Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Түгжрэлийг бууруулахын тулд авто зогсоолыг нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзлээ. Бүтээн байгуулалтын улиралд автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэх юм.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон холбогдох газар, агентлагийн дарга нар Улаанбаатар хотод хийгдэхээр төлөвлөгдөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэлтэй танилцлаа. Тухайлбал, БГД-ийн V дугаар хорооны нутаг дэвсгэр, БГД-ийн VII хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, СХД-ийн XII хороо, СХД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажиллав.

Хотын дарга хэлэхдээ “Томоохон төвлөрсөн эмнэлгүүдийн гаднах зогсоол эзэнгүй, иргэд машинаа байрлулах боломжгүй байна. Эмнэлэгт ихэвчлэн яарч сандарсан өвчтэй хүмүүс ирдэг. Тухайлбал, бидний ирээд байгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэхэд гэмтэж бэртсэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай хүмүүс ирдэг. Гэтэл энд ирээд машинаа байрлуулах зогсоол хайсаар цаг хугацаа алддаг байдал бий. Тиймээс бидний энэ жилийн томоохон зорилт бол улсын болон дүүргүүдийн эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэх явдал. Үүний нэг нь Гэмтлийн эмнэлгийн гаднах зогсоол. Одоо бол 40-50 машин ирэхэд дүүрчихэж байна. Үүнийг 180 автомашины зогсоолтой, гурван гарцтай болгох шаардлага бий” гэлээ.

Хотын зарим хэсэгт төлбөртэй зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар хотын дарга хэлэхдээ “Бид төлөвлөсөн 70 орчим байршлаа хувийн хэвшлийнхэнд өгч, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төлбөртэй зогсоолуудыг бий болгоно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зогсоолын төлбөрийн асуудлыг оруулна” гэлээ.

Дөрвөн давхар 400 автомашины дулаан зогсоол барина

Хотын даргаар ахлуулсан албан хаагчид СХД-ийн XII хорооны нутаг дэвсгэр орон сууцны I байрны зүүн талын гражнуудын нөхцөл байдалтай танилцлаа. 900 метр квадрат хэмжээтэй уг газарт 62 ширхэг тоосгон граж байгаа юм. Үүний оронд дөрвөн давхар, 400 автомашины дулаан зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Уртнасан хэлэхдээ “400 автомашины дулаан зогсоол барих зураг төсөл бэлэн болсон. Удахгүй гүйцэтгэгчээ шалгаруулна. Тавдугаар сарын эхэн гэхэд ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компани одоо байгаа гражнуудын эзэмшигчидтэй тохиролцоно” гэлээ.

Эмнэлгүүдийн гаднах зогсоолын тохижилтыг сайжруулна

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 300 гаруй мянган хүн амд үйлчилдэг. Зогсоолын хүртээмж муугаас иргэдэд багагүй чирэгдэл учирдаг байна. Тиймээс эмнэлгийн ойр орчмын автозогсоол бүхий хэсгийг тохижуулах ажээ. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэлэхдээ “СХД-ийн нэгдсэн эмнэлгийн ард талд 65 автомашины зогсоол байгуулахаар зураг төсөл бэлэн болсон. Тавдугаар сард ажил эхэлж, зургадугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Мөн эмнэлгийн зүүн талын зам нэг урсгалтайгаас түргэний тэрэг ухарч гарах зэрэг хүндрэл их. Үүнийг хоёр урсгал хоёр эгнээтэй болгож өргөтгөнө” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *