Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Чалко”-д төлөх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 350 сая ам.долларыг бүрэн төлж дуусгалаа

“Эрдэнэс-Таван толгой” компаний удирдлагууд өнөөдөр хэвлэлийн хурал хийж “Чалко”-д төлөх ёстой байсан 350 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан баяртай мэдээг дуулгалаа.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд:

“”Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 3 сарын 30-ны өдөр 100 хувь төлж барагдуулснаа дуулгахад таатай байна. Сая бид Ерөнхий сайдтай уулзаж талархлын үг сонсоод гарч ирлээ. Одоогийн Засгийн газар байгуулагдахад Чалкод төлөх 110 сая ам.долларын өр байсан. “Эрдэнэс-Таван толгой” компаний зөв менежмент энэхүү өрийг дарахад нөлөөллөө. Одоогийн байдлаар 72.5 ам.доллараар нүүрсээ зарж байгаа нь өмнө зарж байсан үнээсээ 70 дахин өссөн гэсэн үг юм. Баруун Цанхын олборлолтын үнэ Зүүн Цанхаасаа 2 дахин их байна. Баруун Цанхын уурхайг монголчууд ажиллуулдаг.

“Эрдэнэс-Таван толгой” компани нийт 5.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 965 сая тонн нь коксжих нүүрс. Манай улсын нүүрсний экспортын 30 хувийг бүрдүүлдэг. Компани жилд 11.5 сая тонн нүүрс олборлох ёстойгоос одоогийн байдлаар 2,2 тонныг борлуулаад байна.

Одоогийнхоор ашиглавал 90 жил ашиглах боломжтой. Гэхдээ дандаа коксжих нүүрсээ олборлоод байхгүй. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Таван толгой” компани 1.8 их наядын борлуулалтын орлогыг бүрдүүлж ажилласан.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Чалкогийн өрийг дарснаар дэлхийн зах зээлийн үнээр зарах боломж нээгдэх байх. Нүүрсээ нэг тонныг нь хэдээр зарах вэ?

-“Чалко”-д дахиад таван жил Зүүн цанхийн олборлолтынхоо 80 хувийг өгөх гэрээтэй юм байна лээ. Энэ бол хоёр улсын төрийн өмчит компаниудын хооронд 4, 5 жилийн өмнө байгуулсан урт хугацааны гэрээ.

Бид 20 хувийнхаа олборлолтыг зах зээлийн үнээр зарахыг хичээнэ.

-Өөр өр төлбөрийн талаар?

-Хүний хөгжлийн санд төвлөрсөн 230 сая ам.долларын өр бий. Энэ өрийг энэ ондоо багтааж шийдэх арга хэмжээг авна. Энэ ондоо багтаж өр төлбөрөө цэгцэлнэ. Ингэж балансаа цэгцэлж байж гадны хөрөнгө оруулалтыг татна.

Энэ жилдээ багтаагаад ноогдол ашиг өгөх боломжийг эрэлхийнэ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Та бид бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид. Өнөөдөр бол бид бүгдийн баярын өдөр шүү” хэмээв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *