Categories
мэдээ цаг-үе

​Галаарид: Сэтгүүл зүйг ойлгохгүй улстөрчид парламентад олонхи болсон

Хэвлэлийн хүрээлэн сэтгүүлч бэлтгэдэг курсын 21 жилийнхээ нээлтийг хийлээ. Энэ удаагийн хөтөлбөр нь Германы Конрад Аденаурын сангийн тэтгэлгээр явагдаж байгаагаараа онцлог юм. Монголын залуу үеийг төлөөлсөн сэтгүүлч биш өөр мэргэжлийн 25 залуу сэтгүүлч мэргэжлээр зургаан сар суралцана. Энэ хөтөлбөрийн үр дүнд их эмч, хуульч, эдийн засагч гэх мэт олон мэргэжлийн болсон залуус сэтгүүл зүйн салбарт шилжиж өөрийн мэргэжлээр олон нийтэд мэдээлэл түгээх чадвар эзэмшинэ. Сургалтын нээлтэд оролцсон МСНЭ-ийн ерөнхийлөгч Галаарид “Өнөөдөр парламентад сэтгүүл зүйг ойлгохгүй улстөрчид олонхи болсон энэ үед энэ сургалтад хамрагдаж байгаа залуус маш чухал үүрэг, харуцлага хүлээнэ” гэж хэлэв.

Хэвлэлийн эрх чөлөө улстөрчдийн нүдээр…

Өчигдөр Монголд сэтгүүл зүй үүсч хөгжсөний 104 жилийн ой тохиолоо. Монголчууд ардчилалд шилжсэний хамгийн том баталгаа нь чөлөөт хэвлэл хэмээн барууныхан магтдаг. Нэгдлийн даргаа шүүмжлээд хоолны махгүй хонодог байсан талын малчид өнөөдөр өөрийн Ерөнхийлөгчөө шүүмжлээд зогсохгүй хүчирхэг АНУ, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгчдийг ч дэлхий даяар шүүмжлэх эрхтэй болсон.

Гэхдээ бидний шүүмжлэх өргөн эрх амьдралд маань хэр нэмэр болдог вэ гэсэн асуултад сонин хариулт гарна. Амтай болгон улстөрч бүрийг олигархи, хулгайчаар нь дуудна. Ингэлээ гээд хэн ч шоронд ачигдахгүй. Харин хэн нэгэн улстөрчийг шүүмжилсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага ямар нэгэн шийтгэл амсах нь үзэгний үзүүр төдий асуудал.

Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд Эх орноосоо урвах, 86 дугаар зүйлд Үндэсний эв нэгдлийг бусниулах, 87 дугаар зүйлд Төрийн нууц задруулах, 107 дугаар зүйлд Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, 110 дугаар зүйлд Гүтгэх, 111-д Доромжлох гэх мэт сэтгүүлчийн санамсаргүй болон санаатай үйл ажиллагаанаас болж буруутгах зүйл заалтууд байдаг юм байна. Хуулийн 107-д Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэсэн заалт ч сэтгүүлчид хамаатай гэнэ. Учир нь хаа нэгтээ хоёр этгээд зодолдож байхад сэтгүүлч таарч зургийг нь авах юм уу, бичлэг хийчихээд ямар нэг тусламж үзүүлээгүй бол хариуцлага хүлээнэ. Нийтдээ одоогийн мөрдөж байгаа хуулиудад сэтгүүлчийг мэргэжлийн ажилтай нь холбогдуулан шийтгэж болох 20 шахам заалт байдаг аж. Мөн энэ хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгах боломжтой.

Харин сэтгүүлчийн эрхийг хамгаалсан хоёрхон заалт эрүүгийн хуульд бий. Хуулийн 139 дүгээр зүйлд “Сэтгүүлчийн хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд саад хийх”, 140 дүгээр зүйлд “Зохиогчийн

Хэвлэлийн эрх чөлөө улстөрчдийн нүдээр…эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих” гэсэн заалт байна. Үнэн хэрэгтээ эхний заалт нь байнга зөрчигддөг боловч сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийсэн нэг ч тохиолдолд шүүх ямар нэгэн шийтгэл ногдуулаагүй. Зохиогчийн эрхийг зөрчих заалтын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондоо маргаж, цөөн тохиолдолд багахан хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байдаг. Сүүлийн арван жилд сэтгүүлчийн мэдээлэл авах, түгээх эрхэд халдсан 70 гаруй хэрэг бүртгэгдсэн ч хохироогч нь нэг ч удаа ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй гэнэ.

Глоб интернэшнл төвд 2005 оны аравдугаар сараас 2016 оны нэгдүгээр сарын хооронд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхэд халдсан 456 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хамгийн их хувийг сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагыг сүрдүүлж, заналхийлсэн, хуулийн байгууллагуудаар далайлгасан, эх сурвалжаа илчлэхийг шаардсан улстөрчдийн үйлдэл эзэлж байна. Сэтгүүл зүйд халдсан хамгийн их үйлдэл 2015 онд дээд цэгтээ хүрсэн буюу 80 шахам болжээ. Сүүлийн арван жилд дөрвөн сэтгүүлч амиа алдаж, 27 сэтгүүлч халдлагад өртөж, 80 сэтгүүлч түр саатуулагдаж, хоригджээ. Энэ бол өнгөрсөн хугацаанд одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хохирсон сэтгүүл зүйн өнгө төрх. Байдал ийм байхад өнөөгийн улстөрчид хуульд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг чангалах заалт оруулахыг санаархсаар л байна.

Жишээлбэл, Сонгуулийн тухай хуульд радио, телевизийн сурталчилгаанд хяналт тавихдаа “цагдаагийн болон сонгуулийн байгууллага”-тай хамтран хэрэгжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглахдаа журам зөрчсөн нөхцөлд төрийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх заалтууд орсон нь төрийн цензурыг өөгшүүлж болзошгүйд санаа зовниж байгаагаа Глоб интернэшнл төв мэдэгдсээр ирсэн. УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын дөрөвний өдөр баталсан Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг хасч, мөн өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зохицуулах заалт орсон зөв гэнэ. Энэ хоёр хууль 2016 оны есдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэсэн ч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” заалт хэвээр үлдсэн. Мөн сонгуулийн тухай хуулийн 70.1.6 дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараасан” бол хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хатуу заалт бий.

Дээрх заалтууд нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах зорилготой гэвэл хэн ч итгэхгүй. Харин хэн нэгэн увайгүй улстөрч мөнгөөр улс төрд орж ирсэн аливаа булхайгаа нийгмээс хуулиар далайлган нуух гэсэн оролдлого гэвэл үнэнд нийцнэ. Өнөөдөр иргэд шударга ёсыг нэхэж байна. Түүнийг нь Ерөнхийлөгч ард түмэнд бэлэглэх мэтээр ойлгож байна. Харин Германы улстөрч “Шударга ёсыг чөлөөт хэвлэл авчирдаг” гэж байна. Харин манай улстөрчид “Шударга ёсыг хуулиар тогтооно” гэж зүтгэж байна.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *