Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Ичинхорлоо: Охины хашаа байшин банкны барьцаанд байгаа. Зээлээ ч төлөөгүй байхад ТҮЦ-ийг маань хураагаад авчихлаа

Бөхийн өргөөний арын Хөдөө аж ахуйн буудалд байрлах ТҮЦ-ээ ачуулсан өндөр настан Ш.Ичинхорлоо гуай өвлийн тэсгим хүйтэнд бараагаа дэлгээд гадаа зогсож байна. Тэрээр урдаа “Шижир овогтой Ичинхорлоо миний бие нь улсад 25-н жил ажиллаад одоо тэтгэвэрт байдаг. Би ХАЯамны буудал дээр жижиглэн наймаа гадаа хийж байгаад улмаар ТҮЦ-тэй болж энэ газартаа 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирлээ. 2017 оны 01 сарын 04-нд ТҮЦ-ийг минь хотын захиргааны газрын албанаас хүмүүс ирж нүүлгэсэн. Аргаа бараад гадаа сууж наймаа хийж байна. Надаар үйлчлүүлдэг миний Монголын ард түмэн минь ээ саналаа бичиж надад туслаач ээ” хэмээн бичсэн бичиг тавьжээ.

Ш.Ичинхорлоо гуай одоо нас сүүдэр 60 гарч яваа гэнэ. Ханиа олон жилийн өмнө алдаж өрх толгойлон амьдралаа авч явж, өдий хүрчээ. Түүний 20 гаруй жил ажиллуулж хоолоо залгуулдаг байсан алгын чинээхэн ТҮЦ-ийг нь хориод хоногийн өмнө бараатай нь ачаад явжээ. Түүний гомдолтойгоор, дахин дахин нулимс цийлэгнүүлэн хэлсэн үг бол “Газрын албаны Отгонбаяр, Билэгсайхан гэх хоёр хүн намайг “Хохь нь хохино, наадахаа журмын хашаанд аваачаад хаячих гэсэн. Би ямар мал биш дээ…” гэх үг. Ард түмнээ ингэж гомдоон гудамжинд гаргадаг төр засаг гэж байх уу.

“Хуучин ТҮЦ-ийг нь үзэмж муутай байна, нийтээр нь нэг стандартын шинэ ТҮЦ тарааж байгаа гэхээр нь банкинд хашаа байшингаа барьцаалж энэ бор ТҮЦ-ийг авсан. Гэтэл өрөө ч төлж дуусаагүй байхад хураагаад авчихлаа. Ард түмнээрээ ингэж тоглож болох уу гэж” хоолой зангируулан ярих энэ эх ямар буруу хэрэг хийсэн гээд гудамжинд ийн хөхөө өвлийн хүйтэнд зогсож байна вэ. Өнөөх хотын дарга яагаад өдий болтол чимээгүй байсаар байна вэ, сүүлдээ ТҮЦ-ийг хүнтэй нь ачиж явдаг “моод” дэлгэрлээ. Аль эсвэл хонь хургыг ялгаж байгаа юм шиг уйлуулан дуулуулан өмчийг нь булааж явах нь хаанахын ёс бэ, хотын дарга аа? Үнэхээр хотын дарга та өөрөө энэ байдлыг газар дээр нь очиж харсан бол арай ч ийм шийдвэр гаргахгүй байлгүй дээ. Шийдвэрээ эргэн харж ядарсан иргэдийнхээ амьжиргааг залгуулдаг зүйлсээс нэг нэгээр нь салгахаа больж дорвитойхон ажил хийгээсэй л билээ гэж иргэд хүсч байна.

Одоо Ш.Ичинхорлоо гуайд ТҮЦ-нийхээ зээлийг төлөхөд зургаан сая төгрөг дутуу байгаа гэнэ. “Өнөөх банкны хүмүүс нь мөнгөө нэхээд, охины барьцаа болгон тавьсан хашаа байшинг нь хурааж авах гээд байгаа” хэмээн тэрээр ярьсан юм. Мөн хажууд нь цуг үйл ажиллагаа явуулж байгаа ижилхэн бор ТҮЦ-үүдийг хураагаагүй гэнэ. Аргаа барахдаа эд нар хахууль өгсөн байх. Бүгд л залуу улсууд байдаг юм. Хамгийн хөгшин миний ТҮЦ-ийг л аваад явчихлаа. Ийм шударга бус зүйл байж болох уу” хэмээн хоолой зангируулан зогсоно.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *