Хотын мэр асан Э.Бат-Үүл хэвлэлийн хурал зарлаж, “Дахин төлөвлөлт гэдэг үйл ажиллагааг мушгиж, ард иргэдийн өмч хөрөнгө дээр гадны хөрөнгө оруулалттай маш том хэмжээний луйвар хийх гэж байна” гэж мэдэгдэв.
-Өчигдөр АН-ын байранд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон хэсэг иргэд цуглаан хийж, гомдол мэдүүлж улс төрийн үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ дахин төлөвлөлтийн иргэдийн дотор төрийн албан хаагчид байсан. Дахин төлөвлөлтийг хариуцах ёстой ажилтнууд оролцсон цуглааныг манай намын байрны өмнө хийсэн. Хийх гэж байгаа луйврыг илчилнэ гэдгийг мэдэж байгаа хүний хувьд над руу зориуд дайраад байгаа юм.
2016 онд би ажлаа өгөхөөс өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийг дуусгахаар 70 тэрбумыг төлөвлөж 40 тэрбумыг нь бий болгосон байсан. Ингээд 10 хувиас дээш гүйцэтгэлтэй 25 барилгыг дуусгахаар шийдвэрлэсэн. Энэ 25 барилгыг дуусгахад газраа чөлөөлсөн 1,200 иргэн орон сууцанд орохоор байсан. Гэтэл МАН эрх бариад 20 тэрбумыг тодотголоор байхгүй болгосон. Бүх төсөв хөрөнгийн үйл ажиллагааг зогсоосон. Намар гэхэд газраа чөлөөлсөн иргэд бүгд байрандаа орох гэж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар дээр орон сууц авч байгаа иргэдэд 5 хувийн моргэйж өгөх Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын гарын үсэгтэй шийдвэр гарсан. Энэ ажлыг зогсоосон. Зогсоосон шалтгаан нь борлуулалтын хяналтыг нь гартаа авсан бизнес хийхээр шийджээ. Гэхдээ гэр хорооллын иргэдийн хашааны газрыг маш хямд авах луйвар хийх гэж байна.