Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэр дэвшигч М.Энхболд: Баяр наадмын өмнө сонгуулийн ажлаа өндөрлүүлэх нь зүйтэй

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр ярихдаа “Сонгуулийн ерөнхий хороо дүнгээ гаргаж, олон түмэнд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Юуны өмнө надад санал өгсөн сонгогчид, штаб, баг бүрэлдэхүүнд ажилласан хүмүүстээ талархал илэрхийлж байна. Эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа ч ямар ч үед ард түмнийхээ амьдралыг өөд татахаар ажиллах болно гэдгээ хэлье. Сонгууль эхлэхээс өмнө би билгэ ерөөл бодож бусад хоёр нэр дэвшигчид алд цэнхэр хадаг хүргүүлж, төрийн хуулийг дагаж, олон түмнийг дээдэлж өрсөлдөхийг уриалсан. Энэ уриалгын дагуу болж чадсангүй. Гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээс хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь тээвэрлэсэн, гадаадаас сая саяар нь хандив авсан сонгууль болж байна. Нэр дэвшигч миний хувьд тодорхой асуудлуудаар тайлбар хийсэн. МАН амлалтаасаа яагаад буцсан талаар, 60 тэрбум төгрөгийн эвлүүлэгийн тухайд энэ бол эвлүүлэг болох тухай хууль хяналтын байгууллагын гаргасан шийдвэрийг дурдаж хэлсэн. Газрын наймаачин гэдгийн хувьд тайлбарлаж хэлсэн байгаа.

Санал хураалтад иргэдийн идэвхи оролцоо сайн байлаа. Сонгуулийн ерөнхий хороо долдугаар сарын 9-ний өдөр дараагийн санал хураалтыг товлосон байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний баяр наадам дөхөж байгааг ч бодсон энэ энэ өдөр санал хураалт зохион байгуулахад иргэд олон түмэн идэвхитэй оролцож, сонгуулийг үр дүнтэй болгоход анхаарал тавиач гэж хүсч байна” гэлээ.

МАХН-наас хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргасан тухайд түүнээс лавлахад,

“Сонгуулийн дараа МАН руу бусад намын зүгээс удаа дараа дайрч байсан. Манай нам улс төрийн соёлтой нам. Буруу бол баруун талын овоохой гэдэг шиг хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Саналын зөрүү 10000 байснаа яагаад миний нэр дээр нь гарчихсаныг сэжиглэж байгаа бол хамтран шалгая. Энэ хардлага сэрдлэгийг арилгая гэвэл бид ч хамт шалгаж үзэж харахад бэлэн байна. Сонгуулийн санал хураалтаар хэн нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй бол 14 хоногийн дотор дахин санал хураалт явуулах хуулийн заалттай. Саналын хуудаснаас авахуулаад бэлтгэх зүйл олон учраас энэ бүхнээ тооцож долдугаар сарын 9-ний өдрийг товлосон болов уу. Баяр наадмын өмнө сонгуулийн ажлаа өндөрлүүлэх нь зөв зүйтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *