Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ-г хорихоор боллоо

Пак гин хэ зурган илэрцүүдӨмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн дуулиан үргэлжилсээр л байна. Түүнийг суудлаасаа буусны дараа үргэлжлүүлэн найз Чой Сүн Шил-н авлигын хэрэгтэй нь холбон шалгаж байгаа билээ. Тэрбээр цэцийн шийдвэрийн дараахан Хөх ордноосоо нүүж, анх удаагаа өөрийн хүсэлтээр прокуроруудад байцаалт өгсөн юм.

Байцаалт 14 цаг үргэлжилсэн бөгөөд тэрбээр өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ дахин дахин илэрхийлсээр байсан юм. Прокурорууд экс тэргүүнийг 13 хэрэгт буруутгаж буй бөгөөд хамгийн багадаа 30-45 жилийн ял төлөвлөж буйгаа зарласан билээ. Сөүлийн шүүхийн байранд болсон Пак Гын Хэгийн хэргийн шүүх хурал есөн цаг үргэлжилсэн юм. Улсын нууцын зэрэгтэй асуудал хэлэлцсэн учир уг шүүх хурал хаалттай болжээ.

Пак Гын Хэг Сөүлийн хорих ангид шилжүүлсэн байна. Тус улсын хуулиар Пак Гын Хэ шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 20 хоног хоригдохоор боллоо. Шүүхийн шийдвэрээс урьтаж хорих ангиуд түүнийг байрлуулах өөрөөгөө хүртэл бэлдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Түүний хоригдох өрөө бусад хоригдлуудынхаас харьцангуй том бөгөөд тусдаа угаалгын өрөөтэй аж. “Харин өрөөнөөс гаднах бүх үйл ажиллагаа бусад хоригдлуудынхтай ижилхэн” хэмээн Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Ийнхүү солонгосчууд санасандаа хүрч авлигын дуулиантай нэр холбогдсон Пак Гын Хэг төмөр торны цаана орууллаа. Мөн түүнд авлига өгсөн, туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан, хэргийг нь нууц дарагдуулсан гэх 30 гаруй хүнийг түр саатуулаад байна. Тэдгээрийн дотор хэргийн эзэн Чой Сун Шил болон “Самсунг” компанийн өв залгамжлагч Ли Жэён байгаа юм.

Пак Гын Хэг цагдан хорьсоны дараа түүний дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тэд цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсний улмаас мөргөлдөөн үүсчээ. Хууль зүйн яам аюулгүй байдлын улмаас Пак Гын Хэг цагдан хорьж буй байрны гадна 2000 цагдааг хамгаалалтад гаргажээ.

Тун удахгүй Данийн тал Чой Сун Шилийн охин Чун Юү-раг хүлээлгэн өгнө. Тэрбээр ирсэн даруйдаа мэдүүлэг өгөх юм. Чой Сун Шил авлига авсан мөнгөөрөө охиноо гадаадад сургасан бол “Самсунг”-ийн өв залгамжлагч түүнд нэг тэрбум воны үнэтэй хурдны морь бэлэглэсэн учир тэрбээр асуудалд ороод буй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *