Categories
мэдээ улс-төр

Хууль батлахдаа тооцоо судалгаа хийхийг сануулав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.10 цагийн үед эхэлж, 52,6 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны дарга Н.Энхболд байхгүй тул хуралдааныг Д.Хаянхярваа даргалсан юм. Байнгын хороо Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн ганцхан асуулт асуулаа. Тэрбээр “Хууль батлахдаа эдийн засгийн тооцоолол гаргаж, хууль батлагдсаны дараах эерэг, сөрөг үр дагаварын талаар шинжилгээ хийдэггүй юм шиг харагдаад байна. Үүний нэг жишээ бол татварын багц хууль юм. Зарим үед өргөн баригдсан хуулийг хэрэгжүүлэх төсөв байхгүй гээд буцаан татдаг. Ийм байдлаар яваад байх юм уу? Үндсэн чиглэл боловсруулахдаа эдийн засгийн дүн шинжилгээг хийсэн юм уу?”гэв.

Уг асуултад Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хариуллаа. Тэрбээр “Таны хэлсэн шүүмжлэл үндэслэлтэй. Хууль боловсруулахдаа үр дагаварыг тандан судлах шаардлага байгаа. Энэ чиглэлээр өнгөрсөн жилүүдэд Германы туршлагыг хэрэгжүүлж байсан. Одоо 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлагч нь эдгээр судалгаа, үнэлэлт дүгнэлтийг заавал мөрдөхөөр болж байгаа” гэсэн юм.

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, хуулийн төслийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *