Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: “Стэнд бай”-гаас гадна хөнгөлөлттэй зээл авч, том төслөө хөдөлгөж байж л хямралыг давна

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Ойрын найдвар “Стэнд бай” болоод байна. Манай улсад энэ хөтөлбөрийн хүрээнд ихдээ хэчнээн ам.доллар орж ирэх боломжтой вэ?

-Өнөөгийн нөхцөл байдал биднээс өмнөх алдаагаа давтахгүй зээл, олсон орлогоо зөв, тооцоо судалгаатай зарцуулахыг шаардаж байгаа. Ер нь зээл болон бүх шатны төсвийн зарцуулалтыг зөв чиглэлд, судалгаа шинжилгээтэй, үр дүнд суурилсан байдлаар шийдэлгүйгээр энэ хүндрэлийг даван туулах боломжгүй л дээ. “Стэнд бай” хөтөлбөрийн хувьд Монгол Улс 1991, 2009 онд авч хэрэгжүүлсэн. Сүүлийн хөтөлбөрийн хүрээнд 122.6 сая зээлжих тусгай эрх буюу 200 орчим сая долларыг авч 2010 оны аравдугаар сард аль аль тал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн дүгнэж хааж байсан. Үүнээс гадна гурван удаа бага хэмжээний харьцангуй урт хугацаатай зээлийг ОУВС-гаас авч ашигласан түүх бий. 2011 оноос валютын сангийн зүгээс хөтөлбөрүүдийг өөрчилж, зээлийн хэмжээг бас нэмсэн. Валютын сангийн зүгээс гаргасан өөрчлөлт, Монголын эдийн засгийн хэмжээ өссөн зэргээс шалтгаалж бид өмнөх зээлээс илүүг авах боломжтой. Нэг тэрбум ам.доллараас багагүй хэмжээний зээл авчих байх. Энэ зээлийг валютын сангийн зүгээс тавих шаардлагын дагуу болон улсынхаа эдийн засагт үр ашигтай өөрчлөлтүүдийг хийх зүйлд зарцуулах нь чухал. Миний хувьд аливаа эх үүсвэрийг үр ашигтай дэд бүтцийн салбар, өрсөлдөх чадвар өндөр салбаруудад эдийн засгийг төрөлжүүлэх зорилготойгоор зарцуулах нь өгөөжтэй гэж боддог. “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд эхний хувилбарт зарцуулах боломж нь зээлдүүлэгчийн шаардлагаас хамаараад илүү боломжтой байх магадлал өндөр.

-“Стэнд бай” хэрэгжээд эхэлсний дараа Япон, Хятадаас хөнгөлөлттэй зээл авах зайлшгүй шаардлагатай, тэгж байж эдийн засаг сэргэнэ гэсэн байр суурьтай та санал нийлж байна уу?

-Аливаа улс оронд хөнгөлөлттэй зээлийг ашиглах шалтгаан, цаг хугацаа гэж байдаг. Олон улсын байгууллага, хандивлагчдын хүрээнд хөнгөлөлттэй зээл тусламж ашиглаж байсан үе манайд бий. Япон зэрэг гол хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас авч байсан зээлүүд эдийн засагт хэрэгтэй үедээ чухал үүрэг гүйцэтгэсэн нь ч бас бий. Харин сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг өсч хөнгөлөлттэй зээл тусламж авахаа зогсоосон байсан. Буурай хөгжилтэй орноос хөгжиж буй орны ангилалд орох болж хандивлагчидтайгаа түншүүдийн хэмжээнд харилцах цаг болсныг зарлаж явсан цаг ердөө саяхан шүү дээ. Энэ боломжтой зэрэгцээд Монгол гэдэг улс анх удаа арилжааны зээл авах боломжтой болж 2012 онд 580 сая ам.долларын бонд, араас нь “Чингис” бондыг гаргасан.

Гэвч боломжоо зөв ашиглаж чадаагүй. Бондуудын мөнгө, уул уурхайгаас орж ирэх орлогыг бодлогогүй буруу зарцуулснаас болж түүхэндээ хөнгөлөлттэй зээл тусламжийн тухай маш богино хугацааны дотор эргэн ярих болж байгаа нь харамсалтай хэрэг. Өнөөгийн нөхцөл байдалд таны сая дурдсан орнууд болон бусад орнуудаас хөнгөлөлттэй зээл авахаас аргагүй. Учир нь ойрын жилүүдэд бий болох өрийн дарамт, эдийн засгийн хүндрэлий дан ганц “Стэнд бай” хөтөлбөрийн зээлээр давах боломжгүй. Гэхдээ чухам юунд зарцуулах, зээлдэгчидтэй хэрхэн зөвшилцөх асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй.

-Гадны улс орны хөнгөлөлттэй зээлийн давуу болон сул тал нь юу вэ?

-Хөнгөлөлттэй зээл гэдгийг урт хугацааны, хүү болон үндсэн төлбөрийн хувьд харьцангуй таатай нөхцөл бүхий зээл гэж ойлгож болно. 2012 оноос өмнө бид энэ хүрээнд гадны улс орон байгууллагуудаас тусламж дэмжлэг авсаар ирсэн. Хөнгөлөлттэй зээлийн давуу тал нь арилжааны зээлээс урт хугацаатай хүү багатай ч зээлдэгчийн тавьсан шаардлага, хязгаарлалтын тодорхой хүрээнд зарцуулах шаардлагатай болдог. Үүнийг нь сул тал гэж хэлж болох юм. Сүүлийн дөрвөн жилд авсан арилжааны зээлүүдийн хувьд өндөр хүүтэй, харьцангуй богино хугацаатай ч юунд хэрхэн зарцуулах нь бидний асуудал байсан. Зээлийн эх үүсвэрийнхээ хувьд давуу тал л даа. Харамсалтай нь энэ давуу талаа ашиглаж чадалгүй их хэмжээний мөнгийг бодлогогүй зарцуулснаас болж хэцүү байдалд орчихоод байна.

-Хятадын хөнгөлөлттэй зээлийг авлаа гэхэд бид юун дээр анхаарах ёстой вэ?

-Аль ч улстай эдийн засаг, санхүүгийн харилцаанд орохдоо тухайн харилцааны өнөөгийн эерэг талаас гадна ирээдүйн үр дагаврыг тооцоолох хэрэгтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Чингис” болон бусад бондыг гаргахдаа их мөнгөтэй болох тухай бодсоноос биш яаж зөв зарцуулах, эргүүлж хэрхэн төлөх талаар бодлогогүй хандсан. Өнөөдөр тодорхой нэг улстай санхүүгийн харилцаанд орохдоо энэ бүдүүлэг алдаагаа давтаж болохгүй. БНХАУ манай худалдаа, бизнес, санхүүгийн хамгийн гол харилцагчдын нэг байсаар ирсэн, байх ч болно. Өнөөдөр өмнөд хөршийн эдийн засаг хүчирхэгжиж бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон байр суурь эзэлж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй хөгжих хандлагатай байгаа. Бидний хувьд өмнөд хөршөөс бүх талын хамааралтай, зээл авснаар энэ хамаарал улам нэмэгдэх эрсдэл бий. Иймээс хэр хэмжээтэй зээлийг ямар нөхцөлөөр авах, гол нь юунд зарцуулах нь тодорхой байх хэрэгтэй. Мэдээж эргэн төлөх тодорхой төлөвлөгөө зайлшгүй чухал. Дэлхийн хэмжээнд гээд харахаар Хятадын санхүүгийн хараат байдлаас хамаарч газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах, үндэсний мөнгөн тэмдэгтээ урд хөршийн үндэсний валютаар солих тохиолдол ойрхон гарч байгааг анзаарахгүй орхиж болохгүй.

-Зээл авахгүйгээр эдийн засгаа сэргээх боломж бий юу. Байгаа бол тодорхой гарц, хувилбарууд хэлээч?

-Гурван жилийн өмнө бол болно гэж хэлэх байлаа. Тухайн үед нөхцөл байдал маш өөр байсан. Тэр үедээ л төр, төсвийн шинэчлэлээ цогцоор нь хийж, өрийн удирдлага, уул уурхайн талаарх том жижиг асуудлаа зөв шийдчихсэн бол “Стэнд бай”, хөнгөлөлттэй зээл ярих хэмжээнд хүрэхгүй байсан гэж би хувьдаа үздэг. Нүүр тулсан өрийн дарамт, төсвийн томоохон алдагдал, хүндэрсэн эдийн засаг, гадаад зах зээл дэх нэр хүндийн уналт гээд олон сөрөг хүчин зүйлийн дарамт нэмэгдсэн энэ үед зээл авахаас өөр арга байхгүй. Гэхдээ зээл тусламж аваад л эдийн засаг сэргэчихнэ гэж бодох нь өрөөсгөл хандлага. Зээл бол эдийн засгаа сэргээх олон ажлын зөвхөн нэг нь. Үүнээс гадна төсвийн шинэчлэл, төрийн хариуцлага, эдийн засгийн гол болон бусад салбараа сэргээх оновчтой бодлого тодорхойлох гэх мэт олон ажлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.

-Ойрхон хугацааны арга гэвэл том төслүүдээ хөдөлгөж байж л хямралаас гарах байх…?

-Уул уурхай, тухайн салбарын томоохон төслүүд эдийн засгийн тулгуур гэдэгтэй санал нэг байна. Том төслүүдийг хэрхэн хөдөлгөх, өмнөх төслүүдэд гарсан алдааг засч чадах эсэхээс эдийн засаг сэргэх боломж нэмэгдэнэ. Гэхдээ сүүлийн хэдэн жилд уул уурхай, гадаад зээлд хэт анхаарлаа хандуулж, тухайн чиглэлийн мөнгөнд хэт дулдуйдсан эдийн засаг, төсвийн шийдвэр гаргалтыг хийснээс болж алдаанд хүрсэн байх талтай.

-Таван толгойн хэлэлцээ дахин эхэллээ. Ер нь Таван толгойг яаж хөдөлгөвөл эдийн засагт өгөөжөө өгнө гэж та бодож байна?

-Таван толгойн асуудлаар эерэг мэдээллүүд гарч, тодорхой үр дүнд хүрч байгаа нь сайн хэрэг. Төслийг бүрэн шинэчлэн хэрэгжүүлэхийн хувьд өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шалгаруулсан тендерийн үр дүнд ялсан консорциумыг боломжийн хувилбар байсан гэж үздэг. Одоо “Шинхуа”, “Сумитомо”, “Энержи ресурс” гэсэн гурвалтай хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд болохгүй гэх газаргүй.

-Тавдугаар цахилгаан станц, нүүрсээ тээвэрлэх төмөр зам гэх том төслүүд өчнөөн жил яригдсан ч өнөөг хүртэл ажил болоогүй. Таныхаар шалтгаан нь яг юундаа байна вэ?

-Манайд цаасан дээр батлагдсан бодлого, хөтөлбөрүүд хангалттай их бий. Гэхдээ бодит байдалд буулгаад харахаар биелсэн нь маруухан байдаг нь гэм биш зан болчихсон. Хэрвээ уул уурхай, төмөр зам, хүнд үйлдвэрлэлийн талаар өмнө батлагдсан бодлого, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр ийм байдалтай суухгүй байсан. Энэ мэтээр яриад байвал бидэнд маш олон “хэрвээ” байгаа. Гол шалтгаан нь төрийн бодлогын алдаа, тогтворгүй байдал, хэт улстөржилт. Төрийн нэгдсэн ул суурьтай, тооцоо судалгаатай хөгжлийн бодлого байхгүй нь бидний гол алдаа. Нэг нам эрх барих хугацаандаа төрийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, тэр нь өмнөх бодлогын залгамж чанарыг алдагдуулдаг, цаг зуурын шийдвэр гаргадаг. Энэ л өнөөгийн хямралын гол шалтгаан. Дээрээс нь хэт улстөржилт, улс төрийн амлалтад тулгуурласан буруу шийдвэрүүд нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.

-Манай улсын болон арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг саявтар буулгасан. Зээлжих зэрэглэл буурсан шалтгаан нь юу вэ. Зээлжих зэрэглэл буурснаар бидэнд ирэх сөрөг нөлөөлөл…?

-Зээлжих зэрэглэл буурсантай холбоотой олон талын байр суурь байна. Эхлээд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Үүний дараагаар банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан нь бусад байгууллагын зээлжих зэрэглэлийг эргэн харах суурь нөхцөл болсон гэж харж байна. Бууруулсан үндсэн шалтгаан нь Монгол Улсын хувьд өрийн дарамт нэмэгдсэн, шийдвэрлэх арга зам тодорхойгүй хэвээр байгаа болон төсвийн алдагдал гэж харж байна. Харин арилжааны банкуудын хувьд чанаргүй зээлийн хэмжээ, валютын ханшийн дарамт, бодлогын өндөр хүү зэрэг нь голлон нөлөөлсөн. Энэ нь Монгол Улсын банкуудын хувьд гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлээс үнэт цаас болон бусад хэлбэрээр эх үүсвэр нэмэгдүүлэх боломжийг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Ингэснээр валютын орох урсгалын санхүүгийн салбарын дүнд сөрөг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурсан нь хөрөнгө оруулагчидтай хийх тохиролцоо, гадаад санхүүжилт авах байдлыг харьцангуй төвөгтэй байдалд хүргэнэ гэж харж байна.

-Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлого эдийн засгийн хямралын энэ үед хэр оновчтой гэж та бодож байна вэ?

-Төв банкны зүгээс бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн нь эдийн засгийн хямралын нөхцөл байдалд тийм ч зохистой зүйл гэж үзэхгүй байна. Төв банк тодорхой эрсдэлийг бууруулах зорилготой гэж тайлбарласан. Бодлогын хүүг огцом нэмснээр валютын ханшийн өсөлтийг саармагжуулах зорилгоо бол биелүүлсэн. Харин эдийн засгийн хувьд эерэг нөлөө багатай. Энэ утгаараа одоогийн байгаа өндөр хүүг удаан хадгалахгүй гэсэн хүлээлттэй байна. Бодлогын хүүг энэ хэвээр хадгалах нь мөнгөний нийлүүлэлтэд хязгаарлалт болж эдийн засагт тодорхой эрсдэл учрахаас сэргийлэх сайн талтай. Гэхдээ эдийн засгийн уналтыг даамжруулах, сэргэлтийг удаашруулах сөрөг нөлөөллийг бий болгох өндөр магадлал бий. Монголбанк өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг хязгаарласан нь сайн ч гэлээ мөнгөний хэт хумих бодлого барих нь өнөөдрийн хувьд тийм ч тохиромжтой биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *