Categories
мэдээ нийгэм

Бэртсэн охидын биеийн байдал хэвийн

ОХУ-ын Забайкальст уржигдар Монголын гимнастикчдийн баг тамирчдын сууж явсан “Hyundai” маркийн автобус осолдсон билээ. Тодруулбал Орос-Хятадын хилийн зүг “Чита-Забайкальск” замаар явж байгаад осолджээ. ОХУ-ын Забайкальск хязгаарын Дотоод хэргийн газраас мэдээлснээр Читагаас 50 километрийн зайтай, Карымск дүүргийн Дарасун хэмээх тосгоны ойролцоо болсон байна. Оросын хууль сахиулах байгууллагынхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Гэвч нөхцөл байдлыг нягтлан шалгахад орчуулагч шаардлагатай болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр жолооч нь харанхуйд замаа андуурснаас засвар хийж байсан зам руу орж жолоодлого алдаж автобус замын хажуу руу онхолджээ. Осол өнгөрсөн ням гаригийн оройны 22:00 цагт болсон бөгөөд зорчигчдод яаралтай тусламж үзүүлж, автобусыг татан гаргасан аж. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр зорчигчид нь бүгд монголчууд байсан бөгөөд нийт 23 хүн явж байснаас 18 нь хүүхэд байсан гэнэ. Түүнээс 15 нь зургаагаас арван насны гимнастикийн тамирчид аж. Тэдгээрээс хоёр охин гэмтэж бэртсэн боловч биеийн байдал нь хэвийн байгаа гэв. Осол гарсан тухай дуудлага өгсөн даруйд Оросын замын цагдаа нар хэргийн газар очиж тусламж үзүүлжээ. Бэртсэн хоёр охинд газар дээр нь яаралтай тусламж үзүүлээд Читагийн орон нутгийн хүүхдийн эмнэлэгт хүргэж шаардлагатай шинжилгээ хийжээ. Нэг охины уруул нь сэтэрсэн тул оёдол тавьсан хоёрдахь охин гар, хөлөө шалбалсан аж. Бусад зорчигчид болох 13 хүүхэд болон хоёр том хүнийг Агинское тосгоны Багшийн коллежийн дотуур байранд байрлуулсан тухай Оросын хэвлэлд бичжээ. Үүнтэй холбогдуулан Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбаттай холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Осол гарсны дараахан Монголын гимнастикийн холбоотой ОХУ-ын Онцгой байдлын яам, Монголын Онцгой байдлын газар, ТТГ, Хилийн алба зэрэг газраас холбогдсон аж. Г.Ерөөлбатын хэлснээр залуу тамирчид Агинст болсон “Звездочки Аги-2017” олон улсын нээлттэй тэмцээнд оролцоод буцаж явжээ. Гимнастикчид зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж маш амжилттай оролцсон гэнэ. “Hyundai” автобус “Атибус” компанийх байсан аж. Тус компани шуурхай арга хэмжээ авч зардлыг гаргаж, бүх тамирчдыг нутагт нь хурдан авчрах ажлыг зохион байгуулжээ. Ингээд “Звездочки Аги-2017” олон улсын тэмцээнд оролцсон тамирчид өчигдөр орой 18:10 цагт галт тэргээр Улаанбаатарыг зорьсон байна хэмээн “Өдрийн сонин”-д мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *