Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт гишүүн эмэгтэй хүнийг өмөөрөхийн оронд хүчин үйлдсэн гэх нөхрийг хаацайлж суух юм

УИХ-ын гишүүн Монгол төрийн түшээ залуу хүчингийн хэрэгт холбогдож нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Арга ч үгүй биз. Төр түшилцэж, улс эх орныхоо бодлогыг тодорхойлох эрхэм үүрэгтэй гишүүн хүүхэн шуухантай орооцолдож, бүр хүчингийн хэрэг үйлдсэн гэх мэдээлэл нийгэмд үнэхээр том дуулиан тарьлаа. Үүнийг сонссон хүмүүс чихэндээ ч итгэхгүй яваа нь ойлгомжтой. Ямар сайндаа манай сонин “Саарал ордон маань Салтаа байцаах газар болчихсон юм уу, эрхэм гишүүд ээ” хэмээн бичиж байхав дээ. Монгол төрийн түшээ, Монголын төрт ёсны Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Чингис хааны нутгаас төрсөн хүн ийм хөнгөн гоомой зүйл хийх ч гэж дээ гэж ард түмэн ярьсаар байна. Анхандаа ард түмэн УИХ-ын гишүүн залуу хүчингийн хэрэгт холбогдсоныг сонгуультай холбон “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн хүлээж авч байлаа. Учир нь тэгж бодогдуулах шалтгаан байлаа. Залуу гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Х.Баттулгын талаар холбогдох баримтуудыг удаа дараа дэлгэж байсан нь энэ дуулианаас өөрийгөө хамгаалах зэвсэг болж байв. Түүнчлэн өөрийг нь гүтгэж, нэр хүндэд нь халдаж байна хэмээн сүржин ярьж байсан. Гэвч төд удсангүй залуу гишүүнд хүчиндүүлсэн гэх эмэгтэйн эгч С тухайн хэрэгтэй холбоотой бүх баримтыг олон нийтэд дэлгэж, хэвлэл мэдээллээр цацсан нь ёстой л нийгмийг алмайруулав. Залуу гишүүнтэй холбоотой олон баримт дэлгэхээс гадна видео дүрс бичлэг хүртэл онлайн сүлжээнд байрлуулсан нь ард түмэнд нэгийг бодогдуулсан биз ээ.

Гэтэл өнөөх хүчингийн хэрэгт холбогдсон гишүүн Монгол Улсын УИХ-ын алтан соёмбот индэр дээрээс өөрийгөө хамгаалахыг оролдож мэдээлэл хийгээд авсан. Төрийн мэдээллийг түмэнд түгээдэг энэ индэр дээрээс хүүхэн шуухантай холбогдсон, муугаар хэлбэл улаан махны бузар гэж цээрлэдэг хүчингийн хэргийг хийсэн, хийгээгүй гэдгээ нотлохын тулд мэдээлэл хийхдээ үнэндээ л ичсэнгүй. Тэгсэн хэрнээ хүчиндүүлсэн гэх эмэгтэйгийнд хоносноо хүлээж, бүр бандааштайгаа гарснаа ч албан ёсоор хэлсэн. Ийм л юм болсон.

Гэтэл саяхан УИХ-ын гишүүн М.Билэгт гэх эмэгтэй монголын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө нөгөө хүүхэн хүчиндсэн гээд байгаа нөхрийг улаан цайм хаацайлж, хамгаалж ярьсан байх юм. Арай ч дээ, монголын эмэгтэйчүүдийг төлөөлж төрд орсон хүн. Үгүй байг гэхэд адилхан эмэгтэй хүн шүү дээ. Бүсгүй хүний бүлээн, зөөлөн сэтгэл, ёс суртахуун хаачих нь энэ вэ. Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг өргөхөөр орж ирсэн бүсгүй хүн бусдыгаа хүчиндүүлсэн гэхэд хамгаалж, өмгөөлж ам нээх байтал хүчиндэгч гэх нөхрийг өмөөрөөд сууж байх юм. Монголын өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн асуудал ийм доромж байдалд хүрсэн юм уу, эрхэм эмэгтэй гишүүд ээ… Монгол төрийн цол хэргэмтэй, хөрөнгө мөнгөтэй л бол яаж ч дураараа дарвиж, хүүхэн хүчиндэж, хүн алсан байсан ч асуудал биш. Харин хүчиндүүлсэн гэх бүсгүйн буруу болж хувирдаг болоо юу. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр ард түмний саналыг авч, тэдний итгэлийг өвөртлөн нийгмийг гэгээрүүлэх хууль санаачлагч, батлагч төрийн түшээд ийм байдалтай саарал ордонд сандал бөглөн сууна.

Д.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *