Газрын тосны экспортын татвар наймдугаар сарын 1-нээс эхлэн 6,5 доллароор буурч, нэг тонн тутамд ногдох татварын хэмжээ 74,4 доллар болно гэж ОХУ-ын Сангийн яамны мэдээлжээ.
Одоогийн байдлаар газрын тосны экспортын татвар 80,9 доллар байгаа юм.
Өнгөрөгч зургадугаар сарын 15-наас 7 дугаар сарын 14-ний хооронд хийсэн мониторингийн дүнг үзвэл, Urals маркийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 45,65955 доллар буюу нэг тонн нь 333,3 доллар байсан юм.
Уг мэдээллээс харахад зуурамтгай чанар өндөртэй газрын тосны татвар 12,4 доллароос 11,2 доллар болж буурах юм. Газрын тосны салбарт хийгдэж буй татварын өөрчлөлтийн хүрээнд батлагдсан тооцооллын шинэ томьёоны дагуу Дорнод Сибирь, Каспийн ордууд, Приразломын ордуудын газрын тосны татварын хөнгөлөлт 0 түвшинд хэвээр байх аж.
Тунгалаг газрын тосны бүтээгдэхүүн болон тосны татвар нэг тонн тутамд 22,3 доллар, өтгөн хар газрын тосных 74,4 доллар болох юм. Таваарын бензиний экспортын татвар 22,3 доллар хүртэл, шууд нэрэлтийнх /нафта/ 44,4 доллароос 40,9 доллар болж буурах ажээ. Шингэрүүлсэн хийн татвар 0 түвшинд хэвээр үлдэх бол коксын татвар тонн тутамд 4,8 доллар болж буурах юм байна.