Categories
мэдээ цаг-үе

Тэр жилийн нүүдэл

Миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. Хуучнаар Ахай бэйсийн хошуу хожим нь Наранжаргалант уулын хошуунаас үүсч, 1931 онд байгуулагдсан түүхтэй, Аргалант, Баян-Уул хэмээх хоёр том уулын дунд орших талын нэгэн суурин бол манай сумын төв.

Намайг мэдээ орсон цагаас эхлэн манайх гэдэг айл Сэлэнгэ голоор нутагладаг байлаа. Манай голынхон ер нь өвөлдөө уулаа бараадаж өвөлжчихөөд, хавартаа голоо дагаад буучихна. Харин зундаа сумын төвөөсөө хойшоо, Мөрөн, Түнэлийн нутаг руу дөхөөд, өндөрлөг тал, сэрүүвтэр, хаг, нууртай газарт зусацгаана. Учир нь зун малдаа нуурын давсархаг ус уулгаж, мараа долоолгох зэрэгт ач тустай байдаг юм. Намар нь мөн Сэлэнгэ голынхоо захаар намаржаад, уулаа бараадаж өвөлжинө гэх зэргээр дөрвөн цагаа дагаж, нүүсэн малчдын амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.

1990-ээд оны дунд үеэр буюу биднийг сургуульд ороогүй байхад нүүдэл хийнэ гэдэг том ажил байлаа. Үхэр тэргээр, замдаа бууж, хоноглоод, 50-60 километр газар явж зусландаа хүрнэ. Ингэхдээ өдрийн сайныг харж байгаад зургаа, долоон үхэр тэрэгт гэрээ ачааллаад, үүрийн бүрэнхийгээр шахуу хөдөлнө. Ингэж явсаар замдаа нэг хоноод, зусландаа хүрдэг юм. Морь тэргээр нүүвэл арай хурдан явна. Нүүдэл харсан айл болгон цай, идээ авчирч өгнө, зам тосоод гар даллан цай барьж гүйж ирсэн айлын эхнэр, хүүхэд болгоны цайг ууж, тайван явсаар ийнхүү хоноглон малынхаа хөлийг амраана. Замд үхэр оодгонож, алга болох, хонио айлын хоньтой нийлүүлэх, хурга тугал эцэх зэрэг бэрхшээл тулгарах нь энүүхэнд. Тиймээс аль болох зохион байгуулалттай явахын тулд тэрэгтэй ачаатайгаа ойрхон, хоёр нь хонио тууж, нэг нь үхрээ, нөгөөх нь адуугаа хариулах зэргээр ажлаа хуваарилан явахыг хичээнэ. Ингэхдээ ээж хоёр дүүг хажуудаа суулгаад үхэр тэргээ жолооддог бол би арын тэргэн дээр суугаад ачаагаа харж явах үүрэгтэй байдаг ч үдийн наранд нозоорч унтсаар байгаад л таарна. Харин аав, ах нар малаа тууна. Нүүхэд ах дүүсийн хүмүүс тусалдаг нь бичигдээгүй хууль. Мөн нүүдэл хийх, ямаа самнах, хадлан хадах зэрэгт айл саахалтын, нэг голын хүмүүс тусалж дэмжээд их ажлаа нугалчихдаг. Сүүлийн үед энэ байдал арай өөр болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээ машиндаа ачаад нүүцгээнэ, зарим нь малаа мотоциклиор тууж яваа харагддаг болсон байна билээ.

Айлууд ах дүү, аав ээжийнхийгээ бараадаад, хоёр гурван гэрээрээ саахалтын зайтай бууцгаана. Өвөл, зунгүй манайх ээжийн аавынхтай хоёр гэрээрээ буудаг байсан бол аавын ээжийнх бага авга ахынхтай байдаг, мөн нэг километр хүрэхгүй шахуу зайд том авга ахынх мөн тэднээ хүүгийнх, хүргэнийх байна. Дахиад нэг километр хэртэй зайд аавын дүүгийнх хадмынхтайгаа зэрэгцэн аж төрцгөөнө.

Зуны дэлгэр цагт шимийн архинд халамцан, морин дээрээ хазгай суугаад найгаж, давхисан эрчүүд нэлээд үзэгдэнэ. Тогоо нэрж байгаа айл андашгүй, яндангаас нь их утаа гарна,тиймээс эрчүүд айлын эзэгтэйн гараа гаргаж, нэрсэн шимийн архийг уух гээд л давхиж яваа нь тэр. Тэд яг гэрийн үүдэнд ирж морио барьж суугаад шимийн архи уучихаад дараагийн айл руугаа давхина.

Манай нутагт бороо их орно. Нэг орохоороо долоо, найм хоногоор зүсэрч ороод өмсөх хуурай хувцасгүй болно. Борооноор адуу олдохгүй бол ах нар маань ээлжлээд адуугаа хайгаад явчихна. Хонь ямаа осгож, шил нь татах нь энүүхэнд. Намар наймдугаар сарын 10-даас эхлээд бид жимсэнд явцгаадаг байв. Их жимс идэхээр дараа нь нэрс харахаар шүд хорсох шиг мэдрэмж төрдөг нь ер санаанаас гардаггүй. Намартаа Сэлэнгийн гол руугаа нүүдэллээд очиход хөхөө донгодож, чоно улиад л цаанаа л нэг сүртэй. Байсхийгээд л хонио араатанд алдах, хазуулах зүйл тохиолдоно. Хонины хоолойг хазсан бол шилүүс, сүүлийг хазсан бол чоно гэж оношилно. Хээрийн амьтад бол яахав, байгалийн амьтан жамаараа, авах ёстойгоо авж байна гээд манайхан барагтай бол тоохгүй. Харин зарим жил зудтай байвал хүчин мөхөстдөг юм. Бага байхад бид зургадугаар сард Сэлэнгийн голдоо сэлээд, усанд ороод өнжинө. Нэг усанд орчихоор, халуун өдөр байсан ч даараад, уснаас гарж чадахгүй болчихно. Харих санаатай голоос гардаг ч, даараад буцаад л гүйгээд орчихдогсон. Том хайлаас мод голд хийж байгаад дээр нь суун модоор сэлүүрдэж тоглоно, нохой самардаан гэж нэрлээд сэлцгээнэ.

Орой болохоор айлууд хонио саачихаад, хонь, ямаагаа бүгдийг нь хамгийн гүнзгий, хөлгүй гол руу шахчихдаг юм. Зарим нь урсаж байгаад голын цаана гарна, гэхдээ манай тэндхийн хонь дасал болчихсон. Хонь шахаад ус бөөн шавар болохоор л бид аргагүйн эрхэнд голын уснааас гарч, харьцгаадаг байлаа. Нэг өдөр миний дүү, үеэл хоёр гол дээр тоглож байтал манай дүү ус руу унаад урссан байдаг. Гэтэл араас нь нөгөөх нь чулуу шидээд урсгаж байсан юм. Харин ч амьд гаргаж авсан, дүү маань хоёрхон настай, туранхай, жижигхэн хүү байсан бол одоо Ц.Содномдоржийн шавь болоод, аймгийн заан цол хүртсэн сайхан залуу бий. Дүүгийн маань усанд урсаж байсныг манайхан одоо ч дурсан ярьцгаадаг. Мөн авга ах нар маань Сэлэнгийн голоор морьтойгоо гарч байгаад унахаараа мориныхоо сүүлнээс зүүгдээд гараад ирдэг тухайгаа ярина.

Манай сумынхан Гандан хийддээ байх “Хар морьт сахиус”-аа ихэд бэлгэшээн шүтдэг, хар морьт сахиус хол яваа, нутгийн хүмүүсээ илүүтэй харж ханддаг, ойр байгаа алс явдаггүй зарим хүмүүст хатуу ханддаг гэх яриа байдаг юм. Манай нутгийнхан хол замд гарахдаа заавал хар морьт сахиусандаа мөргөдөг заншилтай.

Тосонцэнгэлийн хүн амын ихэх нь халх, хотгойдууд. Зарим сумаас ирсэн дархад, урианхай зэрэг ястан цөөвтөр бий. 2000 оны дундуур Улаанбаатарт ирээд Тосонцэнгэлийнх гэхээр хүмүүс “Тийм сум байдаг юм уу. Завханы Тосонцэнгэл үү” гээд ер мэддэггүй байлаа. Харин одоо Хөвсгөлийн Тосонцэнгэлийнх гэхээр Содномдоржийн сумынх уу гэдэг юм. Яахын аргагүй нутаг орныхоо нэрийг улс даяар цуурайтуулж, яваа улсын харцага Ц.Содномдорж бол манай нутгаас төрсөн, өнөө цагийн залуу.

Содномдоржийн аав Цэдэв гуай сумын заан цолтой, дунд зэргийн нуруутай, найрсаг, нөхөрсөг хүн байдаг. Тэднийх долоон охин, гурван хүүтэй, Ц.Содномдорж, доороо хоёр эмэгтэй дүүтэй айлын найм дахь хүүхэд. Түүний том ах нь мөн сумын заан цолтой, Нацагдорж гэж эр бий. Намайг бага байхад Содномдорж барилдаж мэдэгдээгүй. Дунд ангид ороогүй байхдаа шахуу ах, эгч нарыгаа дагаад хотод амьдардаг байсан юм.

Ингээд 2006 оны цагаан сарын барилдаанд сумандаа очиж, барилдаад түрүүлж байхад Манай аав “Цэдэв гуайн бага хүү сайхан хүчтэй, сайхан биетэй мундаг бөх болж байгаа юм байна” гээд бахархан ярьсаар сумын төвөөс ирж байлаа. Сономдоржийн ээж нь Д.Цэрэндолгор гэж өндөр нуруутай, төлөв даруу эмэгтэй бий. Түүний аав, ээж одоо хоёулаа Улаанбаатар хотод аж төрцгөөж байгаа. Манай сумынхан Содномдоржийн барилдахыг харах гэж л бөх үздэг болов уу гэлтэй байдаг. Хазайхад нь дагаж хазайна. Давахад нь өөрөө давсан мэт баярлацгаана. Мөн улсын начин Б.Баянмөнх зэрэг манай сумаас төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүд олон бий.

Эрт дээр үед манай суманд Годон Дампил гэж хүчтэй бөх байсан тухай домог байдаг юм. Годон Дампил анх “Намайг түрүүлэхгүй бол миний толгойг ав” гэж хэлээд Амбаны бөхтэй барилдаж түрүүлж байсан гэдэг. Түүнээс хойш Ахай бэйсийн хошуундаа алдар цуугаа дуурсган, 56 нас хүртлээ тасралтгүй барилдсан хүч, бяр ихтэй, зоригтой эр байсан түүхтэй.

Манай сумынхан ер нь найрсаг, нөхөрсөг, зочломтгой, эрэгтэй хүүхэд болгон нь шахуу барилддаг, бөх сайтай, аварга малчид, алдарт уяачид олонтой сум. Манай аавын аав Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аварга малчин Дулам гэж хүн байсан бол аав маань зургаан насны морийг аймгийн наадам бүрт түрүүлгэж, айрагдуулаад 1996 онд буюу алдар цолны шагнал хатуу байх үед, 30 гаруйхан настайдаа аймгийн алдарт уяач цол хүртэж байсан юм. Уяачийн хүүхэд би бараг морь унаж сураагүй. Ах нар болон дүү нар маань хурдан морио унана. Тэр бүү хэл аав “Архангай, Цэцэрлэг, Түнэлд айлын банди нар нь үнээгээ саадаг юм байна гээд ах нараар үнээ саалгана. Эрчүүд бол хамаагүй, ганц охиноо морь унуулаад, гар хөлийг нь өвтгөчихвөл яана, ёстой болохгүй. Гүү саалгахгүй өшиглүүлчихнэ. Ус зөөхөө ч боль гар, мөр нь муухай болчихно. Дээл оёж сурах хэрэггүй, хүзүү хөшөөд хэцүү. Охиноо мэргэжилтэй, төвийн хүн болгоно” гэдэг байлаа. Ер нь манай нутгийнхан эмэгтэй хүнийг охиноо их хайрлана. Манай амьдрал болон миний бага нас, манай нутгийнхны аж амьдрал нэг иймэрхүү, тайван амгалан өрнөсөөр байдаг байлаа. Одоо манай суманд тог цахилгаан, утасны сүлжээ, засмал зам зэрэг нэлээд хөгжил бий болоод байдал жаахан өөр болсон ч хүн зоны аж, амьдралын онцлог бараг хэвээрээ.

Манай нутгаас Бавуу генерал, уртын дуучин, гавьяат жүжигчин Долгоржав, Өлзийсайхан, Ягаанцэцэг, Монголын анхны нисгэгч хурандаа Жамбаа зэрэг улсын алдар цолтой олон хүн төрөн гарсан байдаг юм.

Тосонцэнгэл сумын маань газар нутгийн 20 гаруй хувийг ой мод эзэлдэг бол 70 гаруй хувь нь бэлчээрийн бүс нутаг бөгөөд уулс хоорондын хөндийн өргөн 3-5 км, далайн түвшнээс дээш 1100-1400 м өргөгдсөн нутаг юм. Хамгийн өндөр цэг нь Халзан бүргэдэй уул, 2263 м өндөрт оршдог. Эх газрын сэрүүвтэр, эрс тэс уур амьсгалтай. Ойт хээрийн бүсэд хамрагддаг. Гол мөрөнд нь төрөл бүрийн загас жараахай, ой модонд олон төрлийн ан амьтан элбэгтэй баян нутаг даа. Зарим жил өвөлдөө 40 хэм хүртэл хүйтэрч, зундаа 35 хэм хүртэл хална. Нутгийн өмнөд хэсгээр Сэлэнгэ мөрөн, баруун урд талаар Дэлгэрмөрөн гол урсдаг юм. Мөн Хавчуу, Тээл, Тосон, Баянбулаг, Их бага тахилт зэрэг олон гол горхитой. Сэлэнгэ мөрний дагуу 1080 метр өндөрт өргөгдсөн өндөр уудам хөндий, үржил шим сайтай хөрстэй, таван хошуу малын сайхан бэлчээртэй баян хангай. Улаанбаатар хотоос Эрдэнэт, Булганы замаар 680 км давхиад аймгийн төвөөс 64 км наана байх Тосонцэнгэлийн төвд хүрнэ. Тосонцэнгэл сум зүүн талаараа Их-Уул, хойгуураа Түнэл, урд талаараа Рашаант, баруун талаараа Төмөрбулаг сумтай хиллэн оршино. Сэлэнгэ мөрнөөс урд тал руугаа Рашаант, хойшоогоо Тосонцэнгэл сумын нутагт тооцогддог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *