Categories
мэдээ цаг-үе

Монгол инженерүүд өнөө жил гадны 20-25 онгоц засах төлөвлөгөөтэй ажиллаж байна

МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар уг нь компанийнхаа таван агаарын хөлгийг нислэгт бэлэн байлгах үүрэгтэй. Гэтэл эдний хамт олон нөөц бололцоогоо түшиглэж үйл ажиллагаагаа өргөжүүлж олон улсын хэмжээнд ажиллаад дөрвөн жил болж байна. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын засварын ангарт орлоо. ОХУ-ын “UT air” компанийн “Иван Хохлов” гэдэг нэртэй агаарын хөлөг засварт орж байна. Инженерүүд онгоцны далавч, их бие, дугуй, ачааны хэсэг гээд бүхий л газарт нээлхийнүүдийг онгойлгоод засвар үйлчилгээг нь хийгээд завгүй. Хүчит хоёр том сэнс, уртаас урт далавч, шонхор мэт хошуутай сүрдмээр том онгоцны эргэн тойронд хувцсаар жигдэрсэн ажилтнууд нааш цааш холхиж, автомат шат дээш доош сунаж энд тэндгүй цахилгаан багаж хэрэгслийн дуу тасралтгүй хадаж ажил ид буцалж байлаа.

Тус компанийнхан нөөц бололцоо, инженер техникийн ажилтнуудын ур чадвар, байр савны боломжоо харгалзан үзээд гадны агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийе гэдэг санаагаа 2011 оноос хойш хэлэлцэж ярилцаад ажил хэрэг болгосон нь 2014 онд биелжээ.

Тухайн оны долоодугаар сард Тайландын “Orient” компанийн онгоцыг хүлээн авч засварласан нь анхны гадаад ажил нь болжээ. Дараа жил нь гадаадын таван онгоц зассан бол 2015 онд найм, 2016 онд 15 онгоцонд засвар үйлчилгээ хийсэн байна. Одоогоор БНСУ-ын гурав, ОХУ-ын хоёр, Тайландын гурван авиа компанитай гэрээ хийж онгоцуудыг нь засч байгаа аж. Аливаа бизнесийг жилд 10-15 хувийн өсөлттэй байвал жигд хурдтай, сайн гэж дүгнэдэг. Гэтэл эдний байгууллагын хувьд өсөлт нь дөрөв, найм, 16 гэж геометрийн прогрессийн дагуу явж байгаа нь бахархал төрүүлнэ. Эхлээд өөрийнхөө 60х60 хэмжээтэй ангарт гадны агаарын хөлгүүдийг засч байсан бол үйлчлүүлэгч нь нэмэгдсэн учир “Изинис” компанийн ангарыг түрээсэлж хоёр зэрэг засвар үйлчилгээ хийж байгаа юм байна. Түрээсийн ангарт нь БНСУ-ын “EASTAR” авиа компанийн онгоц засвар хийлгэж байгаа аж.

Агаарын хөлөг, хөлөг онгоц болгон өөрийн оноосон нэртэй. Иван Хохлов гэдэг нь уг онгоцны нэр

Тус завсар үйлчилгээний газрын Үйлдвэрлэл, төлөвлөлт, хяналт хэлтсийн дарга Б.Төмөрчөдөр, Маркетинг, борлуулалтын хэлстийн инженер Ж.Чинзориг нар байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь Үйлдвэр, төлөвлөлтийн хэлтэс, Техник үйлчилгээний хэлтэс, Инженерингийн хэлтэс, Материал хангамжийн хэлтэс гэсэн дөрвөн үндсэн хэлтэстэй бөгөөд нийт 150 гаруй инженер, техникийн ажилтантай. Эдний хамт олон агаарын хөлөгт бүрэн хэмжээний үйлчилгээ үзүүлдэг бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага болох алсын хараатай ажилладаг юм байна.

Ямар нэг онгоц засахаар болбол тэр онгоц эхлээд аль улсад харьяалалтай байгаа нь чухал. Жишээ нь Англид бүртгэлтэй онгоц байвал Английн холбогдох байгууллагуудаас онгоцонд нь хүрэх зөвшөөрөл, эрх авна. МИАТ-ийн таван онгоцын хоёр нь Монгол Улсад, гурав нь Ирланд улсад бүртгэлтэй. Ирланд гэхээр Европын холбооны харьяанд байдаг улс учир тус холбооны Иргэний нисэхийн ерөнхий газраас олгодог тусгай зөвшөөрлийг авч байж өнөө гурван онгоцондоо засвар хийдэг гэсэн үг.

МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь Ирландад бүртгэлтэй гурван онгоцоо засах эрхийг 2005 онд Европын холбооноос авсан нь эдний анхны олон улсын эрх болж байгаа юм. Харин тэрнээс өмнө онгоцнуудаа гадны компаниудтай гэрээ хийж засвар хийлгэдэг байж. Ж.Чинзориг инженер байгууллагынхаа мэдээллийн хэсэгт байрлуулсан самбар дахь засвар хийх эрх, чанарын гэрчилгээ зэргийг сонирхуулж үүх түүхийг нь тайлбарлав. ОХУ-ын онгоцууд Бермудын аралд бүртгэлтэй байх нь элбэг гэнэ. Тийм учраас манай инженерүүд хойд хөршийнхөө онгоцыг засахын тулд Бермудын арлуудын холбогдох газраас онгоцонд нь засвар үйлчилгээ хийх зөвшөөрөл авчээ. Мөн БНСУ, Тайланд, Турк гэх мэт улсуудын Иргэний нисэхийн ерөнхий газраас онгоцуудад нь засвар үйлчилгээ хийх ийм эрх олгосон баримтуудыг хадгалжээ.

Манай нөхцөлд шинэ машинуудын дөрвөн амортизатор, мөн доогуур явах эд анги нь түрүүлж эвдэрч мууддаг. Масло, тос, арчилгаанаасаа хамаарч мотор, кроп нь элэгддэг. Харин онгоцны хувьд ингэж түрүүлж элэгддэг, мууддаг гэх зүйл үгүй. Ингэж ч ярих боломжгүй юм байна. “Дугуй нь дэлгэгдсэнгүй”, “Нэг мотор нь эвдэрчээ” гэх мэт шалтгаанаас болж онгоц ослын буулт хийх нь бий. Үүнийг гэнэтийн саатал хэмээн үзнэ. Түүнээс биш онгоцны хувьд амархан эвдэрчихдэг, эвдэрчих гээд байдаг зүйл байхгүй. Яагаад гэвэл онгоц инженер, техникийн ажилтнуудын хяналт дор 24 цагийн турш байдаг. Өдөр тутам, нислэгийн үйлчилгээ, нислэгийн дараахь үйлчилгээ, долоо хоног тутмын үйлчилгээ, сарын үйлчилгээ, 12-16 сарын үйлчилгээ гэсэн төлөвлөгөөт үйлчилгээ, засвар байнга хийгдэнэ. Онгоцны хамгийн том, хүнд завсар нь 16-18 сарын дараахь засвар.

“Иван Хохлов” онгоц ийм хүнд хэлбэрийн засвар хийлгэж байгаа. Энэ онгоц 1999 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд үйлдвэрлэгдсэнээсээ хойш хамгийн том засварын үйлчилгээгээ авч байгаа нь энэ. Уг онгоц жил тутмын засвар үйлчилгээнд ойролцоогоор 14-15 удаа орчихоод Монголд ирээд хамгийн хүнд засвараа хийлгэж буй. Манай инженерүүдийн Оросын энэ онгоцыг үйлдвэрээс гарснаасаа хойш хамгийн том задаргаанд оруулж, бүрэн бүтэн байдлыг нь шалгаж баталгаажуулаад онгойлгож болох, үзэж харах бүх нээлхийнүүдийг нээгээд дахиад 16 сар нисэх боломжтой эсэхийг нь баталгаажуулна.

“Иван Хохлов”-ын засварын ажил бараг дуусч байлаа
Түүнээс биш энэ онгоц нисч яваад ямар нэг юм нь эвдрээд болохоо байгаад ирсэн хэрэг биш. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргийн тээврийн зориулалттай С17 агаарын хөлөг Улаанбаатарт ослын буулт хийсэн. Уг онгоц нисэхийн талбай дээр байна. “С17-г засах боломжтой юу” хэмээн Ж.Чинзориг инженерээс асуутал шууд засах боломжгүй гэнэ. Бүтэн жилийн турш хийх засвар үйлчилгээний хуваарь, төлөвлөгөө хэдийн гарчихсан. Тэр хуваариа ягштал мөрддөг юм байна. Ийм гэнэтийн эвдрэл гарлаа гээд тухайн онгоцыг шууд засах бололцоогүй, нэлээд хугацаа шаарддаг аж. Онгоц засах эрх авчихаар бүх төрлийн онгоцыг “Бид засна” гээд л засаад явчихгүй. Ямар үйлдвэрийн, ямар мотортой, ямар онгоцны юу юуг яаж засахыг хүртэл олон улсаас нэг бүрчлэн зөвшөөрөл авч байж гүйцэтгэнэ. Тухайн онгоц дээр 2-3 жил ажиллаж дадлагажсаны дараа сая зөвшөөрөл авах асуудал яригддаг юм байна. Ер нь онгоцны засвар, үйлчилгээ гэдэг маш өндөр хяналт, шат шатны байгууллагын хараан дор болдог сахилга бат хариуцлага шаардсан ажил. Манай улс олон улсын жишгээр 20-25 жилийн насжилттай иргэний нисэхийн онгоцыг хөөрөхийг зөвшөөрдөг юм байна.

Манай онгоцны инженерүүдийн дийлэнх нь ОХУ-д мэргэжил эзэмшсэн бол сүүлийн жилүүдэд Англи, Герман, Канад, АНУ, Австралид төгссөн шинэ залуу боловсон хүчнүүд ажиллах болжээ. ШУТИС-ийн Онгоцны нисэх механикийн ангийг төгссөн залуус ч энд ажиллаж байна. Азид дэлхийд эхний аравт багтдаг томоохон засварын газрууд бий, Хонконг, Хятад, Тайваньд. Хятадуудын хувьд чанарын хувьд нэг их сайшаагддаггүй ч хурдан шуурхай гэдгээрээ танигджээ. Харин манай инженерүүд чанартай, бусадтай өрсөлдөхүйц үнийн санал тавьдаг бөгөөд төсөөллөөс ч давсан чанарыг амладаг нь амьдрал дээр биелдэг учир жилээс жилд үйлчлүүлэгчдийнх нь тоо өсч байгаагаас харж болно. Өнөө жил эдний хамт олон гадны 20-25 онгоц засварлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

60х60 хэмжээтэй энэ ангарт “Иван Хохлов” шиг ийм “Боинг 767” онгоц ганц л багтана. Харин нарийн их биетэй, цөөн хүний суудалтай “Боинг 737” онгоц хоёр багтана. Ангарынхаа багтаамжид тулгуурлаад “Боинг 737”-г 15-16, “Боинг 767”-г 4-5-г засах боломжтой гэж тооцоолжээ.

“Иван Хохлов” онгоцны засварын ажилтай танилцаж байтал солонгос хүмүүс явж байна. Солонгосын “EAST¬AR” компанийнхан онгоцоо засуулахаар авчирч манай инженерүүдтэй хамт явж байлаа. Ангарын дөрвөн талд “Өөрийнхөө давуу талыг нээж түүнийгээ байнга сайжруулан хөгжүүл”, “Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь таны амжилтын үндэс юм”, “Хэрвээ танд төлөвлөх цаг байхгүй бол ашиггүй үрэх цаг танд байгаа юу”, “Аливаа ажлын сайн бэлтгэл нь ялалтын тэн хагас юм” хэмээн монгол, англиар бичсэн лоозонгууд өлгөжээ. Тэгтэл “Үдийн цайны завсарлага! нийт бүрэлдэхүүн цайндаа орно уу” хэмээн цагаан хоолойгоор хоёронтоо зарлалаа. Инженер, техникийн ажилтнууд уван цуван явсаар цайндаа орлоо. Ангарын гэрэл унтрав.

Инженер Ж.Чинзориг засварын цехүүд, онгоцны удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцууллаа. МИАТ компани онгоцны өөрийнх нь хяналтаас гадна нэмэлтээр суурилуулсан хяналтын системтэй. Хүмүүс санаж байгаа байх. Тайландын онгоц нислэг үйлдэж яваад гэнэт алга болчихсон. Тайландын тус авиа компани нь ийм хяналтын системгүй байснаас онгоцоо алдчихсан хэрэг. Дэлгэцэн дээр нэг онгоц байна. МИАТ-ийн онгоц. Өглөө 08:56 цагт хөдөлсөн бөгөөд одоо хэр өндөрт, ямар координатын цэг дээр, хэдэн км/цагийн хурдтай нисч байгаа нь харагдана.

Онгоцны инженер гэхээр л агаарын хөлгийг бүхэлд нь засчихдаг хүн биш. Эмч нар дотроо дотор, мэс засал, нүд, шүдний гээд ангилагддаг. Үүнтэй адил онгоцны инженерүүд ч үүргийнхээ хуваарилалтын дагуу далавчийн хэсэг, мотор, аюулгүй байдлын систем энэ тэр гээд гүйцэтгэх ажил нь өөр өөр.

Төв ангарт засвар хийлгэж байгаа Оросын “UT air” компани өмнө нь хоёр онгоцоо засуулсан бол “Иван Хохлов” гурав дахь нь. Өнгөрсөн сарын 10-нд засварт орсон бөгөөд засвар үргэлжлэх хугацаа нь 35 хоног. Уг онгоц бүрэн задаргаанд орж байгаа учир нийтдээ 1200-1300 үзлэг, шалгалтын ажил хийхээс дийлэнхийг нь хийж дуусгаад байгаа аж. Тусгай самбарт “Иван Хохлов”-ыг ангарт яаж хэрхэн байрлуулж засахаас эхлүүлээд хичнээн инженер, техникийн ажилтан ажиллах, ямар ажлыг хэдний өдөр, хэрхэн хийхийг Инженерингийн хэлтсийнхэн бүгдийг нь нарийн төлөвлөөд гаргачихсан байлаа.

Ангарын хананд дэлгэц дээр дараагийн засварын ажлын хуваарь харагдана. Ямар улсын ямар онгоц хэднээс хэдний хооронд засварт орохоор хүлээгдэж байгааг харж болохоор байлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *