Categories
мэдээ нийгэм

ТОСК цаашид барилга барихгүй, түрээсийн орон сууцаа хариуцаж ажиллана

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ. Мэдээлийн эхэнд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Одоогоор Барилгын салбарын ДНБ-д эзлэх хувь 4.7 хувьд хүрсэн. Нийтдээ 5483 байууллага барилгын салбарт тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. 78.660 ААН-үүд дээр байнгын болон улирлын чанартай ажлын байр байгаа юм” гэж онцоллоо.

Харин ипотекийн зээлийн хувьд 88 мянган өрх зээлэнд хамрагдаж, зах зээл рүү 4 их наяд төгрөг гараад байгаа аж. Одоогоор ипотекийн зээл эргэн төлөлтийн 30-35 тэрбум төгрөгөөр санхүүжиж буй бөгөөд сард 600 орчим өрх ипотекийн зээлэнд хамарч байна. Мөн Монголбанкнаас арилжааны банкуудын төлөх ипотекийн зээлийн эх үүсвэрийн зээлийн төлөлтийн 917 тэрбум төгрөгийн гэрээг сунгасан талаар салбарын сайд нь мэдээлж байна. Цаашид Монголбанк, салбарын яам, Сангийн яам хамтран ипотекийн зээлийн бодит эх үүсвэрийг бий болгох талаар ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир“Ипотекийн зээл сүүлийн саруудад бага олгогдож байна. Хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхэн барилгаа бариад явж байхад төрийн өмчийн компанийн хэрэг байхгүй баймаар. ТОСК-ийг цаашид хэрхэх бэ? Борлогдоогүй байгаа орон сууцуудыг хэрхэн зах зээлийн эргэлтэд оруулах, барилгын компаниуд хэт олширч байгаад салбарын яам бодлого барих гэж байна” гэсэн юм.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр“Одоогоор энэ зээл эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжиж байгаа. Тодорхой хугацаанд ингэж явах нь. Сангийн яам бодит эх үүсвэр чиглэлээр ажиллаж байгаа. Сая бодит эх үүсвэр орж ирэх асуудал бараг шийдэгдсэн байсан ч тодорхойгүй хуагцаагаар хойшиллоо. ТОСК цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцны асуудлаа хариуцаж ажиллах юм” гэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн олголтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаармаар байна. Орон нутагт орон сууц баригдах нь эрс бага байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжих ямар гарч байгаа бэ? Төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэхдээ орон нутагт нь эрхийг нь өгчихөж болдоггүй юм уу? Ингэхгүй болохоор аймагт эрх мэдэл алга, тендерээр хэдэн тахир дутуу барилга баригдаад, эзэд нь хот руу явчихаад байна. Замын–Үүдэд 100 ортойгоор баригдах эмнэлэг нь одоо жорлон болчихоод байна. Хөрөнгийг нь бүгдийг нь авчихсан. Сургууль цэцэрлэгийн засварын орон нутагт компани очиж хийгээд, эргээд утсаа авахаа больчихдог. Ийм боломж нөхцлийг салбарын яам нь засаг даргад нь өгчихөж болдоггүй юм уу гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр“Аймаг орон нутагт ипотекийн зээлийн хүүг наймаас бага хүүтэйгээр олгох чиглэлд яам анхаарч ажиллаа. Бодит эх үүсвэр олдсон тохиолдод энэ ажлыг эхлүүлнэ. Төсвийн хөрөнгөөр баригдах орон нутгийн барилгын ажлыг бид анхаарна. Орон нутгийн ядуурал, Нийслэлийн утааны асуудлаар бид олон улсын байгууллагуудтай ярьж байгаа. Амины орон сууцтай айлуудыг идотекийн зээлтэй хэрхэн уяж өгөх асуудлаар ажиллана. Үүнийг бид шийдэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд явагдсан тендерүүдийн тухайд бид асуудлыг нягтлаад, холбогдох шаардлагуудаа тавиад явна. Уг нь аймгийн засаг даргад тендерийн эрх байдаг. Гэтэл тэр нөхөр нь Нийслэлийн компанид өгчихсөн байгаа юм. Цаашид улсын төсвөөс барилгын ажил нь дуусаагүй компаниудын мөнгийг олгодог хэлбэрт хязгаарлалт хийнэ” гэсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва“Ипотекийн зээлийг үргэлжлүүэхээр УИХ-аас тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд салбар яам хэрхэн ажиллаж байна. Үүний хэрэгжилтэд манай байнгын хороо хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй” хэмээн тодруулга хүсэхэд

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр“Өнөөдрийн бололцоон дээр тулгуурлаж Монголбанк идэвхтэй ажиллаж байгаа. Сангийн яамнаас ипотекийн зээлийн бодит эх үүсвэрийн асуудлаар мэдээлэл авах хэрэгтэй. Барилга хот байгуулалтын яам чиг үүргийнхээ хүрээнд ипотекийн зээлийн эх үүсвэрийг хариуцахгүй байгаа. Гэхдээ Сангийн яамтай хамтран идэвхтэй ажиллаж байна” гэв.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сангийн яамыг хараад хэрэггүй. Барилга хот байгуулалтын яам хөрөнгө оруулалтаа хөөцөлдөх хэрэгтэй. Яам санаачлагатай ажиллаарай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *