Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувийн хэвшлийн дээд боловсролын байгууллагууд ашиг хөөцөлдөж таарахгүй

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Эрдэм судлал, хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Сүхбаатар боловсрол судлаач хүн. Дээд боловсрол, олон улсын болон харьцуулах боловсролын ухааны доктор, профессор түүний боловсролыг боловсруулах тухай яриаг хүргэж байна.



ДУНД СУРГУУЛЬД ЗӨВХӨН МЭДЛЭГ ОЛГОХ БУС БАС ТӨЛӨВШҮҮЛДЭГ

Суралцах дундаж хугацааг Төв Азийн Казакстан, Киргизстан, Тажикстан гээд зарим оронтой харьцуулж үзсэн юм. Монголд 1993-1994 онд сургууль завсардалт ихсэж, суралцах дундаж хугацаа буурсан. Суралцах хугацаа огцом багасаад, хамгийн их өссөн харагдаж байна. Энэ үзүүлэлт 2000 оноос хойш маш их дээшилж ирсэн. Энд арван жилийн боловсролын системээс 12 жилийн тогтолцоо руу шилжсэн нь нөлөөлсөн. Онцгой авьяастай хүүхдүүдэд товчилж сурах, анги алгасаж сурах боломжийг нээх ёстой гэсэн үзэл бодол явдаг.

Гоц авьяастай хүүхдүүд товчилж сурах замыг нээлттэй байлгах хэрэгтэй. Гэхдээ ингэж суралцах хүүхэд маш ховор. Дунд сургуульд зөвхөн мэдлэг олгох бус төлөвшүүлдэг. Нийгэмших процесс хэрэгтэй. Энийг товчлоод авчихдаг зүйл биш. 12 жил сурах нь төлөвших явцыг бүрэн болгож байгаа юм. 12 жил сурч байгаа нь зөвхөн хүүхдийн цээжлэх даалгаврыг нэмж байгаа хэрэг биш шүү дээ. Төлөвших үйл явцыг бүтэн болгож байгаа юм.

СУРГУУЛЬ ХҮРЭЛЦЭЭГҮЙГЭЭС УЛААНБААТАРТ БАГА СУРГУУЛЬД ХАМРАН СУРГАЛТ УЛСЫН ДУНДАЖААС ДООШИЛСОН ҮЕ БАЙСАН

Хамран сургалт гэдэг нь суралцах насны хүн амын хэдэн хувь нь боловсролын үйлчилгээ авч байгааг харуулдаг үзүүлэлт. 1997 онд хамгийн доод түвшиндээ хүрээд, 2000 он гэхэд анхны байсан түвшиндээ буцаж очсон сайн талтай. Мал хувьчилж, эрэгтэй хүүхдүүд сургуулиас гарч, мал аж ахуйд оролцох болсонтой холбоотойгоор хамран сургалтын хувь доошилсон. Охид давамгайлах байдал ерээд оноос үүссэн шүү дээ. Хамгийн том зөрүү 1994-1996 оны хооронд гарсан. Улаанбаатарын бага боловсролын хамран сургалт нь улсын дунджаас бага байгаа биз. Улаанбаатарт хүүхдүүд сургуульд хамрагдахад шилжилт хөдөлгөөн их нөлөөлсөн. Хотын сургуулиудын хүчин чадал нь үндсэндээ хүрэлцэхээ байсан шүү дээ. Нэг ангид сурч байгаа хүүхдийн тоо 50-60 хүрээд, ЖАЙКА-гийн төслийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт томоохон хотуудын 55 сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Өргөтгөл хийгээгүй бол энэ үзүүлэлт үүнээс багасах байсан гэж боддог.

ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙГАА ХҮНИЙ ТООГООР МОНГОЛ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ТҮВШИНД ХҮРСЭН

Төв Азийн орнуудынхтай Монголын дээд боловсролд сурч байгаа нийт оюутны тоог харьцуулахад 1992-1994 оны хооронд хамгийн доод түвшиндээ унажээ. Түүнээс хойш өссөөр одоо дээд боловсрол эзэмших насны таван хүний гурав нь дээд боловсролд хамрагдаж байна. Хамран сургалтын үзүүлэлтээрээ Монгол Улс өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэж очсон. Дээд боловсрол тэлж байна. Ерээд оны дундаас барууны маягийн сургалтын тогтолцоо руу орлоо. Кредит систем, чанарын магадлан итгэмжлэл, бас төрөөс санхүүждэг систем маань 180 хэм эргээд, цэвэр сургалтын төлбөрөөр санхүүждэг болсон. Хамгийн том өөрчлөлт мэдрэгдсэн нь 1997-1999 оны хооронд АХБ-ны буцалтгүй тусламжаар Дээд боловсролын байгууллагын чадавхийг дээшлүүлэх төсөл хэрэгжсэн үе юм. Удирдах зөвлөл, захирал ямар байх, кредит цаг нэвтрүүлэх хөтөлбөрүүд тэр үед хийгдсэн. Ерээд оны эхээр Засгийн газраас авсан арга хэмжээ нь Эдийн засгийн коллеж, Зах зээлийн коллеж байгуулаад шинэлэг сургалтууд нэвтрүүлж эхэлсэн нь чухал ач холбогдолтой болсон гэж боддог. Тэр сургуулиудийн хөтөлбөрүүд их тарсан даа.

ХАРВАРД, ЙЕЛЬ ГЭЭД ДЭЛХИЙД АЛДАРТАЙ ИХ СУРГУУЛИУД АШГИЙН БУС БАЙДАГ

20 жилийн дараа юу болов гээд харахаар хүсээгүй үр дагавар гарсан байна. Ерээд оны дундуур боловсролын систем ялангуяа дээд боловсролд томоохон өөрчлөлт хийгдэж, зах зээлд нийцсэн мундаг боловсролын систем бий болгоно гэж бид мөрөөдөж байсан. Бидний бодож хүсч байсан юмнууд биелсэн нь их л дээ. Гэхдээ хүсээгүй үр дагаварууд гарсан. Хамгийн эхнийх нь хувийн хэвшлийн дээд боловсролын байгууллагууд үндсэндээ ашгийн төлөө болчихлоо. Бид ашгийн төлөө сургууль байлгахыг ерөөсөө бодоогүй. 1964 онд АНУ-д дээд боловсролын байгууллагууд ашгийн төлөө бус байх юм бол ийм ийм дэмжлэг туслалцаа авна гэж хуульчилсан байдаг. Хувийн сургуулиуд нь хүртэл ашгийн төлөө бус. Холбооны Засгийн газар, мужийн бүх туслалцаа дэмжлэг дээд боловсролын салбар руу явсан. Гэтэл манайд бол зуугаад сургуулийн 19 нь албан ёсоор компаниар бүртгэлтэй. Компани гэдэг чинь ашиг олдог байгууллага. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөрийн тодорхой хэсэг ашиг болоод үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчид нь ашиг хүртэж байгаа гэсэн үг. Зарим сургууль нь төрийн бус байгууллагаар бүртгэлтэй байгаа. Хувь хүний байгуулсан нэг хүний эзэмшлийн сургуулиуд ч бий. Үнэндээ нэг хүний хувийн өмч, тэр хүнийг баяжуулах, хаустай болгох, жийптэй болгоход нь туслаж байгаа. Ашгийн төлөө бус гэж байгаа ч үнэн чанартаа хувь хүний эзэмшлийн сургуулийн сандал ширээнээс авахуулаад бүх юм хувийн өмчөөр бүртгэлтэй байгаа юм. Хувийн сургуулийнхан үүнийг сонсвол намайг шүүмжлэх байх. Азийн олон оронд хувийн сургуулийн төлбөр нь өндөр байхад манайд эсрэгээрээ төрийн өмчийн сургуулиас ч бага байх тохиолдол бий. Хувийн секторын дээд боловсролын байгууллагууд төрөөс маш их зохицуулалттай байдаг. Манайд харин хориод жилийн хугацаанд “Хувийн сургуулиар оролдох хэрэггүй” гээд хаячихсан. Үндсэндээ зохицуулалт бараг байхгүй. Тайланг нь авч үздэг ч үгүй. Эрхбиш сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгодог. Тэрийгээ хувийн сургуулийнхан яаж ийж байгаад авчихна. Баахан коллеж байснаа дээд сургууль болчихдог. Тэгээд нэг мэдэхэд их сургууль болчихно.Зарим хувийн сургууль дипломыг “тээрэмдэж” гаргаж өгдөг. Хүн сураагүй ч диплом гаргаж өгнө гэсэн үг. Ийм үзэгдэл хэд хэдэн сургуульд гарсан. Одоо ч үргэлжлээд явж байна. Үүнийг бид хүсээгүй. Чанартай сайн боловсрол олгох төр, хувийн секторын сургууль аль аль нь байх ёстой гэж үзсэн. Одоо 170 мянган оюутны 40 орчим хувь нь хувийн сургуульд, 60 хувь нь төрийн өмчийн сургуульд суралцаж байгаа юм. Гэтэл эсрэгээрээ төрийн өмчийн дээд боловсолын байгууллагад маш их хяналттай тогтолцоо бий болсон. Улстөрөөс хамаардаг. Засгийн газар солигдоход төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын захирал солигддог. Энэ улстөрчдөөс ганцхан хамаарч байгаа юм биш. Манай төрийн өмчийн их, дээд сургуулийнхан өөрсдөө гүйж очоод “Манай нам гарчихлаа, би дарга болно” гээд байдаг. Их, дээд сургууль маань бие дааж хараат бус байдлаар оршин тогтнохын оронд ямар нам төр барьж байна, тэр тал руу нь гүйж очиж албан тушаал горьдсон фракц үүссэн. Үнэн чанартаа төрийн өмчийн сургуулийн тоног төхөөрөмж нь төрийн өмчид бүртгэлтэй, үйл ажиллагааны санхүүжилт оюутны сургалтын төлбөрөөс гарч байгаа. 96 хувь нь сургалтын төлбөрөөс, 4 хувь нь төрийн өмчийн их дээд сургуулиудад төрөөс өгдөг цахилгаан, ус,халаалтын зардлын төлбөр байдаг. Үүн дээрээ томоохон хөрөнгө оруулалт лаборатори, номын сан барьж өгдөг. Улсын төсөв татвараас бүрддэг. Гэтэл сургалтын төлбөр татвар биш шүү дээ. Сургалтын төлбөр гэдэг үйлчилгээ үзүүлээд төлбөр авч байгаа хэлбэр. Энэ төрийн өмч биш гэдгийг Сангийн яамныхан ойлгоогүй ирсэн юм. Дээр үеэс Сангийн яамныхан төрийн өмч юм чинь наадах чинь төрийнх хэвээрээ байх ёстой гэдэг. Үйл ажиллагаа нь зах зээлийн зарчмаар явж байгаа мөртлөө удирдлага, зохион байгуулалт талаасаа төрийн өмчид байж ирлээ. Гадаадын их, дээд сургуулиудын барилга байшинг төрөөс ч, хувийн хэвшлээс ч барьсан нь байдаг. Хүмүүс бариад хандивласан нь тохиолддог. Гэтэл төрөөс авахаа аваад, оюутнаас ч авахаа аваад, судалгааны орлогоо ч олоод бүрэн бие даасан байдлаар дээд боловсролын байгууллагууд нь ажилладаг. Энэ байдал хангагдаж чадахгүй өдий хүрлээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бид дээд боловсролыг бие даалгах хэрэгтэй гэж ярьсаар байгаад Дээд боловсролын тухай хууль, санхүүжилтийн тухай хуулинд олон заалт оруулсныг энэ намар хүчингүй болгочихлоо. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагууд харьцангуй бие даасан байдлаар санхүүгийн үйл ажиллагаа явуулахад зориулсан санхүүжилтийн хэдэн заалт үлдсэн. Харин Удирдах зөвлөлийг ингэж бүрдүүлье. Удирдах зөвлөлөөс захирлыг томилдог байя. Сайдын тушаалаар их, дээд сургуулийн захирлыг томилохоо байя гэсэн заалтуудыг хүчингүй болгосон. Хоёр жилийн турш ярьж байж ахиц гарсан ч ухарчихаад байна.

ХУВИЙН СУРГУУЛИУД АШИГ ХӨӨЦӨЛДӨХГҮЙ БОЛ ЯАЖ ОРШИН ТОГТНОХ ВЭ?

Хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд жишээлбэл миний ажиллаж байгаа Санхүү, эдийн засгийн их сургууль ашгийн төлөө бус, төрийн бус гэдэг статустай. Олсон орлогоо хувь хүнд хуваарилахгүй учраас сургалтын материаллаг баазыг сайжруулахад зарцуулж байгаа юм. Энэ сургууль 2002 онд Дэлхийн банкны төслөөр ашгийн бус, төрийн бус байгууллага болсон. Түүнээс хойш арван давхар байр барьж ашиглалтанд орууллаа. 15 давхар байшин барьж ашиглалтад орууллаа. Зээл төлж байгаа. Гэхдээ сургуулийн үйл ажиллагаа сайжирсан уу гэхээс биш муудаагүй. Манай сургуулийн багш нарын цалин хөлс, бусад хувийн өмчийн болон төрийн өмчийн сургуулийнхаас хамаагүй дээгүүр. Олон улсын магадлан итгэмжлэлд 2012 онд орсон. Бид багш нарыгаа олон улсын хуралд явуулах гэж чамгүй мөнгө зарцуулдаг. Хувийн өмчийн сургуулиуд үүнийг гаргаж чадахгүй.

Сургалтын чанар сайжирч, манай төгсөгчийг ажил олгогчид сайн авч байгаа болохоор сургалтын төлбөр бусад сургуулийнхаас хамаагүй өндөр. Ашгийн төлөө биш учраас оюутны тоогоо тэлдэггүй. 20 жилийн өмнө л хоёр, гурван мянган оюутантай байсан. Одоо ч хэвээрээ. Hарвард, MIT, Йель зэрэг дэлхийд нэр хүндтэй сургуулиуд бүгдээрээ ашгийн бус шүү дээ. Олон орны жишгийг харж байхад сонгодог их сургуулиуд үндсэндээ ашгийн бус байдаг. Ашгийн сургуулиуд байдаг ч харьцангүй жижигхэн, ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой, лиценз олгох сургалт эрхэлдэг, мэргэшсэн татварын байцаагч, нягтлан гэх мэт сургалт эрхлэхийн тулд хөтөлбөрөө маш сайн боловсруулаад түүнийгээ зарж байгаа юм. Тийм байгууллагууд ашгийн төлөө явдаг. Сонгодог их сургуулиуд, судалгааны их сургуулиуд ашиг хөөцөлдөх гэж бараг байхгүй дээ. Бусад улс орнуудын хөгжлийн замаас гажсан юм манайд харин харагдаад байгаа юм. Хувийн сургуулуудийг нийгэмдээ юм бүтээе, нэрээ үлдээе, нийт хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллая гэсэн үүднээс байгуулмаар байгаа юм.

Манай сургуульд ч төрийн өмч одоо хүртэл бий. Тухайн үед хүмүүс ойлгохдоо энийг хувьд гаргачихвал Амаржаргал, Батжаргал нь энэ байшинг эзэмшээд ашиг олох гэж байна гэж бодсон шиг байгаа юм. Гэтэл 30 жилийн хугацаагаар түрээсээр өгчихсөн. Түрээсийн төлбөр гэж авдаггүй л дээ. Бид шинээр баахан өргөтгөл барьчихсан. Хуучин байраа засаад шинэчлээд сайжруулаад, орчин үеийн тоног төхөөрөмж тавиад одоо хүртэл ашиглаж байгаа. Нийгмийн салбарын менежментийн хувьчлал хийгдсэн нь ийм.

Төрийн, хувийн байна уу гэдгээс үл хамаараад их, дээд сургуулиуд бие дааж ажиллах ёстой гэдэг зарчмыг гол болгох ёстой. Хараат бус, бие дааж ажиллах юм бол энэ сургуулиуд хөгжнө. Өнөөдөр хувийн сургуулиудыг хүмүүс хараад эд нар чинь бие даачихсан байна гэж хэлнэ. Үнэн чанартаа хувийн сургуулиуд эздээс хамааралтай. Хүмүүсийн хандлагатай холбоотой нэг юм хэлэхэд манай сургууль дээр аваад үзье л дээ. Манай удирдах зөвлөлийн гишүүд ямар ч цалин авдаггүй. Хуралд ирэхээрээ хоол иддэг. Өөр юм байхгүй. Манай Батжаргал захирал ашгийн төлөө бус, бие даасан байдлыг хадгалахаар маш их үзэлцэж байгаа. Сургуулийн хамт олон дотор Санхүү эдийн засгийн сургуулийг саалийн үнээ гэж харж байгаа хүмүүс байна. Хагас, бүтэн сайнд ажилласан, нэг юманд суулаа гэж мөнгө нэхдэг. “Ээ, нөхөд минь ингэх ёсгүй юм. Санхүү эдийн засгийн сургууль гэж нэг тогоо байна. Эхлээд тогоондоо оруулах юмаа хийж аваад дараа нь хүртэцгээе гэж би хэлдэг. Юу ч оруулахгүй байж авна авна гэж зүтгэх нь их, дээд сургуулиудын хөгжлийн зам биш. Гадаадын их дээд сургуульд профессор хүн гэж судалгааны санхүүжилт олдог хүнийг хэлдэг. Төсөл бичиж сургуульдаа юм оруулдаг. Тэгж байж эрх ямбыг нь эдлэнэ шүү дээ. Гэтэл манай нөхөд профессор болчихсон, намайг илүү харж үз гэдэг.

Манайх захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог. Зөвхөн сурлагын амжилтыг харгалзах нь учир дутагдалтай. Оюутны хэрэгцээг харгалзах учиртай. Гадаадын өндөр нэр хүндтэй сургуулиуд сургалтын төлбөрийг багасгах арга хэмжээ их авдаг. Энэ нь оюутныг татах арга хэрэгсэл.

Эерэг үр нөлөөнүүдийг нэрлэж болж байна. Дээд боловсрол улсын төсөвт ямар ч ачаалал болдоггүй. Яагаад гэхээр их дээд сургуулийн сургалтын төлбөрөөс, улсын төсвөөс авч байгаа бүх мөнгийг нийлүүлэхээр 300-400-гаад тэрбум л байгаа. Төсвөөс гаргахгүй, оюутны төлбөрөөс гаргаж байгаа. Ийм хямдхан төлбөрөөр олон хүнийг хамарсан дээд боловсролын систем дэлхийд өөр байхгүй. Бас нэг сайн тал нь дээд боловсрол тэлсний үр дүнд нийтдээ Монголын ажиллах хүчний боловсрол, ур чадвар дээшилсэн. Манайхныг доошоо татдаг юм нүүдлийн аж ахуйгаас болоод иргэншиж, нийгэмшиж чадаагүй юмнууд их байдаг. Дээд боловсрол энэ талаар маш сайн нөлөө үзүүлж байгаа. Томоохон хэмжээний хөгжлийн том төсөл хөтөлбөрүүдийг манайхан өөрсдөө хэрэгжүүлж аваад явах боломж бүрдсэн.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ШИНЭ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Боловсролын салбарт шинэ мастер төлөвлөгөө хэрэгтэй байна. Хэтийг харсан баримт бичиг одоохондоо байхгүй. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2024 оныг хүртэл бий. Салбарын хэтийн төлөвлөгөөг тусгасан мастер төлөвлөгөө байхгүй байна. Урьд нь байсан шиг засаглалыг сайжруулах, чанарыг, хамран сургалтыг сайжруулахтай холбоотой гол тулгамдсан асуудлуудыг оруулсан төсөл хэрэгтэй. Өмнө нь мастер төлөвлөгөө байсан уу гэвэл байсан. 1994 онд Засгийн газар, АХБ хамтраад хүний хөгжлийн мастер төлөвлөгөө гаргасан. Энэ мастер төлөвлөгөө боловсролын системийг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх, либеральчлах, санхүүжилтийн механизмыг өөрчлөх, хөтөлбөрийн чанар нийцлийг сайжруулахад чухал баримт бичиг болсон юм. Мастер төлөвлөгөө гэдэг үндсэндээ бүх юмыг хамрах биш, тухайн салбарт тулгамдаж байгаа тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг гаргаж тавиад, тэрийг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг санал болгодог онцлогтой. Мастер төлөвлөгөө гараад түүнд санал болгосон олон төсөл хөтөлбөрүүдийн ихэнхийг АХБ, Дэлхийн банк, бусад санхүүжүүлэгчид хэрэгжүүлсэн сайн талтай. Бид нэг удаа Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг яаман дээр гаргаж үзсэн юм. Бусад бодлогын томоохон баримт бичгүүдтэй харьцуулахад боловсролын анхны мастер төлөвлөгөө маш сайн хэрэгжсэн гэж үнэлэгдсэн юм. Дараа нь боловсролын салбарыг 2000-2005 онд хөгжүүлэх стратеги гэдэг баримт бичиг АХБ-тай хамтраад гарсан юм. Бусад бичиг баримттай харьцуулахад цомхон баримт бичиг. Гэхдээ үүнийг дагаад АХБ-ны ялангуяа Боловсролын хөгжлийн хөтөлбөр I,II,III гээд шат дараатай зээлийн төслүүд хэрэгжсэн. Бага, дунд боловсролын сургууль цэцэрлэгийн барилгыг сайжруулах засах хөрөнгө оруулалт энэ рүү чиглэсэн сайн талтай. Дараагийн нэг баримт бичиг нь 2006 онд батлагдсан Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж гарсан. Энэ нь АХБ-ны санхүүжилтээр хийгдсэн юм л даа. Энд анх удаа боловсролын салбарын хамран сургалтын байдал, чанар менежментийн асуудлыг тавьсан. Энд маш олон тоон үзүүлэлтүүдийг тавьсан. Жишээлбэл 2015 он гэхэд бүх шатны хамран сургалт тэд болно. Оюутны тоо нь тэд байна гээд тоон зорилтууд асар их тавигдсан. Яг тэргүүлэх зорилтот асуудал юу байгаа нь төдийлөн сайн харагдаагүй. Тодорхой төсөл хөтөлбөр санал болгоогүй. Тийм болохоор доноруудын хувьд энэ мастер төлөвлөгөөг авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тал гарсан болов уу гэж би боддог. Нөгөө талаас тоон зорилтууд тавьчихаар амьдрал баян юм чинь зарим тоон зорилт нь хоёр, гуравхан жилийн дотор биелэчихсэн. Мэргэжлийн боловсрол дээр суралцлагчдын тоог 57 хувь өсгөнө гэсэн чинь хоёр, гурав дахин өсчихсөн байх жишээтэй. Гэхдээ энэ бол чухал баримт бичиг болоод явсан.

Ямар ч мастер төлөвлөгөөгүйгээр бүгдээрээ хэлэлцэж ойлголцож байгаад хэдэн асуудлыг төр засаг, нийгэм, дээд боловсролынхон яам бүгд нийлж байгаад шийдмээр байна. Нэгдүгээрт Улаанбаатарт дээд боловсролын сургуулиуд ихэнхи нь төвлөрч байна. Үүнийг ямар нэг байдлаар шийдмээр байна.

Хоёрдугаарт багш, ажилтнууд төрийн өмчийн сургуулийнхан төрийн үйлчилгээний албан хаагчид гэдэг статустай одоо хүртэл явж байгаа. Үүнийг болихгүй бол цалин хөлс, маш их юманд садаа болж байна. Үүнийг өөрчлөх ёстой.

Бас нэг юм бий. Дээд боловсролын байгууллагын бие даасан хараат бус байдлыг эрдмийн эрх чөлөөг улс төрийн нөлөөнөөс яаж ийж байгаад салгамаар байна. Энэ бидний толгойн өвчин. Үүнийг шийдэхгүйгээр дээд боловсрол хөгжих боломжгүй. Дээд боловсролын санхүүжилтэнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэхдээ улсаас шаардлага хангаж байгаа их дээд сургуульд суралцаж байгаа бүх хүнд дээд боловсрол эзэмшихэд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Үүнийг шийдэж болно. Бас нэг зүйл. Дээд боловсролын хүрээнд хийгдэх судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Үүнгүйгээр их дээд сургууль хөгжихгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *