маргааш шөнө нь бас л мал нь үймсэн. Батцэнгэл бүр мотоциклио асаан хонио тойроод ирсэн. Манай хангай, хангайн амьтантай. Хангайн амьтан эргэсэн үү, яасан лав л мал нь эзнээ унтуулаагүй хоёр хоног болсон. Шөнө унтаагүй хэр нь Батцэнгэл дөрвөн цаг өнгөрөөгөөд малаа туун бэлчээрт гарч байлаа. Өглөөний сэрүүнд малаа идээшлүүлэн тарга хүч авахуулах нь түүний ажлын гол туршлага. Тарган мал тал бүрийн ашигтай. Гантай жил хатуу өвөл болдог гэж орсон айл бүхэн санаа зовж байлаа. Эхнэр Г.Одончимэг нь бас үнээгээ дөрвөн цаг өнгөрөөгөөд саачих юм. Тэднийх 4050 үнээтэй тул ганцаараа саахад хүндхэн. Гантай байгаа болохоор нэг нэг ивэлгээд тугалаа тавьж байлаа. Тушаа хэрэглэхгүй юм. Үнээгээ уяхгүй юм. Малаа ингэж сургана гэдэг нь бас л эрдэм дээ. Эхнэр, нөхөр хоёр ийм ажилтай, малаа л гэх чин сэтгэлтэй улс.

Бага үдийн алдад малчин маань гэртээ ирлээ.Ханцуйгаа сугалдаргалж, гар цээж нь гялтганаж харагдах ажээ. Манай хөдөөнийхөн өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Үс нь тас хар, шүд нь цав цагаан, ямар ч гоо сайхны салон бүтээж чадахгүй хүрэн бор царай. Нар, салхи, хүйтэнд үл ажрах эрүүл бие. Энэ бүхнийг эрүүл бие, хөдөлмөрийн гоо сайхан гэх байх. Тэднийх Хөшөөтийн эхэнд зусч байгаад энд дөнгөж буусных нь дараа бид очсон юм.

Хөшөөт зуншлага илүү сайхан байх шиг санагдсан. Яагаад нүүгээд ирэв ээ гэж түүнийг ирэхэд би асуулаа. Залаа уулын энгэрийг би өвс багатай байна уу гэж хараад байлаа. Мал тогтдоггүй ээ. Хөшөөт чинь борог өвстэй. Уртын хөндий нарийн өвстэй байдаг. Махан тарга авахад Хөшөөт, өөхөн тарга авахад Урт илүү дээ гэж байна. Тэр ч бүү хэл Уртын ус зөөлөн, эм амьтай, Хүйсийн ус хатуу, эр устай гэхийг сонслоо. Эднийх жилдээ арван хэд нүүдэг гэнэ. Найман сар гараад урагшаа нүүнэ гэж байна лээ. Тэдний малын хашааг бид барилцсан юм. Гучин хэдэн метр өргөнтэй, хорин хэдэн метр урттай хашаанд хорь гаруй шон суулгаж байсан. Хашааныхаа арыг хүнд хар ременээр таглаж байв. Салхи шуурга, хүйтэн бороонд хачин нөмөртэй гэнэ. Шаггүй үнээр худалдаж авчээ. Урт ременийг босгоход хүн хүч их хэрэгтэй аж. Ременийг багананд төмрөөр хүлж баглах юм. Зөөлөн цагаан төмөр утас боодол боодлоор нь авч явдаг юм байна. Хоёр гурван лоом, бахь гээд л бүх зүйл бэлэн. Төллөх малаа хашдаг хашаа нь тусдаа, бас илүү хаваржаа, өвөлжөө базааж авчээ. Малынхаа төлөө мөнгө хайрладаггүй нь харагдаж байлаа.

Зах зээлд хэрэгцээт бүхэн байхаар ахуй нөхцөл мөн тэр хэрээр өөрчлөгдөх юм. Мал нь өсөөд малчид мөнгөтэй болж, нарны зайгаар зурагт, хөргөгч, угаагч машин ажиллуулж, баглааны төмрийг боодол боодлоор машиндаа ачин явж, дээр үед гөлөм ховор цагт эмээл хийдэг байсан ременээр хашаа хороогоо хааж, хөргөгч нь гэхэд мөхөөлдөс дүүрэн байх болжээ. Арван хэд нүүгээд хашаагаа бариад явна гэдэг бидний хотынхонд сонсоод ядармаар ажил ч гар санаа нийлэн бие биедээ тусладаг сайхан уламжлалаа хадгалсан тэд маань гол усаараа хонь малаа өсгөн сайхан амьдарцгааж байна.

Ерээд оны малчдын амьдралаас өнөөгийн малчдын амьдрал үнэхээр тэс өөр болжээ. Малыг малчдад гэсэн алдарт нийтлэл тэр үед зохиолч Цэнддоо бичиж байж билээ. Тэгээд нэгдэл тарж, мал хувьд очсон. 1993 онд Батцэнгэл зуугаад малтай л айл өрх болж байж.

Батцэнгэлийг 2005 оны найман сард сумын мянгат малчин болоод баяраа тэмдэглэж байхад нь очиж сурвалжлаад “Өдрийн сонин”-д “Шинэ хөдөө ба мянгат малчин” гэсэн тэмдэглэл нийтлүүлж байв. Түүнээс хойш 12 жил өнгөрчээ. Би нутагтаа очилгүй ийм удсан аж. Тэгэхэд тэднийх Уртын даваан дээр байлаа. Сонины тэмдэглэлийг эргэн сөхвөл, тэр үед “…Батцэнгэл баяраараа их нас уралдуулж, бөх барилдуулан түрүү магнаг нь таван ханатай гэр, удаахьт нь өнгөт болон хар зурагтаар байлахаар бүх бай шагналыг өөрийн мөнгөөр бэлдсэн байв. Нийслэлээс олон хүн баярт очсоны дотор ХААИСийн багш, доктор Бямбацогт байлаа. Хэн нэгнийгээ сайн сайхан явааг харж, тэдний өндөрлөгт хүрэх хүсэл тэмүүллээр шинэ цагийн малчин, монголын хэв төрхийг бүтээхээр хөдөлмөрлөж байна…” хэмээн бичжээ. Бөхөд нь одоогийн улсын начин Энхбат, моринд нь Дашинчилэнгийн нэг морь түрүүлж бай шагналд нь сайхан эрээн гэр ачаад явж байсан юм даа.

Батцэнгэл маань дараа нь аймгийн, улсын сайн малчин болж алдраа мандуулан, арван хэдэн жил мянгат малчныхаа болзлыг хангаж, араасаа олон мянгат малчин төрүүлж, нутаг усандаа гэхэд гучаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ажээ.

Мал маллах хамгийн буянтай ажил гэдгийг зах зээлийн үед харуулсан хүний нэг нь Батцэнгэл. Ажил хийхээс залхуурахгүй, архи уухгүй зөв явахын үлгэр нь Батцэнгэл. Одоо Уртын гуравдугаар багийнхан 13 мянгат малчинтай, албан ёсоор бүртгүүлээгүй ч цаана нь зөндөө мянгат малчин бий гэнэлээ. Сайн хүний үлгэр гурван үедээ гэдэг энэ биз ээ. Гуравдугаар багийнхан муу зуршлаас ихээхэн хол байж, бие биедээ туслан, бэлчээр усаа булаацалдалгүй буягт малаа өсгөн хангалуун сайхан яваагийн цаана Батцэнгэл байгаа юм. Өөрөө тэгж хэлээгүй л дээ. Олон хүн сурвалжлаад ажилдаа мэргэшээд ирэхээр хүний хэлсэн наад үгнээс цаад утгыг олоод харчихдаг болдог.

Эднийх хавар мал төллөх үеэр гурван туслах малчин авчээ. Цалин өгөөд дараа нь мал тасалж, гэр бариад өрх толгойлуулаад гаргахаар итгэл даасан туслах малчин хөдөөд их дутагддаг юм байна. Хавар малаа төллүүлчихвэл ажил нь хөнгөрнө. Туслах малчнаа ч цөөлнө. Одоо нэг туслах малчин байна лээ. Тэр нь адууны эрэлд явжээ. Азарга азаргаараа салаад өвс хөөгөөд явсан бололтой.

Гэрийнх нь гадаа хоёр мотоцикль, тэвштэй машин хоёр, суудлын тэрэг нэг байна. Жип машинаа чухал үед хэрэглэдэг тул өөр газар бий ажээ. Сумын төвд ч, хотод ч байр сууцтай. Мотоцикль, машинаа Батцэнгэл, гэргий, охин НоминЭрдэнэ нь ээлж ээлжээр унаад ажлаа бүтээнэ. Нүүхэд хоёр машин ордог бололтой юм. Ер нь хэрэгцээтэй техник тэднийд цөм бүрэн байна. Зурагтаар наадмын сүүлчийн бөх үзэж, бүр нарийн хөтөлж харагдана лээ. Санжаадамба аваргыг унахад их харамсч, Түвшинбаяр аваргыг заан болоход баярлаж, бөхийн учраа, унаа, давааг тэмдэглэсэн дэвтрээ далд хийж байлаа. Бас түүнээс гадна өдрийн тэмдэглэл хөтлөх юм билээ.

Бидний очсоны маргааш Батцэнгэл хонио нөгөө бэлд бэлчээсэн. Залаагийн энгэр цагаан харагдавч яг яваад очихоор нарийн ногоо дүүрэн ургасан байна лээ. Байгаль гэдэг харагдах өнгөнд биш юм. Хөдөөгийн амьдралаа мартсан би энэ бүхнийг ухаарч, сургуульд ороогүй жаахан байхдаа нэгдлийн үнээний ферм дээр тугал татаж явсан газраа харуулдан суув. Хажууханд нь Д.Бор хоньчных байх. Тэр үед сүүний ферм Бүрэнханы ард гарна. Одоо тэнд дуучин Батболдын аав Хишигбаярынх зусч байна. Он оныг тэд маань энэ нутагтаа үдэж, тэр жилүүдийн дундуур амьдрал урсан өнгөрч, хүүхдүүд нь томорч, сургууль эрдэм хөөцгөөн, “шувуу шиг нисэн ирцгээж, нисэн одно”. Энэ хавьд одоо хэдхэн хүний үр удам үлдэж байна хэмээн Хишигбаяр санаашран хэлж байсан нь санагдаж байна.

Аав маань л их эрт малаа бэлчээдэг хүн байсан. Надад удамшсан мал маллах ухаан хэмээн улсын сайн малчин ярьж байв. Батцэнгэл улирал улирлын байдалд тохируулан хонь малаа бэлчээрлүүлж, хаваржаа, өвөлжөөгөө зөв ашиглаж, бас хажуугаар сум, багийн төрийн ажлыг амжуулж явна. Энэ хугацаанд байгалийн бэрхшээл олонтоо тохиолджээ. Хэдэн жилийн өмнө цас их унаж, зарим айлын гэрийг цасан дотроос ухаж гаргаж байжээ. Бас нэг удаа сүрэг чоно хоттой хонь руу нь дайрч, гараад мотоциклийн гэрэлд харахад тэнд ч нэг хонь тэрийн унаж, хажууд нь чоно, энд ч нэг чоно хажууд нь ямаа тэрийн унасан байж. Эхнэр нөхөр хоёр, хоёр мотоцикль асаан давхиж, хоёулаа буу тавин нэг юм чононуудыг хөөсөн ч маргааш нь үзвэл хэсэг мал нь алга болсон байжээ. Мал эзнийхээ аминд ордог юм шиг байна лээ. Дараахан нь би хагалгаанд ороод бие минь тэнхэрсэн гэж малчин хуучилж байв. Мал хүн хоёрын хүйн холбоог нүүдэлчин монголчууд л мэднэ дээ.

Биднийг очихын өмнөхөн Батцэнгэл, багийн төвийн барилгыг өөрийн 13 сая төгрөгөөр засч янзлаад байлаа. Хуучин барилга нь ашиглах аргагүй болж, багийн хурлаа айлд хийж төрийн ажил тийм хэмжээнд байсанд санаа нь зовж, мөнгө хөрөнгө гаргажээ. Бүжгийн талбай, сүүдрэвч хүртэл хийжээ. Ер нь багийнхан ноолуурын баяр гэхчлэн өөрсдийн баяртай. Тэр бүхнээр нийлэн сэтгэлээ сэргэтэл наадаж, баг баг болон тэмцээн зохиодог байна. Гэсэн ч архиар нааддаггүй нь манай хотынхонд туршлага болмоор зүйл юм билээ. Шинэ барилгын ёслол хийх юм гэнэлээ. Ёслолд хэрэглэх идээ ундаа бэлтгэхээр хот явна гэж ярьж байв. Улсын сайн малчин Батцэнгэл хаа байгаа хойт хил дээр ажилладаг заставынханд хүртэл унааны морь бэлэглэж, улсын ачааг хөнгөлж байна. Өөрөө хилийн цэрэгт алба хашсан хүн.

Энэ бяцхан хөрөгт түүний хийсэн бүтээснийг багтаах боломжгүй. Сайн малчин Батцэнгэл аргагүй л өөр, үлгэр жишээ болсон малчин юм. Тэрбээр нутаг усны буян болсон соёлын үнэт өвийг сумандаа байлгах холын бодолтой. Авсан гаанс нь гэхэд аравт багтана гэж байв. Түүний тухай бичиж суухад нийслэлд усархаг бороо шивэрч байна. Болдогсон бол хөдөөдөө аваачаад өгөх юмсан. Булган аймгийн Могод сумын гуравдугаар багийн улсын сайн малчин Батцэнгэлийн тухай хөрөгөө ийнхүү жаргаав.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *