Categories
мэдээ улс-төр

МАН: “ОУВС-гийн хөтөлбөрт орохоос өөр сонголт байхгүй”

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа өнөөдөр /2017.01.17/ тавилаа.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-МАН-ын бүлгийн хуралдаанаар өчигдөр Олон улсын валютын сан /ОУВС/-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар мэдээлэл сонссон. Хурлаар яг ямар мэдээлэл сонссон бэ?

-Бүлгийн хурлаар хэлэлцээрийн талаар мэдээлэл хийсэн. ОУВС-гийн хөтөлбөрт орохоос өөр сонголт байхгүй. Ийм том өрийн дарамттай, төсвийн алдагдалтай, зээлжих зэрэглэл буурчихсан үед урт удаан хугацааны зээлээр төсөв, зээлийн ачааллыг давж гарахаас өөр аргагүй байгаа. ОУВС-гаас тавьж байгаа нөхцөл тодорхой байгаа. Монгол Улсад үүсчихсэн өрийн дарамтыг ачаалал багатай хамтарч шийдье, төслийн сахилга батыг хэрэгжүүлье. Үүнтэй уялдуулж 2017 оны улсын төсөвт тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй. Тодотгол хийснээр байнгын хороогоор хэлэлцүүлж батлуулсан зарим хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахыг үгүйсгэх аргагүй.

-ОУВС манай талд хатуу нөхцөл, шаардлага тавьж буй гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлаар тодорхой тайлбар өгөөч?

-Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр дуусаагүй байгаа. Хэлэлцээр дуусаагүй байхад хэлэлцээрийн талаар бид мэдээлэл өгөх боломжгүй. Тус сангаас тавьж буй хамгийн гол нөхцөл бол өнгөрсөн дөрвөн жилд гаргасан эдийн засгийн бодлогын алдааг засч залруулах.

Монгол банкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Хөгжлийн банкнаас санхүүжилт хийсэн төсөл, төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессийн төсөл хөтөлбөрүүд бодлогын алдаа болж, төсвийн алдагдлыг бий болгосон. Үүнийг засч залруулах үүрэг шаардлага тавьж байгаа юм билээ.

-Бүлэг хөтөлбөрт хамрагдахыг дэмжсэн гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Тийм ээ бүлэг ОУВС-гийн хөтөлбөрийг дэмжсэн.

-Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх үү?

-Цалин, тэтгэвэр хэзээ нэмэгдэх вэ гэдэг улс орны эдийн засгийн чадамж, төсвөөс хамаарна.

Нэгэнт манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Ирэх хоёроос гурван жилд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ өсөх төлөвтэй байна.

Тийм учраас өөдрөгөөр төсөөлж, эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх зорилт тавьсан. Өсөлт энэ хэмжээнд хүрсэн нөхцөлд ажилгүйдэл найман хувь багасна. Төсвийн хамгийн гол зардлын нэг нь цалин, тэтгэвэр. Үндсэндээ 1.3 их наяд төгрөг зарцуулдаг.

Зээлийн хүү дээр ирж байгаа зардлууд маш өндөр болсон. Одоо бид 1.4 их наядыг авсан зээлийнхээ хүүд төлж байгаа. Төсөв дээр байгаа хамгийн том дарамт болж буй зээлийн хүүгээ бууруулах. Олон улсын валютын сантай хөтөлбөрт орж байгаа хамгийн гол нөхцөл бол зээлийн хүүгийнхээ дарамтыг бууруулъя, төсвийн алдагдлаа багасгая, эдийн засгийн өсөлтийг дэмжье гэсэн ийм л гурван бодлого явуулахаар үе шаттай цалин, тэтгэврийг нэмэх боломж олдоно гэж бодож байна.

Засгийн газар, УИХ 2016-2017 оныг эдийн засгийн хямралаас хохирол багатай гарах, 2018-2019 он эдийн засгийн өсөлтийг хангах он жилүүд байна гэж төлөвлөж байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан 15 хувиар нэмсэн. Энэнтэй уялдаж цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдэх ийм боломжуудыг олгож байгаа.

Ахмадын тухай хуулиар тэтгэврийг амьжиргааны доод төвшин, инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмэхээр заасан.

Энэ үзүүлэлтүүд нэмэгдвэл тэтгэврийн доод хэмжээ нэмэгдээд явах бололцоо бүрдсэн.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр анхаарч байна вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сардаа 140 мянган төгрөг, асран хамгаалагч нь 60 мянган төгрөг авдаг, үүнийг нэмэх үү?

-Монгол Улсад 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Гурван сая иргэнтэй улсад том тоо. Байнгын хороо байгуулагдаад хийсэн анхны хэлэлцүүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмнө тулгамдаж байгаа асуудал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдож байсан.

Мөн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллаад УИХ-аас тогтоол гаргахаар ажиллаж байна.

Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг хариуцах Ерөнхий сайдаар ахлуулсан зөвлөл байгуулсан.

-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшиллаа. Дөрвөн хүүхэдтэй малчин эмэгтэй 45 насандаа тэтгэврээ тогтоолгож болох уу. Хөдөлмөрийн хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй 50 насандаа тэтгэвэртээ гардаг?

-Малчдын тэтгэврийн насыг урагшлуулсантай холбогдуулаад олон хүүхэдтэй эхчүүд хүүхдийнхээ тоогоор, улсад ажилласан жилээ 1.5 жилээр тооцуулах хуулиудыг баталсан. Гэхдээ хуулийн давхар хөнгөлөлт эдлэхгүй.

Олон хүүхэдтэй байх юм бол 50 насандаа тэтгэвэрт гарах тогтолцоо үйлчилнэ. Хүүхдийн тоо нь бага байх юм бол ажилласан жилээрээ тооцуулаад НДШ төлсөн хугацаан дээрээ нэмж болно.

Гуравдугаарт, малчны тэтгэврийн насыг урагшлуулснаар эмэгтэй хүн мал аж ахуйн салбарт 12.6 жил ажилласан бол 50 насандаа тэтгэвэрт гарах тогтолцоо нь бүрдсэн.

-Тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр ажиллаж байна уу. 1960 оноос өмнө төрсөн иргэн, 1960 оноос хойш төрж, тэтгэврээ тогтоолгосон хүний авч буй тэтгэврийн хэмжээ газар, тэнгэр шиг зөрүүтэй байгаа. Энэ асуудлыг үе, үеийн Засгийн газар шийдэж чадалгүй өнөөдрийг хүргэсэн. Юу хийх вэ?

-Монгол Улсад тэтгэвэр, тэтгэмж авч байгаа ахмадуудын 80 орчим хувь нь бага тэтгэвэр авдаг. Байнгын хороон дээр тэтгэврийн шинэчлэлийн талаар авах арга хэмжээний талаар С.Чинзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллаж байна.

Өнөөдөр Монгол Улсад байгаа тэтгэврийн хамгийн том гажиг бол төлж байгаа шимтгэл, авч байгаа тэтгэврийн бодитой хэмжээ алдагдсан. Тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага үүссэн. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх боломж бүрдэх болов уу.

-Намрын чуулганаар халамжийн чиглэлийн олон хууль батлагдлаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсөвт хэр хүндрэл учруулж байна вэ?

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Манайтай хамтарч ажилладаг олон улсын санхүүгийн байгууллагууд өнгөрсөн 4-5 жилд дүгнэлт хийхдээ эдийн засгийн хямрал нийгмийн эмзэг бүлгийг бүр хэцүү байдалд оруулж байна. Ажилгүйдлийн төвшин сүүлийн долоон жилийн дээд төвшиндөө хүрсэн, 37 хувьтай гарсан. Сүүлийн дөрвөн жилд тэтгэвэр, цалин нэмэгдээгүй. Төгрөгийн ханш 30 хувиар унасан үед ард иргэд рүүгээ чиглэсэн арга хэмжээг авахаас аргагүй. ОУВС-гаас зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг авахыг зөвлөж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *