Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар (III)

Түрүүч нь №138(5705), 140(5707), 141(5708) дугаарт

Хангинахын хошуунаас Хунцал зурамтай руу хөдөллөө. Уул ус нь тэгширсэн үнэхээр сайхан газар юм. Шүд хага ташим хүйтэн булаг хоржигнон урсах, торго шиг ногоон зүлгэн дээр хээрийн цэцэгс алаглан ургажээ. Модны захад идээшилж байсан 20 гаруй тооны хээр зүсмийн азаргатай адуу усанд ирж байгаа харагдлаа. Улаан зээрд зүстэй гүү цагаан хонгор эр унага гаргажээ. Эхээс төрөөд удаагүй цагаан хонгор унага эхийнхээ араас ээдрээ нь гараагүй хөлөө энд тэнд гишгэлсээр цогих аж. Х.Уртнасан гуай “Эхийгээ дагаж яваа нялх амьтныг харах болгондоо ээжийгээ маш их санадаг. Би ээжийнхээ хайранд хүн болсон юм шүү дээ. Нас ахих тусам эх хүний үрээ гэх сэтгэл юутай ч зүйрлэмгүй гэдгийг улам ихээр мэдэрч байна даа” гээд л хоолой нь зангирч байна. Хунцал зурамтайд Х.Уртнасан гуайн аав Ц.Хорлоогийнх олон жил зусч байсан гэнэ. Зуны эхэн сар гарч, дэлхий дэлэгнэх дэлгэр цагаар Мандал хайрханы хойд арын хөх бууцнаас ийшээ нүүж ирдэг байжээ. Шинэ нутагт буурь сэлгэж сэргэлэн ногоон дэнж дээр гэрээ барьж байхдаа “Ундаа миний охин булагаас ус аваад ир. Цай чаная” гээд л ээж нь аядуу зөөлнөөр хэлдэг байсан гэнэ. Х.Уртнасан ч хүйтэн булгийн усыг шанага дүүрэн хутгаж залгилсныхаа дараа хувиндаа ус дүүргээд гэр рүүгээ алхдаг байсан талаараа ярилаа. Мөн зуны гурван сар энэ л цэцэгт хөндийгөөр дүү нартайгаа хөл нүцгэн уралддаг байсан, хоржигнон урсах голын эргийн зүлгэн дээр бүртийх ч үүлгүй хөх тэнгэр ширтээд мөрөөдөлдөө умбан хэвтдэг байснаа ч дурсав. Магадгүй тэр нэртэй дуучин болоод аав, ээжийгээ баярлуулна даа гэж хүүхэд насны гэгээн хүслээр жигүүрлэн мөрөөдөж хэвтсэн байх. Тэр мөрөөдөлдөө ч хүрч, дэлхийн шилдэг дуучин болсон биз ээ.

Х.Уртнасанг анх дэлхийн томоохон театруудад дуулахаар очиход “Азийн дуучин сонгодог урлаг, тэр тусмаа дуурийн дууг дуулна гэж юу байх вэ дээ” гээд тоодоггүй байсан гэнэ. Тэгсэн мөртлөө дуулаад эхлэхээр нь бүгд л ангайчихдаг байсан аж. “Юун Азийн нэг муу дуучин. Энэ хүн чинь үнэхээр гайхалтай дуулдаг хүн байна. Хаана сурахаараа сонгодог дуурийн дууг ингэж төгс дуулж чадаж байна вэ” гээд шүтэн биширдэг байсныг нь үеийнхэн нь, багш нар нь ам уралдан ярьдаг билээ. Ингэж л тал нутгийн малчин айлын охин дэлхийн дуурийн урлагт цахиур хагалсан аж. Х.Уртнасанг дэлхийн томоохон театруудад дуулна гэдгийг сонссон үзэгчид түүний инээж, хөхөрч, баярлаж хөөрч, уйлж, гунигтайгаар дуулж байхыг үзэх гэж ирдэг болсон байна. Тоглолт үзэхээр ирсэн үзэгчид Х.Уртнасанг дуулахдаа хоолойн цар хүрээ нь дээшээ аль өнгөн дээр очиж байгаа, харин доод өнгийг хэрхэн авч чихэнд сонсголонтой хүргэж байгааг сонсох гэж л ирдэг болжээ. Х.Уртнасан маш богино хугацаанд “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрээрээ дэлхийн шилдэг дуучин болж чадсан байдаг. Сонгодог урлаг тэр тусмаа дуурийн дууг хөгжүүлж байгаа улс орнууд “Чио Чио Сан”-г Монголын Х.Уртнасан шиг дуулуулах гэж, түүнийг үлгэр жишээ болгон ярьдаг болсон гэдгийг урлаг судлаачид онцлон ярьж байна лээ. Хагас зуун жилийн хугацаанд Х.Уртнасан шиг “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрийг үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хүргэх дуучин төрөхгүй байгаа гэдгийг ч уулзсан хүн бүр ам бардам хэлэх юм.

ТЭР МОНГОЛЫН ДУУРИЙН УРЛАГТ ӨӨРИЙНХӨӨ ЗАЛГАМЖЛАГЧ “ЧИО ЧИО САН”-Г “ТӨРҮҮЛСЭЭР” БАЙНА

Х.Уртнасан 50 настай, хоолой нь цуцаагүй байхдаа гэнэт л тайзнаас буучихсан. Зодог тайлах болсон талаараа Х.Уртнасан гуай “Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн байгаа, сайхан байгаа бүтээлчдийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсарсаар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш, ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Л.Цогзолмаа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. “За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү” гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан. Гэтэл насны эрхээр миний алтан портнёрууд маань яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод явчихлаа. Ингээд ер нь миний портнёр цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь надаас бараг хорь дүү хүн биз дээ. Ингээд л дахиж тайзан дээр гарахгүй байх шийдвэр гэнэт гаргасан даа. Чулуун багшийгаа амьд сэрүүн дээр багштайгаа “Чио Чио сан”-аа нэг дуулаад л буусан. “…Одоо би арван тавтай..” гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр “ ..Одоо би яг тавьтай” гээд дуулсан чинь үзэгчид нирхийгээд явчихсан. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш “Үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа” гэж билээ. Түүнээс хойш “Чио чио сан”-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан “Чио чио сан” бэлдсэн хүн дээ” гэв.

Х.Уртнасан зөвхөн дуулаад яваад байгаагүй. Өөрийнхөө дараагийн үеийг бэлтгэх гэж амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулж явна. 1974 оноос хойш дуурийн сайн дуучин бэлтгэж байна. Түүний мундаг шавь нарын нэг нь Ардын жүжигчин Б.Жавзандулам. Х.Уртнасан өөрийн хамгийн хайртай дүрийн нэг “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрээ шавьдаа залгамжлуулж өгсөн. Өөрийнхөө мэдэж, чадах бүх зүйлээ шавьдаа зааж өгсөн байдаг. Олон жил гадаадад хүүхдүүдтэйгээ амьдарч байгаад ирснийхээ дараа шавь Б.Жавзандуламыгаа дуулахыг үзэгчийн суудлаас сонсоод уйлж байсан гэдэг. Дорноговийн “Саран хөхөө” театрт ажиллаж байгаа гавьяат жүжигчин Л.Нарантуяа гэж дуучин бий. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин гавьяат жүжигчин Д.Дагийсүрэн, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран гээд л түүний шавь олон. Залуу дуучин Б.Энхнарантай холбогдож багшийнх нь талаар асуухад “Багш маань их нарийн мэдрэмжтэй хүн шүү дээ. Аливаа зүйлд үргэлжид сэтгэлээсээ ханддаг. Сэтгэлд нь хүрэхгүй зүйлд дургүй. Бүх л зүйлийг хэмжээнд нь тултал гоё байлгах гэж хичээдэг. Тийм болохоор шавь нарыгаа аль ч талаар нь сайхан байлгах гэсэн сэтгэл нь үргэлж явж байдаг. Түүнийг шавь нар нь эхэн үедээ ойлгохгүй ч жил өнгөрөх тусам багшийгаа ихээр мэдэрч, сэтгэлд нь хүрэхээр их баярладаг. “Х.Уртнасан багш дээр чамайг хуваариллаа гэхэд нь би дотроо мундаг том хүн дээр очиж байна даа, одоо яана даа” гэж бодож байсан. Гэвч эхний өдрөөсөө л багшийгаа биширсэн. Багш их сайхан зүйл ярьж, зааж өгнө. Өөрийнх нь дуулсан бичлэгийг нь үзээд хэзээ ингэж дуулдаг болно доо гэж боддог. Багш шигээ дуулдаг болно гэдэг маш том уулын өндөр оргилд хүрэхтэй адил юм. Тиймээс анх багш дээрээ очсон өдрөөс эхлээд л сүр хүчийг нь мэдэрч эхэлсэн. Одоо ч мэдэрч байна. Цаашид ч мэдэрсээр байх болно. Миний багш Дуурийн урлагт маш том оргилыг бий болгосон дуучин. Тэр оргилыг гүйцэж давах дуучин одоогоор байхгүй” хэмээн ярилаа. Х.Уртнасан гуай 1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар” жүжгийг, 1991 онд өөрийнхөө гол дүрд нь тоглож дэлхийн шилдэг дуучин болсон “Чио Чио Сан”, 2002 онд Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын “Хар Хорум” дууриудыг найруулан тавьсан байдаг.

АРДЧИЛАЛ СОНИНЫ АНХНЫ ЭРХЛЭГЧ С.АДЪЯАХҮҮ БУЮУ Х.УРТНАСАНГИЙН НАСАН ТУРШИЙН ХАНЬ

Х.Уртнасан гуай ээжийгээ дагуулаад дуучин болохоор хөдөөнөөс ирж, Ардын ансамбльд шалгалт өгчээ. Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нарт шалгуулж байхад нь түүний ирээдүйн нөхөр Сандуйдоржийн Адъяахүү шүүгчдийн дунд сууж байсан гэдэг. Дуучны нөхөр Монголын залуучуудын төв хорооны зааварлагч хийж байгаад одоогийн Драмын театрын буюу Залуучуудын ордны орлогч даргаар ажиллаж байсан аж. Х.Уртнасан өрөөндөө дуучдын хамт сууж байтал Сандуйдоржийн Адъяахүү гуай ороод ирсэн гэнэ. Өрөөнд орж ирснээ “Цаг хэд болж байна вэ” гэж асуухад нь Х.Уртнасан гуай 10:11 цаг болж байна гээд бусдаасаа түрүүлээд хариулчихсан гэнэ. Тэр цагаас хойш тэдний хайр сэтгэлийн сэжим эхэлсэн гэдэг. Гэхдээ Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад гуай С.Адъяахүү, Х.Уртнасан нарыг хооронд нь ойртуулж, дотно танилцуулж байжээ. Н.Норовбанзад гуайн нөхөр Банзрагч, түүний нөхөр С.Адъяахүү нар МУИС-ийн сэтгүүл зүйн нэг ангийн хоёр аж. Мөн Б.Явуухулангийн гарынх нь хоёр шавь юм байна. С.Адъяахүү, Х.Уртнасан нар хамтдаа нийтийн бүжгэнд явж, бүр чуулгын нийтийн бүжгийн аварга хосоор шалгарч байсан гэнэ. Тэдний хайр сэтгэл насан туршийн хамтын амьдрал ингэж л эхэлж байжээ. Тэд 1964 онд гэрлэж, дараа жил нь том охин А.Дамаа нь төрсөн байна. Мөн А.Гүнжав А.Жавзмаа нар нь хоёр насны зөрүүтэй аж. Түүний нөхөр С.Адъяахүү Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. “Ардчилал” сонины анхны эрхлэгч юм байна. 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж байхад “Хонхны дуу”-ны Х.Цогтсайхан, Баасан лам, зураач Тэнгисболд, Д.Сосорбарам нарыг гэртээ цуглуулаад оройжин ярьж суудаг байсан аж. Бүр “Ардчилал” сонинг ганцаараа хийж байсан тохиолдол ч байдаг гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бие төлөөлөгчөөр хүртэл ажиллаж байжээ.

Х.Уртнасан гуайг нөхөр С.Адъяахүү нь хайрлаж хүндэтгэж, аав, ээжээс нь дутахааргүй эрх дураар нь байлгадаг байсан гэдэг. Энэ талаар Х.Уртнасан гуай “Норовбанзадын нөхөр Банзрагч бид хоёр шиг тор бариад 20 дугаар дэлгүүрээс салдаггүй хүн алга гээд манай хүн хааяа гомдоллоно. Тэгэхээр нь “Одоо тэгээд яах билээ 45 хоног гадаад явна. 50 хоног бригад явна. Тэгээд гурван хүүхэд маань өлсөөд үхэх юм уу. Адилхан таван цагт тардаг эхнэртэй бол хамтдаа тороо бариад л явахсан” гэхээр чимээгүй болчихдог байсан. Би гурван хүүхдээ тээсэн, төрүүлсэн нь л үнэн. Миний өвгөн чинь их сайн хүн байлаа. Үе тэнгийнхнээсээ сонсдог л байсан. Нөхөр маань хардсан, зодсон гээд л. Миний өвгөнд ёстой тийм юм байгаагүй” гэсэн юм. Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдгийн адилаар Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасангийн ганц хүү А.Гүнжав, нөхөр С.Адъяахүү нь бурхны оронд очоод олон жил болж байгаа юм билээ. Одоо тэрбээр үр хүүхэд, ач, зээ нараараа хүрээлэгдэн жаргалтай амьдарч байна.

ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛГЭНД НОХОЙ АВСАН НЬ

Тэрбээр Узбекстаны дуурийн театрт уригдан “Тоска”, “Чио Чио Сан”, “Евгений Онегин” дуурьт дуулжээ. Хоёр дуурьт дараалан дуулаад дууссаны дараа тус театрын хамт олон төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Түүний санаанаас тэр төрсөн өдрийн баяр гардаггүй гэнэ. Түүнд театрынхан Чарли нэртэй овчарк бэлэглэж, удамшил болон эрүүл мэндийнх нь бичгийн хамт өгсөн байна. Ингээд Узбекээс Ленинградад очиж, дуулах ёстой байсан учраас нохойгоо Москва руу онгоцоор авч явж, Консулын газарт хүргэж өгсөн гэнэ. Ажлаа дуусгаад Монгол руу буцахдаа Чарлийг галт тэргээр авч явсан байна. Түүнээс хойш Чарли олон жил тэдний гэр бүлийн гишүүн болон амьдарсан тухай тэр дурссан юм.

Нар хэдийнэ жаргаж, бүрэнхий болж байхад бид Батсүмбэр сумаас Улаанбаатар руу хөдөллөө. Хаваржин ороогүй бороо биднийг явж байхад орсон юм. Шившээ зөөлөн бороо хөшиглөн намирч, ангасан хөрсөнд чийг өгч, бороо цайрсаар байлаа. Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасан “Нутагт минь сайхан бороо орж ган тайлагдлаа. Одоо ч малын зоо тэнийсэн сайхан зун болно доо” гээд л сэтгэл нь сэргэсэн байдалтай инээмсэглэн ярьж явлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар (II)

Мандал овоон дээр. Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай ЗХУ-д дөрвөн жил сурч байх үедээ нэгэн том мөрөөдөлтэй болсон байна. Ингээд сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ тэр мөрөөдлөө биелүүлэх их хүсэл тээж ирсэн гэдэг. Тэр нь түүний Монголдоо дуурийн дуулаачийн сургууль байгуулж, мэргэжлийн дуучин бэлтгэхээр сэтгэл шулуудаад байсан үе. Тухайн үеийн Соёлын сайдаар ажиллаж байсан Ч.Лодойдамба, н.Болд тэргүүтэй хүмүүст мэргэжлийн дуучны сургууль байгуулах талаараа хэлсэн гэнэ. Гэвч Г.Хайдав гуайн энэ хүслийг тэд үл тоосон шинжтэй “Чи сургууль байгуулна гээд хөөрцөглөөд байх юм. Сургууль нь хаана байна. Оюутан, багш нар нь хаана байна вэ” гэж амыг нь тагласан гэнэ. Гэсэн ч Г.Хайдав гуай зүгээр суусангүй. Мэргэжлийн дуучин болж чадах хүүхдүүдийг энд тэндээс цуглуулаад байсан аж. Мөн Ч.Лодойдамба гуайг хэдэн өдөр эргүүлдэж, шалж байгаад Ю.Цэдэнбалтай уулзуулсан байна. Ингээд Маршал Ю.Цэдэнбал Г.Хайдавын санааг дэмжсэн гэнэ. Ингэж л манай улс сонгодог дуурийн дуучдаа 1964 оноос эх орондоо бэлтгэсэн байдаг.

Батсүмбэр хайрхан

Г.Хайдав гуай энд тэндээс 13 хүн сонгон авсан нь Баадайжав гуай, жанжин Сүхбаатарт тоглодог Дашнамжил, Х.Уртнасан тэргүүтэй залуус байв.Тухайн үед Х.Уртнасан дуурийн дуучин болох гээд шалгалт өгч явсан байна. Харин Дуурийн театрт Г.Хайдав, А.Загдсүрэн, Пүрэвдорж, Дамиран гээд алтан үеийн архаг дуучид шалгуулагчдыг сорьж, шалгаад сууж байсан гэнэ. Өдөр, шөнөгүй “араажав” сонсч, явуулж байгаа дуу болгоныг нь цээжилсэн Х.Уртнасан А.Загдсүрэн гуайн “Москва орчмын үдэш” дууг дуулжээ. Тэнд байсан хүмүүс “Чи энэ дууг яаж сурсан юм бэ” гэж гайхан асуухад нь Х.Уртнасан “Араажаваас сурсан юм” гэж хариулсан гэдэг. Ингэж л Г.Хайдавын байгуулсан “Дуулаачийн студи” гэх нэртэй сургуульд Х.Уртнасан анх элсэн орж, дэлхийн дуурийн шилдэг дуучин болох замналаа эхлүүлсэн түүхтэй аж. Ингээд л Х.Уртнасан сургуулиа дөнгөж төгсөөд ирсэн, ёстой л будаг нь ханхалсан шинэхэн багш Г.Хайдавын гарын шавь болжээ. Багш нь шавьдаа өөрийнхөө мэдэж, сурсан бүх зүйлийг хэн хэнээс илүү заасан биз ээ. Х.Уртнасан хотод байхдаа гэрээ их санадаг байсан гэнэ. Амралтын өдрүүдэд хотоос сүүний машинд суугаад л гэртээ харьчихдаг байж. Аав, ээж, дүү нар дээрээ очиж, ээждээ үнээг нь сааж өгчихөөд сүүний машинд суугаад эргээд явдаг байсан гэдэг.18 настай оюутан болсон Х.Уртнасан ийм маягаар сурсаар дөрвөн жилийн дараа сургуулиа төгсөж, мэргэжлийн дуурийн дуучин болсон байдаг.

Г.ХАЙДАВ: БАГШ ХҮН ШАВЬТАЙГАА ТАЙЗАН ДЭЭР ХАМТДАА ГАРЧ, ГОЛ ДҮРД ТОГЛОНО ГЭДЭГ ҮНЭХЭЭР САЙХАН ЗҮЙЛ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайтай уулзаж гарынх нь анхны шавь нарын нэг,дэлхийн дуурийн шилдэгдуучин Х.Уртнасангийн талаар ярилцлаа.


-Дэлхийн дуурийн шилдэг дуучин х.Уртнасан таны гарын шавь. анх тань дээр дуучин болохоор ирж байсан үеэс нь дурсахгүй юу?

-Х.Уртнасанд би анх сонгодог урлаг, дуурийн дууг яаж дуулах талаар А үсэг заасан багш нь. Анх над дээр ирэхдээ Х.Уртнасангийн хоолойн цар хүрээ тийм ч гоц сайн байгаагүй. Гэхдээ цаанаасаа, нүгэлтэй авьяастай хүүхэд байсан. Зөв чиглүүлээд явах юм бол маш чадалтай хоолойтой болохыг нь алхам тутамдаа мэдэрч байлаа. Их шартай. Шарыг нь гозойлгоод загнахаар илүү сайн дуулна. Бидний сургуулилт хийж байгаад муудалцаж байсан нэг явдал санаанаас ердөө гардаггүй юм. Нэг өдөр “Чи ингэж дуулаад байхдаа яадаг юм бэ” гээд л нөгөөхийгөө загналаа. Тэгсэн өөдөөс “Ингэж дуулахгүй тэгээд яаж дуулах юм” гэдэг юм байна. Би ч уур хүрээд тас хийтэл алгадаад авлаа. Х.Уртнасан хаалга саваад гараад гүйчихсэн. Хэд хоног хичээлдээ ирсэнгүй. Сонсоод байх нь өрөөнд орж ирж чадахгүй яваад байгаа дуулдав. Тэгэхээр нь ойр дотны найз Ерөөгөөр дуудууллаа. Тэгсэн удалгүй “Хөөш тэгээд сургуулилт энэ тэрээ хийх юм уу” гээд хаалганы тэндээс хашгирч байна. Би ч “Наашаа ороод ир” гэлээ. Тэгсэн орж ирэлгүй буцаад явчихдаг байгаа. Тэгээд л удалгүй багш шавь хоёр эвлэрч сургуулилтаа сайн хийсэн юм даа. Үүнээс хойш би шавьтайгаа муудалцаж байсангүй. Би ЗХУ-д очоод юу сурч мэдсэн түүнийгээ бүгдийг нь заахыг хичээсэн. Чадсан ч гэж бодож явдаг. Миний сонгосон 13 хүүхдээс заасан бүхнээс минь илүү ихийг өөртөө авч чадсан нь Х.Уртнасанг гэж боддог.

-Та өөрийнхөө бэлтгэсэн шавьтайгаа олон том жүжигт хамтран тоглосон. Дандаа л гол дүр бүтээсэн байдаг байх аа?

-Тийм ээ. Багш хүн шавьтайгаа тайзан дээр хамтдаа гарч, гол дүрд тоглоно гэдэг үнэхээр сайхан зүйл. Х.Уртнасан маш богино хугацаанд Монголын эмэгтэй дуурийн шилдэг дуучин болсон. Багштайгаа эн зэрэгцээд жүжигт тоглох болсон. Бүр дэлхийн гайхалтай дуучин болж чадсан шүү. Их театрт Х.Уртнасанг дуулсны дараа надтай хамт сурч байсан хүмүүсээс “Монголын Х.Уртнасан гэж хүн манай театрт ирж дууллаа. Үнэхээр гайхалтай авьяастай. Х.Уртнасан гэгч Хятадын монгол уу, Оросын монгол уу. Арга барил нь гадаад дуучинтай их төстэй байна” гэсэн утгатай захиа ирсэн. Тэгэхээр нь “Наад хүүхэд чинь миний гарын шавь байгаа юм. Би бэлтгэж ийм болгосон юм” гэж хариу захиа бичиж билээ. Надад шавь олон бий. Гэхдээ Х.Уртнасан шиг дэлхийн том театраас эхлээд олон орны тайзан дээр дуулж явсан нь ховор. Тиймээс шавиараа би үргэлж бахархаж явдаг гэв.

Х.Уртнасан, МУГЖ Ц.Ерөө нар багш Г.Хайдавтайгаа

ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ ДУУЧИН

Х.Уртнасан дуучин маань 1970-1972 онд Болгарын консерватори төгссөн билээ. Болгарын сургуульд сурч ирснээс хойших хугацаа бол түүний ёстой л иртэй үе нь. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны X их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байв. Түүний энэ оргил цаг үеийг дэлхий дахин шагшин магтаж, түүний дуулахыг сонссон бүхэн уулга алддаг байсан тухай олон дурсамж яриа бий. Мөн “Монголын Х.Уртнасан” гэсэн нэр алдар дэлхийн дуурийн дуучдын дунд түгж, түүний хоолойн цар хүрээ, дээшээ, доошоо гарч байгаа өнгийг гадаадын бусад орны дуучид гайхан биширч, шүтдэг болсон байдаг.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦОНХООР ААВ, ЭЭЖ ДҮҮ НАРАА ДАЛЛАСААР ДЭЛХИЙН ТОМ ТЕАТРЫГ ЗОРЬСОН НЬ

Х.Уртнасанг дэлхийн том театрт дуулахаар явахад нь гэрийнхэн нь Батсүмбэр сумын төвөөсөө гаргаж өгсөн гэдэг. 1984 онд Монголын соёлын өдрүүд ОХУ-д болсон аж. 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй очиж тоглолт хийгээд иржээ. Энэ тоглолтын үеэр Х.Уртнасанг дуулахыг харж, сонссон Большой театрынхан түүнийг галт тэргэнд суух гэж байхад “Таныг Большой театрт “Чио Чио Сан”-д дуулж өгнө үү хэмээн урьж байна” гэсэн аж. Ингээд л тэрбээр Монголдоо ирж хэд хоночихоод дэлхийн их театрыг зорьжээ. Явахынхаа урд өдөр сумынхаа холбооны утсаар ээжтэйгээ хэдхэн минут ярьсан байна. Ингээд маргааш нь Батсүмбэр сумаар дайран өнгөрөх галт тэргэнд суугаад ЗХУ-ын их театрыг зорьж, аав, ээж нь охиноо замд нь гаргаж өгсөн байна. Аав Ц.Хорлоо, ээж А.Авирмэд дүү нар нь Мандал хайрханыхаа тэнд зогсчихоод л “Сайн яваад хурдан эргэж ирээрэй” гэж хашгирсаар үлдсэн гэдэг. Ер нь галт тэргээр явах болгонд түүний ар гэрийнхэн ийм байдалтайгаар үддэг байжээ. Өөрөөр хэлбэл, Х.Уртнасан гадаад явах бүртээ галт тэрэгний цонхоор ар гэрийнхнээ хараад л явдаг байсан гэнэ.

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж агсны амжилтыг буухиалсан хүн нь Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан. Тэрбээр 1983-1984 онд Их театрын тайзнаа “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрд дуулж байсан юм. Дэлхийн шилдэг таван театрын нэгд монгол хүн гоцолж, ОХУ-ын уран бүтээлч, хөгжимчин, дуучидтай хамтран ажилласан гэхээр бахархахгүй байхын аргагүй. Европын Чех ,Болгар, Унгар, Болгар, Румин, Герман Орос гээд л, Азийн Энэтхэг, Хятад, Тайланд, вьетнам, Латви,хойд Солонгос гээд 60 гаруй орны тайзан дээр дуулсан байдаг. Х.Уртнасанг дэлхийн том театрт дуулж, дуурийн дуучид түүний хоолойг гайхан биширч байхад ар гэрийнхэн нь юу ч мэдээгүй л, буйдхан алс хөдөөдөө ажин түжин сууж байсан гэдэг. “Би тэнд очоод дуулчихаад ирлээ” гэхээр аав ээж хоёр нь “Сайн яваад ирсэн л бол яамай. Сургуулийг нь төгссөн хүн дуулалгүй яах вэ. Сайн л дуулаад бай” гэж л хэлдэг байж.Түүнийг Большой театрт очиж дуулахад нь ар гэрийнхэн нь ер тоогоогүй гэнэ. Харин 1976 онд 30 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхэд нь аав, ээж нь магнай хагартал баярлаж байсан гэдэг. Ээж А.Авирмэд нь 30 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан бол охин нь тэр насан дээр нь Монгол Улсын гавьяат жүжигчин болчихлоо гээд л хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрч байсан талаар дүү Х.Төмөрбаатар нь ярьж байна лээ. Энэ тухай “Гавьяат цол авчихаад нутагтаа ирэхэд үнэхээр сайхан байсан. Хүн болгон “Сайн байна уу, гавьяатаа” гэж мэндэлж, хүндэтгэж, настайчууд нь үнсэж, нутаг орныхондоо аав, ээж хоёр нь охиноороо бахархан ярьж байгаа нь хамгийн сайхан нь байсан” тухай дэлхийн дуучин маань дурсаж байсан юм.

МОНГОЛ “ЧИО ЧИО САН” Х.УРТНАСАН БУЮУ ДУУРИЙН ХАТАН ХААН ДУУЧИН

Х.Уртнасан гуайн хамгийн хайртай дүр нь мэдээж дэлхийд түүнийг таниулсан “Чио Чио сан”. Тэрбээр “Би “Чио Чио сан”-д сэтгэл зүрхээ, өөрт байгаа бүхнээ шингээсэн” гэж ярьж байна лээ. Тэртээ 1967 онд манай тайзнаа “мэндэлж” байсан “Чио Чио Сан” Монголын үзэгчидтэй уулзаад хэдийнэ хагас зуун жилийг үдсэн. Гэвч эрвээхэй хатагтайн дүрд дуурийн театрын үе үеийн сопранууд дуулж ирсэн ч Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин X. Уртнасанг гүйцэх нь үгүй хэмээн үзэгч олон одоог хүртэл ярьдаг. Тэрбээр дэлхийн алдарт Большой театрын тайзнаас эхлээд дэлхийн олон тайзан дээр “Чио Чио Сан ”-аа дуулсан. Түүнийг нэр алдарт хүргэж, дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг болох бүх боломжийг “Чио Чио Сан” жүжгийн эрвээхэй хатагтайн дүр нээж өгсөн байдаг. Мөн “Чио Чио Сан” жүжгийг тайзнаа амилуулснаараа Монголын дуурийн театр дэлхийн дуурийн театруудтай зэрэгцэж очсон гэдгийг урлаг судлаачид ярьдаг. Пуччини “Чио чио сан”-гаас гадна Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” жүжгийн Гэрэлгуа, А.Бородин “Игорь ван” жүжгийн Ярославна, “Учиртай гурван толгой” жүжгийн Нансалмаа, Дж.Верди “Травиата” Виолеттад, П.И.Чайковский “Евгений Онегин” жүжгийн Татьяна, Дж.Пуччини “Тоска” жүжгийн Тоска, А.Даргомыжский “Лусын дагина” жүжгийн Наташа, П.И.Чайковский “Иоланта” жүжгийн Иолантад, Верди “Отелло” жүжгийн Дездемона, Пуччини “Турандот” жүжгийн Турандот гээд олон гайхалтай дүрийг бүтээж сонгодог урлагийн Монголын хатан хаан болж байв. Х.Уртнасанг сонгодог урлагийн жүжигт тоглож дууссаны дараа уйлж ирээд баяр хүргэдэг үзэгчид олон байсан гэдэг. Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан гуайн санаанд н.Мядагбадам гэдэг хөгжимчин “Унд минь жүжиг ёстой сайхан боллоо, би нотоо ч харахгүй уйлаад суулаа” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй гэнэ. МУГЖ, дуурийн шилдэг дуучдын нэг П.Цэвэлсүрэн Х.Уртнасанг “Оттело”- гийн Дездемонд дуулсны дараа хүрч ирээд ”Улс ийм сайхан дуучинтайгаа мэддэг болов уу” гэж хоолой зангируулан хэлж байсан гэдэг.

Нар баруун тийш хэвийж оройн сэрүүн унахтай зэрэгцэн дэлхийн алдарт дуучинтай хамт Батсүмбэр сумын чанх хойно байх Хангинахын хошуу орлоо. Тэднийх энд олон жил зуссан гэнэ. Хангинахын хошуу гэж сэргэлэн ногоон дэнж үнэхээр сайхан газар юм. Нарсан ойгоос хөхөө шувуу донгодож, шүд хага ташим хүйтэн булаг байгалийн хөгжим шиг л хоржигнон урсах аж. Хэнтийн нурууны салбар уулс ан амьтан, ховор ургамлаар баян тансаг газар ажээ. Жаргаж буй нарны туяанд юм бүхэн улбар болох нь сайхан үзэгдэл юм. Тэртээ зүүн урд талын хошууг ороон хонин сүрэг тархан бэлчээрлэнэ. Хангинахын хошууны чанх урдаас хэдэн үнээ дэлэн нь хагарах гэж байна уу гэлтэй дааж ядсаар бас чанга чанга мөөрсөөр айсуй. Б.Гантулга гэх залуу малчны гэрийн гадаах зэлэн дээр уяатай байгаа нялх тугал эхийнхээ дууг сонсоод тогтож ядан мөөрөх юм. Батсүмбэрийн энэ л шимт бор хөрснөөс мөн ч олон улсын аварга тариаланч, саальчин, хөдөлмөрийн баатар төрсөн. Ёстой л хөдөлмөр шүтсэн хүнд буян хишгээ харамгүй өгдөг сайхан нутаг билээ.

Хангинахын хошууны өвөр дээр Х.Уртнасан гуай том охин А.Дамаагаа төрүүлж байсан гэнэ. Нөхөр Сандуйдоржийн Адъяахүүтэйгээ гэр бүл болоод удаагүй байхдаа Х.Уртнасан гэртээ ирсэн байна. Тогоон чинээ гэдэстэй, хэзээ мөд төрөх дөхсөн байхдаа “Гэрээ санаад байна” гээд сүүний машинд суугаад хотоос хүрээд ирсэн аж. Гэтэл гэнэт өвдөж, сумаас эх барих эмч ирж амжаагүй байхад яах ийхийн зуургүй гэртээ амаржчихсан байна. Аав, ээж нь зээ охиноо эх барьж авсан аж. Том охин А.Дамаа нь хошууч генерал Л.Гарамжилын гэргий билээ.

Үргэлжлэл бий


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг,зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар (I)

Түрүүч нь №138(5705) дугаарт

Батсүмбэрийн Сангийн аж ахуй энд байжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал хайрханы овоон дээр Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуайтай хамт зогсож байтал саарал өнгийн суудлын жижиг тэрэг давхиад ирлээ. Машинаас 70 гаруй насны болов уу гэмээр хүн бууж ирсэн нь Г.Цэвэлсүрэн гэх өвгөн байв. Батсүмбэрийн сангийн аж ахуйд насаараа ажиллажээ. Х.Уртнасан гуайг таниад сүйд болох аж. “Танай аав Ц.Хорлоо манай сангийн аж ахуйн мянгат бригадын анхны даргаар ажиллаж байлаа. Хэдийд нь яаж амжуулдаг юм бэ гэмээр л их олон ажил амжуулчихсан байдагсан. Танайхаар манай сумын мөн ч олон хүмүүс орж гардаг байж билээ. Би танайд туслахаар томилогдож очсон юм. Дүү нартай чинь хамт хононо. А.Авирмэд гуай шөнийн 02:00 цаг болж байхад л үнээгээ саахаар гардаг байлаа. Мөн ч ажилсаг, найрсаг хүмүүс байсан даа” гээд л ярьж гарлаа. Х.Уртнасанд хандаж “Намайг энд томилогдоод ирж байхад чи дуучин болох гээд хот руу явчихсан байж билээ” гэж байна. Бид овоон дээрээс баруун хойшоо буулаа. Эндээс Х.Уртнасан дуучных өвөлждөг байсан газарт шууд очих юм. Сөгнөгөрийн голын хөвөө ногоорчихсон, цэцэг, навч алаглан ургажээ. Нялх ногоо зүлгээ дагаад танан цагаан гэрүүд айл, саахалтын зайтай бууцгаажээ. Голын эрэг дагаад хаа сайгүй л үхрийн аргал байх. Нутгийнхан мод түлээд аргалаа тоож түлдэггүй юм байна. Айл болгоны гэрийн гадаа бургас, улиас, нарс тэргүүт мод хураалгаатай байх. Хонио хариулж яваа хүүхдүүд хойд энгэрийг чиглэн хоорондоо уралдаж байгаа бололтой улаан тоостойгоо гозойх юм. Дуучны аав Ц.Хорлоо сангийн аж ахуйн бригадын анхны даргаар томилогдож ирээд Мандал хайрханы ар өвөр Сөгнөгөрийн голын хөвөөнд бууж байж. Бригадын төв гэж ёотон шиг дөрвөлжин хоёр цагаан байшинтай жижиг суурин байжээ. Анхны бригадын төвийн хоёр байшин одоо хүртэл байдаг юм байна. 1950-иад оны дунд үеэс 1990 оныг хүртэл энэ л хоёр жижигхэн цагаан байшингийн өмнө бригадын ажилтнууд хуралдаж, улсын төлөвлөгөөг хэдэн хувиар давуулан биелүүлэх талаар ярилцаж, нэг бол тэр ажлаа хийж чадахгүй байна, энэ ажлыг ингэж хиймээр байна гээд л их ажил хэрэгч яриа дэлгэн хуралдан суусан биз ээ. Батсүмбэрийн сангийн аж ахуйн бригадын төвийн хоёр цагаан байшинг 1990 оны үед нутгийн айл хувьчилж авсан байна. Одоо үхрийн нэмнээ, сааль сүүнийхээ сав суулга хийдэг газар болгожээ. Х.Уртнасан гуайн хүүхэд нас энэ л голын хөвөө, хоёр цагаан байшинд өнгөрсөн билээ. Түүнийг салхилгагүйтэж, ямар нэгэн буруу зүйл хийхээр аав нь цагаан байшиндаа дуудаж уулздаг байсан гэдэг. “Нөхөр минь чи яахаараа тэгдэг юм. Дахиж тийм зүйл хийгээд үзээрэй” гээд л загнадаг байсан аж.

ХОТЫН СУРГУУЛИЙН ОХИН МОРИОР ХИЧЭЭЛДЭЭ ЯВДАГ БОЛСОН НЬ

Х.Уртнасан хотод сургуульд нэгдүгээр ангиа төгсөөд Батсүмбэр суманд ирж байж. Хотын сургуулийн форм, “паарчиг”-тай хичээлдээ явдаг охин намар нь хөдөөгийн сумын сургуулийн хоёрдугаар ангид орж, суралцах болжээ. Сумын сургуулийн сурагчид даавуун дээлтэй, бөөрөн дээрээ улаан таван хошуу хадсан цүнхтэй хичээлдээ явдаг гэнэ. А.Авирмэд гуай үйл үртэст уран хүн байсан болохоор том охин Х.Уртнасандаа улаан таван хошуутай даавуун цүнх, хөх даавуун дээл намар оёж өгчээ. Охин айл саахалтын хүүхдүүдтэйгээ нийлж, морьтой сургууль руугаа явдаг байсан аж. Хичээлдээ явж байгаа хүүхдүүд бригадын төвөөс гараад л хоорондоо уралдаж, жолоо татахгүй давхисаар сургуулийнхаа хашааны үүдэнд ирдэг байжээ. Хичээлдээ ирэхдээ ч, харихдаа ч уралдсаар очдог байснаа хуучлав. Сумын бага сургууль гэж хөндлөн барьсан дүнзэн хүрэн байшин байх. Модоор пүн хийж, халуу оргитол галладаг жижигхэн ангидаа Х.Уртнасан ном эрдэм сурчээ. Ангийнхантайгаа нийлж ангиа нураачих шахам хашгиралдан үймэлж, сахилгагүй нь дэндсэн ангийнх нь хөвгүүд түүний хоёр салаа гэзэгнээс нь зулгааж уйлуулчихаад хэрхэн аргадах учраа олж ядахдаа зуухан дээр халааж түлсэн ааруул өгдөг байж. Юм бүхнийг танин мэдэх гэсэн хүүхэд насны гэгээн дурсамж, сурагч үеийн хөөр хөгжил, баяр баясгалантай мөчүүдийн талаар Х.Уртнасан гуай инээмсэглэл тодруулан ярих ажээ.

Төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан

ШӨНИЙН 02:00 ЦАГТ ЭЭЖТЭЙГЭЭ ҮНЭЭ СААЖ, ҮХРИЙНХЭЭ САРАВЧИНД ДУУЛДАГ ОХИН

Дэлхийн алдарт дуурийн дуучин Х.Уртнасангийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн талаар төрсөн дүү Төв аймгийн театрын дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Далантайтай уулзлаа. Тэрээр “Би эгчийгээ 15 настай байхад төрсөн юм. Их өндөр биетэй, нарийхан туранхай охин байж билээ. Манай аав, ээж хоёр ажилтай гэж жигтэйхэн. Ээж үнээгээ гурван удаа саана. Орой үнээгээ саачихаад шөнө шувууд жиргэж эхлэхтэй зэрэгцээд босно. 02:00 цагт л босдог байсан. Эгч том болчихсон болохоор ээжид байнга тусалж үнээ саана. Саалийн тэрлэгээ өмсөөд л хөл нүцгэн үнээндээ гарна. Харанхуй шөнө үнээ тугалаа танихгүй хэцүүддэг байсан гэж ярьдаг юм. Адилхан зүстэй олон үнээтэй. Үүр хаяарах болоогүй байхад үнээгээ сааж эхлээд нар арай мандаагүй цагт дуусдаг байсан юм. Намар оройхон тугал ивэлгэхээр гарахдаа дандаа хөл нүцгэн явна. Хяруу буучихсан хүйтэн шөнө хөл даарахын хэцүү хатууг хэлэх юм биш. Хэвтэж байгаа үхрийн цавинд хөлөө хийж дулаацуулдаг байлаа. Манай ах, эгч нар бүгд л тэгж үнээ ивэлгэдэг байсан даа. Сүүний чиглэлийн үнээ болохоор монгол үхрээс хэд дахин их сүү гарна. Том мөөмнөөс нь базаад л саагаад байна. Хувинтай сүү дүүрээд л тэрийг нь өөр том саванд юүлчихээд л саадаг байсан гэдэг. Эгч ээжээс дутахгүй ажилсаг байсан. Саальчин болсон бол мундаг ажиллах байсан байх шүү. Бүр улсын залуу аварга саальчин болж, Залуучуудын үнэн сонинд зурагтайгаа гарч байлаа. Эгч биднийг үхрийн саравчинд эгнүүлээд суулгачихна. Тэгээд том эгчээр өөрийгөө “Улсын гавьяат жүжигчин Цогзолмаа дуулна” гэж зарлуулж байгаад л дуулж гарна. “Гарын арван хуруу нь

Гажаа нь үгүй шулуун даа

Гартаа хийсэн бөгж нь

Хольц нь үгүй шижир дээ” гээд л цангинатал дуулна. Эгчийгээ дуулж байхад бид үе үе алга ташиж баяр хүргэнэ. Бид том эгчийгээ Ундаа гэж авгайлж дууддаг. Манай Ундаа ч үнэхээр гоё дуулж байна шүү. Өөр дуу дуулаач гээд л шална. Манай хүн ч яахав хүлээн авагчаар дуулсан дуу болгоныг дагаж дуулсаар байгаад сурчихдаг болохоор дуулахыг харин ч нэг үзүүлнэ дээ” гэв. Х.Уртнасангийн анхны тайз нь үхрийн саравч, анхы үзэгчид нь дүү нар нь байжээ. Үхрийн саравчиндаа сурсан дуу болгоноо хоолойн чадлаар хашгиран дуулах болсон байна. Хаана л явна дуу дуулж явдаг болжээ. Эндээс л дуугаар сэтгэлийн жигүүр хийж, өвөл голоос мөс үүрэээд явахдаа, үхэр, тугалаа ойртуулахдаа, морины нуруун дээр салхи татуулан давхиж явахдаа байнга дуулдаг болсон байна.

“ДАРГА НАР ЯВАХТАЙ ЗЭРЭГЦЭЭД ГЭРИЙН ЗҮГ ХАР ХУРДААРАА ЧАВХДААД”

Ээж А.Авирмэд нь БНМАУ-ын анхны эмэгтэй саальчин хөдөлмөрийн баатар болсноос хойш Ц.Хорлоогийн гэрээр гадаад, дотоодын албаны хүмүүс ирэх болжээ. А.Авирмэд гуай их цэвэрч нямбай хүн байсан гэнэ. Гэрээ өөрийнхөө оёж хатгасан зүйлээр чимэглэж, хүүхдүүдээ хужираар угааж, хувцасыг нь байнга индүүдэж өгдөг аж. Хотоос сайд дарга нар ирэхээр Сангийн аж ахуйн дарга нараас эхлээд л бөөн сүр дуулиан болдог байж. Х.Уртнасан гамбир, боов, боорцог, данхтай цай гартаа бариад дүү нараа дагуулаад гэрийнхээ ойролцоох жалга руу “хөөгдөнө”. Аав, ээж нь дарга нарыг явтал битгий ирээрэй гэж захина. Өнгө өнгийн цэцэгс түүж, цэцгэн эрхи сүлжин толгойдоо зүүж, чулуун гэр тойруулан барьж, янз бүрийн хэлбэртэй чулуугаар гэрийнхээ эд хогшлыг хийгээд өдөржин тоглож өнждөг байжээ. Гэрт нь ирсэн дарга, зочдын машин хөдлөхтэй зэрэгцээд л Ундаа дүү нараа орхиод гэрийн зүг чавхадчихна. Гэр рүүгээ хар гүйхээрээ ороод тавагласан чихрээс гартаа дүүрэн атгаж аваад гараад гүйнэ. Авсан чихрээ дүү нартайгаа хувааж идсээр гэртээ ирдэг байсан талаарх хөгжилтэй түүх түүний санаанаас огт гардаггүй аж. Мөн ногооны талбайгаас лууван хулгайлж өдөржин иддэг талаар нь Х.Уртнасан гуайн дүү нар хөгжилдөн ярих юм. “Ундаа биднийг дагуулаад л гэрийн урд талын ногооны талбайд очино. Бид хүн харж байгаад нууцаар орж баахан лууван сугалж авна. Тэгээд л бөөнөөрөө хулгайлсан луувангаа иднэ. Чихэрлэг шүүстэй лууванг өдөржин амтархан идэхийн сайхныг ярих юм биш. Чихэр ховор цагт лууван үнэхээр сайхан амттай байсан юм. Лууван хулгайлж идсэн хэрэгт биднийг уриалж дагуулж явснаараа эгч буруутан болж аав, ээжид загнуулна. Тэгсэн ч хашрахгүй хэд хоноод л дахиад л өнөө амттай луувангаа гэдсээ дүүртэл иднэ. Ундаа эгч бидэнд анх ногооны салад хийж өгсөн хүн. Өөрөө өрөм идэж ерөөсөө чадахгүй. Ээжийн өгсөн алгын чинээ өрөмний цөцгийг нь долоочихоод л үлдсэн шар хэсгийг нь идэхгүй хаяна. Тэгснээ үхрийн саравчинд байцаа, лууван хөшиглөж өрөмтэй холино. Өрөмтэй хэрчсэн ногоондоо өөрөө нугасгүй дуртай. Инээд алдаад л идээд байна. Бид ч дуртай иднэ. Ээж эгчийг миний охин овоо доо өрөм идээд байдаг боллоо гэж магтана. Удалгүй 17 настайдаа хот руу дуучин болохоор явчихсан юм даа” гэв.

Х.Уртнасан гуай Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин А.Долгор нарын хамт

Х.Уртнасан гуайн хамт алдарт Сөгнөгөрийн голыг өгсөөд явлаа. Голын эхэнд олон түмний сайн мэдэх Сөгнөгөрийн амралт бий. Залуухан цагаан хус найгаад, голын ус мэлзэлзэн мяралзаж, шар будаг нэлэнхүйд нь цацчихсан юм шиг шар цэцэг хөл гишгэх зайгүй ургажээ. Батсүмбэрт жил бүрийн намар оюутнууд ирж, ажил хөдөлмөр оргилон буцалж, сангийн аж ахуй дуу хуур болсон газар болон хувирдаг байж. “Анхны алхам”, “Мартагдашгүй намар” киноны зураг авалтыг Сөгнөгөрийн гол, энэ л байгалийн яруу тансаг газарт хийсэн байдаг. Х.Уртнасан дуучин “Энэ “Анхны алхам” киноны зураг авалт хийсэн талбай шүү дээ. Нөгөө Болд дадлага хийж байгаа эмэгтэй дээр очиж уулзахдаа яг энд трактороо суулгаж байсан газар. Энд өвс хадаж байгаа зураг авалт хийгдсэн” гээд л нэгд нэгэнгүй зааж өгсөөр явлаа. Х.Уртнасан 16 наснаасаа Сөгнөгөрийн амралтад болдог бүжгэнд явдаг болжээ. Орой үнээгээ саачихаад найзуудтайгаа нийлж дөрөө харшуулан хатируулсаар Сөгнөгөрийн амралтын газарт ирж оюутнуудтай оройн бүжгэнд орж сэнсэртэл эргэлдэн бүжсээр шөнө дөлөөр гэртээ харьдаг байжээ. Оройн бүжгэнд орчихоод сарны саруулд найзуудтайгаа хоолой нийлүүлэн дуулсаар гэрийн зүг дэргэтэл хатирч явах даанч жаргалтай байсан биз ээ. Бид голоо өгсөж явсаар тахианы ферм байсан газарт ирлээ. Монголын хамгийн олон тахиатай ферм энд байсан билээ. Үүр цайхтай зэрэгцээд азарган тахианууд донгодон хашгирч, бяцхан ангаахайнууд чөлөө завгүй жив жив дуугарсан газар байсан гэх ул мөр одоо энд алга. Тахианы сангас овоолоостой газар ч ул мөргүй болж. Ц.Хорлоо гуайнх энд хэдэн жил зусчээ. Нэг жил аав, ээжийгээ эзгүйд шөнө орсон усан борооноор хонио уул руу алдчихжээ. Шөнөжин хайгаад олж чадалгүй үүр цайлгасан гэнэ. Арав гаруй хонийг нь чоно барьж, гэдсийг нь бөндийтөл гаргаад тавьчихсан байжээ. Аав, ээжийгээ ирэхэд нь Х.Уртнасан уйлаад л зогсож байсан гэдэг.

ДУУЧИН БОЛСОН ТҮҮХ

Энд тэнд дуу дуулаад л яваад байгаа охиноо хараад ээж нь дуучин болж магадгүй гэж бодсон бололтой юм. Тэгээд аав Ц.Хорлоод нь “Энэ хүүхдийг хотод дуучин болгодог юм билүү” гэж хэлсэн байдаг. Аав нь эхлээд ээжийнх нь хэлсэн санааг дэмжихгүй байснаа нэг өдөр бригадын цагаан байшиндаа дуудаж уулзсан гэдэг. Тэгэхдээ “За охин минь чи тэгээд дуучин болж чадах юм уу. Дуучин болсон гээд л янз бүрийн хувцас өмсчихөөд яваад байв даа” гэсэн байгаа юм. Х.Уртнасан ч “Ааваа би чадна аа. Сайн дуучин болно” гэж итгэл дүүрэн хэлжээ. Ингээд Хөдөлмөрийн баатар А.Авирмэд гуай охин Х.Уртнасангаа дагуулаад хотод байдаг хамаатан садандаа хэдэн битон сүү бэлдээд морин тэргээр сумын төв рүү явсан аж. Ингээд сумын төвөөс галт тэргэнд сууж их хотод очсон гэнэ. Тэр үед Ардын ансамбльд шалгалт өгчээ. Монгол Улсын Ардын Жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нар шалгаж авчээ. “Гарын арван хуруу” дуу дуулаад тэнцсэн байна. Шалгуулчихаад гараад явж байтал ээжийнх нь нутаг буюу Төв аймгийн Бүрэн сумын уугуул Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Дамдинбазартай таарсан аж. Ээж нь нутгийнхаа хүнд охиноо захиж үлдээгээд гэр рүүгээ яваад өгсөн байна. Түүний дуучин болох гараа ингэж л эхэлж байж.

Л.ЦОГЗОЛМАА: ҮСЭЭ ХОЁР САМНАСАН СААЛЬЧИН БОР ОХИН ЭЭЖИЙГЭЭ ДАГАЖ ИРЭЭД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ДУУЧИН БОЛСОН ДОО

Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуайн анхны багш нь Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй, Монгол Улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Лувсанжамцын Цогзолмаа билээ. Анх ямар хүүхэд хөдөөнөөс дуучин болохоор ирж байсан талаар багш Л.Цогзолмаа гуайтай хөөрөлдлөө. 90 гаруй настай Хөдөлмөрийн баатар маань ануухан байна лээ.


-Таны хайртай шавь нарын нэг нь яах аргагүй гуай мөн. Дэлхийн алдарт дуурийн дуучин маань анх танд шавь болж ирсэн байсан гэдэг. Энэ талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Ээж нь Монголын анхны хөдөлмөрийн баатар эмэгтэй А.Авирмэд гуай шүү дээ. Бид А.Авирмэд гуайг их хүндэлдэг байсан юм. Үнэхээр гайхалтай хөдөлмөрч хүн байсан даа. Нэг өдөр үсээ хоёр салаа самнасан, даавуун дээлтэй, их сэргэлэн нүдтэй, нүдэнд дулаахан бие хаа сайтай охин дагуулаад ороод ирлээ. Би тэр үед Ардын ансамбльд ажиллаж байлаа. Тэгсэн А.Авирмэд гуайн том охин Х.Уртнасан гэнэ. Дуулуулж үзлээ, байгалиас заяасан их сайхан зөв хоолойтой хүүхэд байв. Бид дуулахыг нь сонсоод бас шүлэг уншуулсан санагдаж байна. Үүний дараа хоорондоо ярилцаж үзээд дагалдан дуучнаар авлаа. Дөнгөж 17 настай саальчин охин байлаа шүү дээ. Цаанаасаа байгалиас, бурханаас заяасан авьяастай хүн. Эхлээд дуучин болох сургуулийг нь төгсөж, багш нараар огт хичээл заалгаж байгаагүй болохоор тийм ч сайн дуулахгүй. Би өөр дээрээ аваад Учиртай гурван толгой дуурийн хамгийн анхны хувилбараар Нансалмаагийн хэсгийг зааж өглөө. Хэд хоног бэлдээд дуулсан маш амархан сайжирсан юм.

-Урлагийн алтан үеийнхэн х.уртнасан гуайг бэлтгэл сургуулилтаа маш сайн хийдэг байсан гэж ярьдаг юм байна лээ?

-Х.Уртнасанд авах зүйл маш их бий. Тэр сайхан чанаруудаас аав, ээжийгээ дуурайсан үнэхээр хөдөлмөрч хүн. Нэг юм заагаад өгчихөөр өөрийн болтол нь бэлтгэл сургуулилт хийнэ. Ямар нэгэн зүйлээс ухарч няцна гэсэн ойлголт байхгүй. Дайраад л орсон бол ард нь гарч байж л санаа нь амардаг зантай. Төрөлхийн авьяастай хүүхэд хөдөлмөрлөөд өөрийгөө хөгжүүлээд эхлэхээр хоолойн цар хүрээ ч маш их өсөн дэвшиж дээшилсэн. Манайд дагалдан дуучин болоод их удалгүй гоцлол дуучин болсон. Ер нь дуурийн дуучин болж магадгүй болоод эхэлсэн. Энэ үед Г.Хайдав дуурийн дуучны сургууль байгуулж байгаа гээд аваад явсан юм.

-г.хайдав гуай х.уртнасан дуучныг сургуульдаа авахын тулд бэр гуйж байгаа юм шиг л танаас гуйгаад сүртэй зүйл болсон гэдэг байх аа?

-Ш.Хайдав нэг өдөр манай ажил дээр хүрч ирээд танай Ичинхорлоо, Насанбуян, Х.Уртнасанг авмаар байна. Би дуурийн дуулаачны сургууль байгуулж байгаа гээд гуйсан юм. Би тэр үед Х.Уртнасандаа “Хэрээ шиг муухай хоолойтой хүнийг гургалдай шиг дуучин болгодог багш байна. Гургалдай шиг сайхан дуулдаг хүнийг хэрээ шиг болгодог багш бий. Чи дуурийн сургуульд явах юм уу гэж асуусан. “Багшаа би явмаар байна” гэж хэлсэн. Тэгээд л Г.Хайдавын шавь болгоод явуулсан даа. Хэдхэн жилийн дотор танигдахын аргагүй сайхан дуурийн дуучин болсон. Үнэхээр дэлхийн дуурийн шилдэг дуучдын нэг болсон. Шавиараа би үргэлж бахархаж явдаг юм. Тэр ажил дээр ч амьдрал дээр ч нугарч, хугарч үзээгүй хүн. Х.Уртнасангийн амьдрал тийм ч шулуун дардан байгаагүй ээ. Тэр болгоныг сөрж даван туулаад л гарсан. Х.Уртнасан дэлхийд гайхагдсан дуурийн дуучин шүү. Үнэхээр чадалтай хоолойтой дуучин. Би шавийгаа Хөдөлмөрийн баатар болох хүн гэж дандаа бодож явдаг юм. Түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болчихоод зогсож байхад хэн ч энэ хүн баатар болж байгаа юм уу гэж хэлэхгүй дээ. Монголын урлагийг дэлхийд гаргасан агуу дуучин. Дэлхийн дуучин шавь минь дэлхийд өөрийнхөө шавь нарыг бэлтгэж гаргаад л явж байна. Энэ болгонд нь баярлаж, талархаж явдаг юм даа гэв.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар…

“Нутаг руугаа явна гэсэн нойр хүрсэнгүй. Сэрвэлзээд аав, ээжийнхээ тухай бодсоор үүр цайлгачихлаа. Намайг найман настай байхад манайх Улаанбаатар хотоос Батсүмбэр рүү нүүж ирж билээ. Балчир насны, нялх оюун ухааны гэгээн дурсамжинд Батсүмбэрт ирэхэд үлгэрийн юм шиг л сайхан газар угтаж билээ. голын эргээ дагаад өнгө өнгийн цэцэгс битүү алагласан. Цэцэгт нуга дундуур хөл нүцгэн гүйгээд, голын усанд өдөржин сэлдэг байсан даа” хэмээн Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуай ярив. Нутаг руугаа явах гэж байгаа түүнд юм бүхэн нутгийнх нь дурсамжийг шингээсэн мэт харагдана уу гэмээр уяруу байгаа нь илт. “ай манай нутаг руу цаг хүрэхгүй давхиад л орчихно шүү дээ. Шинэ засмал тавьснаас хойш ингэж явдаг болсон байна лээ” гэв. Ийн ярих түүнээс “Та ядахдаа ганц цаг ч унтаж чадаагүй юм уу. Нутаг руугаа явж байж нойрмоглож, үүрэглээд балрах юм биш биз дээ, Ундаа минь” гээд асуучихлаа. Тэгсэн өөдөөс нээх том харснаа “Чамайг бодвол урлагийн бригадаар монгол орноо хэдэн удаа тойрчихсон хүн шүү. ганц хоногийн нойр ч яамай байна” гээд л даналзаж байна шүү.Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сумыг өглөө эртлэн зорихоос өмнөхөн дэлхийн дуурийн алдарт дуучинтай мэнд мэдэлцээд хөөрөлдөж байгаа минь энэ.

Төв аймгийн Батсүмбэр сум Мандал хайрхан

Хоёрхон цаг давхиад л Батсүмбэр суманд очлоо. Бүүдгэр байсан тэнгэр юу болов гэмээр цэлмэчихжээ.Сумын төвөөр хөндлөн гулд туулж хуучин модон гүүрэн дээгүүр гарч, Мандал хайрханыг чиглэн давхилаа. Огцом өөдөө газар руу өгсөж байснаа гэнэтхэн цэлийсэн хавтгай талбай дээр гараад ирэх юм. Мандал хайрхан гэх нэртэй энэ тахилгат овоо хэзээнээс алдартай газар гэнэ. Долоон хошуу даншиг наадам болдог байсан Хүй мандалын дэвжээний баруухан талд орших бөгөөд Баатарвангийн хошуу, Илдэн гүний хошууныхан хоёр талаасаа Мандал хайрхан дээр цугларч нааддаг байсан түүхтэй гэдэг. Хайрханы орой дээр гараад ирэхээр ёстой л наадам хийж баймаар тэв тэгшхэн газартай юм. “Даншиг наадмаар бөх барилдуулж, сур харвадаг байсан юм гэнэлээ” гэж Батсүмбэр сумын настай хүмүүс ярих аж. Хэдхэн хоногийн өмнө Батсүмбэр сумынхан Мандал хайрханы тахилга наадам хийжээ. Морь уралдуулж, бөх барилдуулсан байна. Мандал хайрханы тахилга наадам болохоор хэдэн өдөртөө бороо намирч ороод ногоо суга суга ургаж, цэцэг навч алаглан ургасан тэнүүн сайхан зун болдог гэнэ.Батсүмбэр сумынхан Мандал хайрханыхаа ойр орчмын газрын хог шороог цэмцийтэл цэвэрлэжээ. Овоон дээр нэг ширхэг ч архины шил, тамхины иш алга. Овоон дээрх хадаг яндарыг хэц шиг урт болгоод татчихжээ. Хайрханы орой дээрээс хаашаа л харна бүх зүйлс алган дээр тавьчихсан юм шиг ил. Зүүн урагшаа харахаар дуунд мөнхөрсөн алдарт Сөгнөгөрийн гол мөнгөн утас шиг л гялтганан урсах аж. Голоо дагасан зүлэг нов ногоон, залуухан цагаан хус үе үехэн сэрчигнэх салхинд найган ганхана. Батсүмбэр сумын чанх урдаас Үдлэг бригадын дээд эхнээс Баянгол тунаран урссаар Сөгнөгөрийн голд нийлэн цааш урсах юм. Сөгнөгөр, Баянголын бэлчир дээрх зүлгэн дээр айлууд ярайтал буучихсан байгаа харагдлаа. Х.Уртнасан гуай “Сөгнөгөрийн амралтын тэндээс дунд сургуульд сурдаг байхдаа морины хурдаар давхидаг байж билээ. Бүр мотоцикльтой хүнтэй уралдаад түрүүлчихдэг байв. Амралтын газраас гарч давхиад Баянголын эх орохдоо унаж яваа мориныхоо жолоог татна гэж байхгүй. Улаан тоос татуулан давхисаар хүрдэг байлаа” хэмээн морь унаж хөндлөн гулд давхидаг байсан газраадаа гараараа занган алсыг ширтэн хэсэг зогслоо. Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуайд өнгөрсөн жилийн намар оройхон хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан үеэр “Тантай хамт өссөн нутгаар тань явж сурвалжлага бэлтгэх гэсэн юм” гэх санал тавьсан юм. Тэгсэн телевизийн хүмүүс хөдөөгүүр явж зураг авалт хийдэг юм. Харин сонины сэтгүүлчид нутгаар чинь явж сурвалжлага бэлтгэнэ гэхээр гайхаад байх юм. Ямар учиртай сурвалжлага болж таараад байна вэ. Унд нь ерөөсөө ойлгохгүй байна шүү” гээд л гайхан асууж байв. Тэр асуултаа дуучин маань дахиад л тавьж байна шүү. Тэгэхээр нь “Манай сонин “Суу алдартнуудын өлгий” гэсэн олон цуврал сурвалжлага гаргаж байгаа юм. Монголын алдар цуутай хүмүүсийг энэ буландаа оруулж байгаа юм. Та надад аав, ээжийнхээ талаар хүүхэд насныхаа дурсамж гээд л бүх зүйлийг ярьж өгнө шүү” гэлээ. Тэгсэн “Миний өссөн энэ нутаг ч яалт ч үгүй суу алдартнуудыг төрүүлсэн, бойжуулсан, ундаалсан өлгий дөө” гэснээр ярих эрхээ авав бололтой. Ингээд бид түүний аав, ээжийн талаар хөөрөлдлөө.

Х.Уртнасан ээж А.Авирмэдийн хамт

АЛДАРТ ДУУРИЙН ДУУЧНЫ ААВ ЦЭНДИЙН ХОРЛОО БУЮУ ЛАМААС ЦЭРГИЙН ДАРГАБОЛСОН ТҮҮХ

Х.Уртнасан гуайн аавыг Цэндийн Хорлоо гэдэг. Булган аймгийн Бугат сум хуучин засаг захиргааны нэршлээр Цонхлон сумын гарвалтай,1914 онд төрсөн хүн юм байна. Ах лам нь нутгийнхаа томоохон хийдийн гавж хүн байсан гэнэ. Ц.Хорлоо хүү ах ламаа дагаж хийдэд шавилан суух болсон аж. Ээж Цэнд нь нутаг хошуундаа алдартай ажилч хичээнгүйгээрээ нэртэй, хүндтэй нэгэн байсан тухай олон түмэн ярьдаг байсныг Х.Уртнасан гуай ярив. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Х.Уртнасан гуайн аавын ах ламыг баривчилсан гэнэ. Энэ үеэр Х.Хорлоо эх нутгаасаа дүрвэн гарч, нийслэл хүрээ буюу Улаанбаатар хотод ирсэн түүхтэй юм байна. Улаанбаатарт ирээд удалгүй цэрэгт явжээ. Цэргийн гурван жилийг нэр төртэй хааж, бусад цэргээс цэргийн мэдлэг сургуулилалт илүү байсан байсан учир Цэргийн ерөнхий сургуульд элсэж чадсан байна. Цэргийн сургуулиа төгсөөд Цэргийн холбоо хороонд ажиллах болжээ. Удалгүй цэргийн дарга болсон Ц.Хорлоо морин жолоочтой болж, Улаанхуаран орчимд ажиллах болсон гэнэ. Ийн аавынхаа ажил хөдөлмөрийн талаар ярьж суусан Х.Уртнасан дуучин маань гэнэт “Би дөрөв, таван настай байсан болов уу. Аав, ээжтэйгээ улсын наадам үзэж байсан үе санаанаас ердөө гардаггүй юм. Ардын хувьсгалын 30 жилийн баяр наадмаар ээж намайг морин дээр дүүрээд явж байгаа дүрс бичлэг үлдсэн байдаг юм. Яармагийн дэнжид наадам болно. Цэргийн дарга нар Туул голын урд хөвөөнд майхан бариад буучихна. Манайх ч гэсэн тэнд майхантай гарчихсан байсан юм. Наадмын хуушуур хийж байгаа хүмүүс газар ухаад зуухаа хийчихсэн. Тэндээ хуушуур хийнэ. Аав, ээж хоёр надад хуушуур авч өгч байлаа. Түүнээс хойш наадмын хуушуур өчнөөн л идсэн дээ. Гэсэн ч тэр наадмыг, тэр хуушуурын амтыг аль нь ч гүйцэхгүй л байгаа юм даа” хэмээн хүүхэд насны, сэтгэлд нь үлдсэн сайхан дурсамжаас дэлгэв. Түүнчлэн “Аав маань их ажилсаг хүн байсан. Өглөө эрт босоод л гэрээсээ гараад явдаг. Ямар ч ажлаас няцдаггүй хөдөлмөр шүтсэн хүн байлаа. Мөн дуу цөөтэй, хэн нэгэнд үг хэлэхээрээ хүний толгой руу орсон жинтэй хэдэн үг хэлчихээд л өөр илүү дутуу юм ярьдаггүй байсан нь түүнийг олон хүн хүндэлж, үгийг нь дуулах, өнөөдөр ч сэтгэлдээ дурсан хайрлахын үндэс мөн гэж ярив.

Х.Уртнасангийн аав Ц.Хорлоо ээж А.Авирмэдийн хамт

ВАНГИЙН УЛААН ОЛГОЙ АГВААНДОРЖИЙН ОХИН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР А.АВИРМЭД

Х.Уртнасан дуучны ээж Төв аймгийн Бүрэн сумынх. БНМАУ-ын анхны Хөдөлмөрийн баатруудын нэг А.Авирмэдийг Х.Уртнасан гуайн ээж гэдгийг Монголд мэдэхгүй хүн ховор биз ээ. Х.Уртнасангийн өвөө буюу ээжийнх нь аавыг Агваандорж гэдэг хүн байсан гэнэ. Бүрэн сумынхан Вангийн улаан олгой Агваандорж хэмээн хочилж дууддаг байсан аж. Их том биетэй, халзан толгойтой хүн байсан гэнэ. Эхээс олуулаа, тарвага агнадаг анчин байжээ. Х.Уртнасан “Манай өвөө Вангийн улаан олгой Агваандорж мөрийтэй тоглоом нүгэлтэй их тоглодог хүн байсан гэдэг. Мөрийтэй тоглоомноос болж амьдралаа үрж баларч явсан түүх ч байдаг. Мөрийтэй тоглоод хожлоо гээд айлын мал хотоор нь туугаад ирдэг. Эсвэл мөрийнд алдчихлаа гээд л гэрийнхээ ихэнх малыг туугаад явчихдаг байсан гэдэг. Миний мэдэхийн л мөрийтэй тоглоод явдаг хүн байсан даа. Бас бариач, нутгийнхаа хүмүүст бариа хийж, эдгээдэг хүн байлаа шүү дээ” гэв.

Харин түүний ээж А.Авирмэд анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн зарлигаар социализм байгуулах үйлсэд гарамгай амжилт гаргасан хүмүүст “БНМАУ-ын хөдөлмөрийн баатар” цол олгосон байдаг. Уг зарлигт Хөдөлмөрийн баатар цол шагнагчдад Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” медаль олгож байхаар заасан байдаг. Анхны “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолыг 1957 онд Налайхын уурхайн бэхлэгч малтагч Д.Даваажав хүртэж байсан бол 1959 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын хоньчин З.Очир, Жаргалантын Сангийн аж ахуйн комбайнч Ц.Цэрэн-Очир, Аж үйлдвэрийн комбинатын ажилчин Д.Шарав нартай хамт 30 настай А.Авирмэд Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цолыг хүртэж байсан түүхтэй. Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд олон жил саальчнаар ажиллахдаа “Алатау” үүлдрийн үнээг нутагшуулж, нутгийн үүлдрийн үнээ бүрээс жилд 2007 литр сүү сааж, “Мянгат саальчин” өргөмжлөлийг хүртэж байсан гэдэг. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV, XV, XVI их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байсан юм. Мөн Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Алдарт эх” II зэргийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнагдаж байсан юм билээ.

Мандал овоо

ШОРОНГИЙН МАНААЧИЙН ШОВГОРТ ТӨРСӨН ДЭЛХИЙН АЛДАРТ ДУУЧИН

Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасангийн аав Ц.Хорлоо, ээж А.Авирмэд нар Улаанбаатар хотод анх танилцаж байсан гэнэ. А.Авирмэд өргөмөл ахыгаа дагаж анх Улаанбаатар хотод ирсэн байна. Ингээд нөхөр Ц.Хорлоотойгоо танилцжээ. Дэлхийн дуурийн шилдэг дуучин ээжийнхээ 18 настайд нь төрсөн байна. А.Авирмэд тулгар биетэй байх үед нь өвөө Вангийн улаан олгой Агваандорж мөрийтэй тоглоомын хэргээр шоронд орсон гэнэ. Шоронд хоригдож байхад нь А.Авирмэд гэнэт өвдөж эхэлсэн байна. Хэдэн өдөр өвдөж, эмч, бариач нар хоёр яс салгаж чадаагүй байна. Тиймээс нутаг орондоо гайхагдсан бариач аавдаа очиж бариулахаар танил талаараа яриулж байгаад шоронд очсон байна. Ингээд манаачийн шовгорт Агваандорж охиныхоо хэвлийг илж, барьж эхэлсэн гэнэ. Төд удалгүй А.Авирмэд төрж, охин хүүхэд мэндэлсэн нь одоогийн дэлхийн алдарт дуурийн дуучин Х.Уртнасан юм байна. Одоогийн сайд нарын II эмнэлгийн баруун талын бактерлогийн төвийн орчимд байсан шоронгийн манаачийн шовгорт өвөө нь эх барьж авсан түүх ийм. Ингээд түүний хүмүүн заяаг олж мэндэлсэн газар нь Улаанбаатар хот боловч өссөн нутаг нь Төв аймгийн Батсүмбэр сум.

Ц.Хорлоо цэргээс чөлөөндөө гарахаас өмнөхөн Төв аймгийн Батмсүмбэр суманд томилогдож очсон байна. Тухайн үед Батсүмбэрийн Сангийн аж ахуйг Цэргийн аж ахуй гэж нэрлэдэг байсан гэнэ. Ийнхүү Х.Уртнасан хотод нэгдүгээр ангиа төгссөн зунаа Батсүмбэр суманд гэрийнхэнтэйгээ нүүн очжээ. Байгалийн тансагхан Сөгнөгөрийн гол, Мандал хайрхан, дүнхийсэн хөх Батсүмбэр уулын хормойд Ц.Хорлоогийнх шинэ нутагт нүүн ирж, эхнэр А.Авирмэд нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, охин Х.Уртнасан нь дэлхийн агуу цуут дуурийн дуучин болох гараагаа эхлүүлж байсан гэгээн түүх ийн оршин байдаг газар ажгуу.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *