Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нэр дэвшигчийн талаар танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар улс төрөөс ангид, хуулийн салбарт олон жил ажилласан, туршлагатай, сайн хуульчдын нэгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэнд Улсын дээд шүүхийнхэнд талархаж байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг “Туршлагатай, мэдлэгтэй ийм л хуульч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж чадна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол улс төрөөс ангид байж, хуулийг чин шударгаар хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна” гэж байлаа.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилох Улсын дээд шүүхийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *