Categories
мэдээ цаг-үе

Л.Хөсрий: Халхаас нүүж очсон дүрвэгчдийг Сөнөдийнхөн “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж хөөж туудаг байсан гэдэг

Ардын хувьсгал ялснаас хойш арав гаруй жилийн хойно ард түмнийг хилс хэрэгт үй олноор нь хэлмэгдүүлсний улмаас хилийн чинадад дүрвэн гарцгаах болсон байдаг. Хэлмэгдүүлэлт эхлэхэд айж цочирдсон ард иргэд, тэр дундаа зах хязгаар нутаг хилийн дагуу аж төрж байсан олон айл өрх хил даван дүрвэж гарсан бөгөөд түүхийн сурвалж бичигт долоон мянга гаруй өрх, гуч гаруй мянган иргэн эх орноо орхин гарсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэр үеийн амьд гэрч болсон цөөхөн хүний нэг Говийн тайжууд овогтой Лувсангийн Хөсрий гуайтай уулзаж хөөрөлдлөө.


-Таныг өнгөрөгч зууны гучаад оны үед Өмнөд Монголд дүрвэж гараад хожим эх орондоо орж ирсэн сонин хувь заяатай хүн гэж сонсоод сурагласаар ирлээ. Та энэ талаараа яриач!
-Гучаад оны ээдрээтэй тэр цаг үед одоогийн Өмнөговь аймгийн Их, Бага Шанхай, Цогтцэций, Ханбогд орчмоор нутаглаж байсан малчин ардууд төрсөн нутгаа орхин Ловон багшийг даган дүрвэн нүүсэн гэдэг. Тэдний дотор тайж язгуур угсаанаасаа айсан манай аавын авга ах Хорол тайж, Аньд тойн, төрсөн ах Бариад, Жамбал, Анахүү нар айл хотлоороо Өмнөд Монголын баруун Сөнид хошуунд очиж суурьшаад арван таван жил болж, харин аавын авга эгч нар нүүлгүй нутагтаа үлдсэн гэдэг. Баруун Сөнөдөд нүүж очиход анхандаа буурь засах бууц ч олдохгүй, нутгийн айлууд ч “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж загнан хөөж туудаг байсан ч угсаа нэгт монголчууд болсон хойно аажимдаа дасацгаасан гэдэг. Нүүж очсон айлууд эхэндээ нөмөр даган бууж, намар орой болоход ханан хороо барьж хонио хотлуулан, шар хондонд өвөлжөөд, дараа жилээс нь тэндээ бууж бууцжуулсаар байран өвөлжөөтэй болсон байдаг. Мөн усны судалтай газрыг шинжин олж худаг гарган, буух бууц, уух устай болцгоосон байна. Өмнөд монголчууд их ажилсаг улс болохоор хөрзөнгөөр жан цохьж өндөр сайхан хороо барьдаг, чононоос хонио хамгаалж хорооны дээгүүр төмөр утас татдаг байсныг аав ээж маань ярьдаг байлаа.
-Таны аав хэн гэж хүн байв?
-Миний аавын өвөг дээдэс үе залгамжилсан тайж язгууртай Говь Шанхай нутгийн хүмүүс байсан юм билээ. Аавын өндөр өвөг Анч дөрвөн хүүтэй байснаас миний өвөө Даш отгон хүү нь. Миний өвөө Даш малын эрэлд явж байгаад гэртээ иртэл хань нь хөхөө ил гаргаад уяатай хүүгийнхээ дэргэд нас барсан байж. Найман хүүхэдтэй айлын отгон хүү, аав Лувсан минь тэгэхэд гуравхан настай, бурхан болооч ээжийгээ хөхчихсөн, ах эгч нар нь тойроод уйлалдаад сууж байсан гэдэг. Дашийн эхнэр тэр өдөр саахалт айлын хүнтэй хээр таарахдаа “Түлхээгийн энгэрээр хонио эргүүлж явтал нэг том шувуу нисэж ирээд алгадчихлаа, бие их муу байна. Харьж муу хүүгээ хөхүүлж чадах нь уу, үгүй юу” гэж толгой нь гилжийгээд царай муутай явсныг өвөөд хэд хоногийн дараа нөгөө хүн хэлсэн байгаа юм. Даш өвөө хүү Лувсангаа таван нас хүрэхэд “Миний хүү том болж, одоо айлд очиж ажил хийж амь зуух хэрэгтэй” гэж хэлээд нутгийн олон малтай баян айл болох Хар Бүтэд гэдэг хөгшнийд аваачиж өгөөд “Аав нь хүүгээ эргэж ирж байнаа” гээд явснаас хойш ахин уулзаагүй юм гэдэг.
-Аав чинь айлд зарцаар очжээ дээ?
-Хар Бүтэд хөгшнийд ирснээсээ хойш аав Луузанхүү гэж дуудагдах болж. Бүтэд хөгшин өнчин хүүд өвлөөс бусад улиралд дулаан хувцас өмсгөдөггүй, хөл нүцгэн хурга хариулуулдаг байсан гэдэг. Хонинд хөл нүцгэн явсаар идээлж, гишгэх аргагүй болсон байхад эзэн авгай “Хонинд чоно орууллаа” гэж аашилж загнан гадаа хонуулдаг байсан тухай аав минь хожим хуучлахдаа нүдэндээ нулимстай суудаг сан. Аав минь “Эр бор харцага”, “Өвгөн шувуу”-г эрвэлзтэл сайхан дуулдаг, шагайн харваан дээр уухайг маш сайхан хийдэг хүн байсан. Аавын шагайн бүрэн хэрэглэл хожуу болтол хадгалагдаж байлаа. Аав минь бага байхдаа зарагдаж байсан бас нэг баян өндөр Борын зээ охин Эрэнжавыг арван есөн настай байхад гучин дөрөвтэйдөө ёс төрлөн авч айл гэр болсон юм билээ.
Ээжийнхээ тухай ярих зүйл их л байгаа даа?
-Намайг төрүүлсэн ээж Төмөр эмээ дээрээ өсөөд нутгийн Доржсэмбэ гэдэг хүнтэй сууж гурван хүүхэд төрүүлэн сайхан амьдарч байжээ. Тэгтэл зэвсэглэсэн гамин цэрэг Монголоос хөөгдөн буцаж явахдаа манай нутгаар дайран ачаа хөсөгтэй цувж, замд таарсан айлуудын мал хөрөнгө, эд юмсыг тонон дээрэмдэж, эсэргүүцсэн хүнийг барьж хороож байж. Тэр үед Доржсэмбийнх тэргүүтэй хэдэн айл гэрээ орхин ойр зуурын юмаа тэмээнд ачаалаад, гамингийн хөлөөс зайлахаар дүрвэж нүүхдээ хүүхдүүдийнхээ томыг ачаан дээр суулгаж, хоёр бага хүүхдээ өөжинд хийж тэмээнд тэгнэн дээсээр даруулж явжээ. Тэд хөдлөөд Шанхайн уулын бэрхэд гарахаар явж байгаад Хэцүү агуйд буудаллаад байсан гамингууд дээр мэдэлгүй орчихож. Гэнэт гарч ирсэн ачаа хөсөгтэй улсыг хараад сандарсан гамингууд өөдөөс нь буу тавьж, айлын эрчүүд буудалцах үеэр ачаан дээр суусан хүүхэд суманд оногдож, сэгстэй тэмээ нь туйлан ачаагаа тарааж шидлэхэд өөжинд явсан хүүхдүүд нь газар дээрээ үрэгдэж, эрчүүдийн зарим нь баригдаж, зарим нь шархтаж тарж бутран сүйд болсон юм билээ.
-Ёстой нэг гай газар дороос гэдэг болж дээ, зайлуул…
-Яриад яахав. Ингэж ээж минь гурван нялх үрээ нэг дор алдаж сэтгэлийн гүн зовлонд унан, ёстой л дээлтэйгээ хатна гэгч болж байсан гэдэг. Түүнээс хойш дахин дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь ч тогтоогүй тул аргаа барахдаа нөхөртэйгөө ярилцан тохирч хоёр тийш болоод төрхөмдөө буцан, удалгүй Өмнөд Монголд дүрвэн гарсан байдаг. Тэнд миний эцэг уран Жамбалтай ханилан сууж намайг төрүүлж. Ээж минь залуудаа урт сайхан гэзэгтэй, бүсэлхийгээрээ нарийхан гоолиг биетэй, цагаан царайтай нутагтаа “Сайхан Төмөр” гэгддэг үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Миний аав Жамбалыг өнгөрсний хойно Онолтын Цэрэндорж гэдэг хүнтэй ханилж Дундговь аймгийн Өлзийт суманд ирж суурьшсан. Би ээжийгээ Өмөө гэдэг байсан юм.
-Та чинь Лувсан гэдэг хүнээр овоглодог байтлаа юун уран Жамбалын охин болоод явчихав аа?
-Би чинь одоогийн манай улсын хилийн цаана төрсөн хүн. Өмөө маань гамингийн хөлд гурван сайхан үрээ үрснээс хойш төрүүлсэн дөрвөн хүүхэд нь тогтоогүй болохоор баруун Сөнөдөд очоод ээжтэйгээ амьдарч байгаад миний өргөж авсан аав Лувсангийн ах Жамбалтай ханилан намайг олсныхоо дараа “Энэ хүүхдийг яаж тогтоох вэ” гэж мэргэн хүнээс асуухад “Дөнгөж төрмөгц нь хулгайлсан болж аваад үрчилж авах айлын сайн зүгт хээр хая. Тэгвэл тогтоно” гэж айлдаж. Ээж намайг төрөхөөс өмнө Утай явж эргэл мөргөл их хийсэн гэдэг. Тэгээд 1937 оны шороон үхэр жилийн намар баруун Сөнөдийн Сээрийн уул гэдэг газар майханд амаржин намайг төрүүлж, Юлтий Сүх боож аваад майхны сүүлэн (хаяа) доогуур “хулгайлан” авч гараад, цаанаас нь авах айл Лувсангийн зүгт аваачиж нэг том бутны өмнө шороо хонхойлж тавиад элс шороогоор манаж орхижээ.
-Та Хөсрий гэсэн их содон нэртэй хүн юм аа?
-Тэр их учиртай хүү минь. Намайг төрөх үед өргөж авах ээж Эрэнжав маань нөгөө майхны зүг өдөр бүр ширтэн хүлээж суудаг байсан гэдэг. Нэг өдөр майхны гаднаас нэгэн өндөр хүн жижигхэн юм барьсаар гэрийг нь зүглэн явсаар том бутны өмнө сууж байгаад явж. Эрэнжав ээж намайг тавиад явахыг мэдээд “Нүдийг нь шувуу ухчихвий” гэж сандран том бутыг нүдлэн амьсгаа даралгүй гүйсээр очиход би шороогоор манаастай, сүүл хөхөөд хэвтэж байжээ. Намайг авчраад задалж үзэхэд дээлийн хуулгаар ороогоод үстэй хуучин хөдсөнд боож, гадуур нь хар навтсаар манцуйлсан байсан гэдэг. Ингэж Лувсангийнх гэдэг айл үртэй болон бүл нэмж, гурав хоноод Бандгай багшийг залж угаах ёслол хийгээд “Охинд нэр хайрла” гэсэнд “Хээрээс олсон юм чинь Хөсрий гэж нэрлэ” гэж айлдсан гэдэг.
-Өмнөд Монголд дүрвэж очсон айлуудын аж амьдрал ямаршуухан байсан юм бол?
-Манайхныг нүүж очих үед Дилав хутагт Жамсранжав, Засагт ханы Очирдара лам, Шанхайн ширээт лам, Ганжуурваа багш, Говь-Алтайн Даяанч багш, Ловон багш, Бандгай багш, Хөвсгөлийн Дондог зоч, Мэргэн Жамаа зэрэг олонд бишрэгдэн нэрд гарсан эрдэм чадалтай хутагт, хувилгаад Сөнөд хошуунд суурьшицгаасан байсан юм билээ. Тэр чадалтай сайхан хүмүүсийн нөлөөгөөр халхаас нүүж очсон айлуудад сайнаар ханддаг болж. Очсон эхний арав шахам жил ямар ч засаг захиргаагүй байсан болохоор малаа өсгөж, ашиг шимээр нь амьдарч, ноос ноолуур, арьс ширээ тээвэрлэн Жанчхүү, Хаалган орж борлуулан будаа гурил, эд бараа, хэрэгцээний юмаа авчирдаг байжээ. Тэр нутагт амьдарсан сүүлийн жилүүдэд япончууд Зүүн хойд хятадыг эзэлж, баруун Сөнөд хошуунд Хамхуу гэдэг засаг захиргааны нэгж байгуулан айл өрхөөс алба татвар авдаг болсон байна. Төдөлгүй сургууль соёл ч байгуулагдаж, нутгийн хүүхдүүдэд монгол бичиг зааж байсан гэдэг. Сөнөд хошуунд Бурхны шашны хийд байгуулагдаж хурал хурдаг байсан нь 1945 онд ар монголчууд нутгаа буцахад даган нүүж Дорноговийн Айраг суманд Нүдэн гэдэг газар төвлөрч Нүдэнгийн хийд нэртэй байж байгаад сүүлд Улаанбаатар хотод шилжин Төв Гандантэгчинлэн хийдэд нэгдсэн юм билээ.
-Та тэнд аж төрж байсан бага насны амьдралаа хэр санадаг вэ?
-Утайд мөргөхөөр амьтан ах дүүгээрээ хамт явсныг санаж байна. Лав л нэг хонхороор дайран гартал хувцастай, хувцасгүй баахан үхсэн хүүрэн дундуур явсаар нэг хот суурин газарт очиж дэн буудал гэгчид байрлаж байсан юм даг. Тэр их хүүрэн дундуур туучин томчуул ам амандаа маань дүнгэнэтэл уншин явж байсныг бодоход тойрох аргагүй л газар байсан бололтой. Тэр сууринд нэлээд удаж, тэнд тэмээ малаа заран байж ачааны машинд суун Жанчхүү буюу Хаалган хотод очоод галт тэргээр нэлээд урт зам туулсаар Утайд очсон санагдана. Тэнд очоод ээж халуурч өвдөөд босч чадахгүй болсон байлаа. Мөргөлчдийн нэг нь түвд маарамба залж ирээд үзүүлсэнд “Хөлөрч ирээд, халуун ханзан дээр нойтон хувцастай унтаад жин цохиулсан байна” гээд сайтар хөлөргөж эдгээсэн юм гэсэн. Ээжийн бие зүгээр болж Хэвтээ ламын агуйд очиж мөргөнө гэж явган явлаа. Холоос харахад орхимж нөмөрсөн лам хэвтэж байгаа юм шиг харагдаад байсан хад руу явсаар байгаад очсон чинь улаан шар алаг чулуу л байсан. Бид буцахдаа нэг сууринд ээж бид хоёр хүн хөллөөд явдаг “Дүенчан” гэдэг тэргэнд сууж үзэж билээ. Намс намс гэсэн их зөөлхөн гоё унаа байсан санагддаг. Биднийг суулгасан тэрэгчний хөлс нь дуслаад байхаар ээж “Хөөе чи зөөлөн яв, наад хөлс чинь хэцүүдлээ” гэсэн чинь бушуу яв гэж загналаа гэж ойлгосон юм байх улам хурдлан гүйсэн гэдэгсэн. Тэр хотод бас “шойтон” гэдэг жижиг хөлтэй эмэгтэйчүүд явж байхыг үзсэн.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *