Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрний хажууд шинэ гүүр барьж байна

БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн гүүрний хажууд шинэ гүүр барих гэж байна. Энэ нь нийт 240 метр урт, тойрог хэлбэртэй, давхар гүүр байх аж. Хуучин гүүр нь 1959 онд баригдсан, чанартай боловч түүнийг засаж, сайжруулахын тулд түр гүүр тавьжээ.

Энэ гүүр нь стандартад нийцэхгүй, тодорхой ашиглалтын хугацаатай. Тиймээс шинэ гүүр барих ажлыг эхлүүлэх шаардлагатай болсон байна. Ялангуяа Хан-Уул дүүрэгт орон сууц олноор ашиглалтад орсон нь түр гүүрээр зорчих иргэдийн тоог нэмэгдүүлжээ. Энэ нь хөдөлгөөн удаашрах, зам түгжрэх зэрэг олон асуудал дагуулж байна. Шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжлэхээр төлөвлөгджээ.

Энэ хугацаанд БНХАУ-аас ажилчид ирж, Яармагийн хуучин гүүрний завсрын, даацын тулгуур баганыг засах, ховхорсон бетон хучилтыг нөхөх, гүүрийг шинээр хучих ажил хийхээс гадна явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг сольж, голын даланг сайжруулна. Мөн бүтээн байгуулалт дууссаны дараа ногоон байгууламжтай болгож, газрыг нөхөн сэргээх аж.

Тиймээс гэрээний дагуу бид цутгалт хийх, барилгын материал хурааж, хадгалах, ажилчдын байрлах газрыг чөлөөлж өгөх ёстой. Энэ хүрээнд нийт 23500 ам метр талбайг чөлөөлөх ажил үргэлжилж буй аж. Хоёр жилийн өмнөөс бэлтгэл ажлаа базааж, энэ хавьд байсан бургасыг Богд уул руу шилжүүлэн тарьсан байна. Уг ажилд зургаан сая гаруй төгрөг зарцуулсан. Мод бүрийн үнэлгээг хийлгэж, нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан. Бүх ажил хуулийн дагуу явж байна хэмээн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра тайлбарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *