Categories
мэдээ нийгэм

Хөөрөг зөрүүлэх ёс заншил

Хөөрөг бол Монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрэгтэйчүүдийн нэг гол гоёл юм. Мөн эмэгтэйчүүд бас хэрэглэдэг. Монголчууд уламжлалт ёсоороо мэндлэхдээ хөөргөөр тамхилдаг эртний заншилтай. Тэр бүр хөөрөг хэрэглэхээ больсон суурин газрын орчин цагийн Монголчууд сар шинийн баяраар хөөргийг хүндэтгэн хэрэглэж, бие биетэйгээ амар мэнд мэддэг. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлнэ. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Энэ нь ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм.

Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэдэг байна. Хөөрөг харшуулах нь, тэр тусмаа шинийн нэгэнд харшуулан тамхилах нь эв эе эвдрэлцэж, тангараг тасарсны дохио тэмдэг аж. Баруун гарын дөрвөн хурууны үзүүр хэсэгт хөөргөө тавьж хүндэтгэл үзүүлж буй хүндээ барих ёстой. Хөөргийг эрхий, долоовор, дунд хурууг оролцуулан бариваас эртний монгол ёсонд нийцнэ. Барихдаа хөөрөгний толгойд долоовор хуруугаа тааруулна. Эл барилтыг монголчууд “төрийн гурван тулгуур” хэмээн үздэг. Хөөрөгний толгойг хаан, баруун хэсгийг хатан, зүүн хэсгийг цэрэг зэвсэг хэмээн үзнэ. Тиймээс тухайн хүний мэндчилгээг төрийн хэмжээнд хүлээн авч буйн илрэл нь энэ болдог ажгуу. Мөн хамрын тамхийг чимхэн авч татах нь монгол бус төвдөөс гаралтай ёс юм. Хуучин цагт ихэс дээдэс болон том лам нар их, бага гарын хоёр хөөрөгтэй явж, их гарын хөөргөөрөө дээдэстэй солилцдог байжээ. Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлэгдэл юм. Эвдрэлцсэн хүмүүс энэ өдөр хөөргөө зөрүүлж сэтгэлээ цайлгах заншилтай байжээ.

Ерийн тамхилахад хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгөлцөнө. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир цээрлэдэг. Толгойг нь сугалахгүйгээр үнэрлээд өгөх нь “Би уй гашуутай яваа хүн”, өөрөөр хэлбэл “Бурхан болоочийнхоо хоногийг хураагаагүй яваа хүн” гэсэн санааг илэрхийлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *