“Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын оролцоог сайжруулъя” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр нийслэлийн төр захиргааны Хангард ордонд эхлүүллээ. Зөвлөлдөх уулзалтын гол зорилго сүрьеэ, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтан, шийдвэр гаргагч нарт мэдээлэл өгөх, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, зөвлөмж гаргахад оршино. Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд орсон хэвээр байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ өвчин нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.