Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “УС-15”
-д байрлах “Улаанбаатар Эмпати” дунд сургууль
Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “УС-15” -д байрлах “Улаанбаатар Эмпати” дунд сургууль
Туркийн Засгийн газар Монгол, Туркийн хамтарсан сургуулиудыг хаалгахын тулд нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа гэх мэдээлэл гадны болон дотоодын хэвлэлээр гарсан.
Монгол, Туркийн хамтарсан сургуулийн сурагчид эцэг эхчүүд гайхаж, ямар учиртай мэдээлэл гарсан эсэхийг сонирхож байгаа юм. Тиймээс манай улсад ямар, ямар турк сургууль үйл ажиллагаа явуулдаг, турк сургуулиудын үйл ажиллагаа ямар байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “УС-15”-д байрлах “Улаанбаатар Эмпати” дунд сургуулиар өнгөрсөн баасан гаригийн 15:00 цагийн үед орлоо.
Биднийг очиход хэсэг хөвгүүд сургуулийнхаа хашаанд байх сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан бол ихэнх хүүхдүүд нь цүнхээ үүрээд, эцэг эхчүүд болон ах эгч, найз нөхдийнхөө хамт гарцгааж байв. Мөн сургуулийн гадаа нэлээд олон машин зогссон, хашаан дотор хүүхдийн автобуснууд хүртэл харагдлаа.
Харин үйлчлэгчид цэвэрлэгээгээ хийж, сургалтын албаныхан багш нар руугаа утсаар ярьж, эцэг эхийн хуралтай гэдгийг сануулах зуураа ирэх амралтын өдрүүдэд сурагчдын дунд спортын тэмцээн уралдаан болно, дараагийн долоо хоногийн амралтын өдрөөр багш, ажилчдын тэмцээн болно гээд гар бөмбөгийн тэмцээндээ хэрхэн бэлтгэх талаараа ярьцгааж байв. Учир нь энэ сарын 4-нд буюу өнгөрсөн баасан гаригт эдний сургуулийн нэгдүгээр улирлын амралт эхэлж, сурагчид улирлын шалгалтаа өгчихөөд, тарж байгаа нь энэ ажээ. Турк, Монголын хамтарсан “Эмпати” сургууль нийтдээ таван салбартай бөгөөд эднийх анх элсэн суралцаж байгаа сурагчдыг дотуур байрандаа байлгадаг. Мөн бусад сурагчид өөрсдийн хүсэлтээр төлбөрөө төлөөд, сургуулийн дотуур байранд амьдарч болдог юм байна.Сургуулийнхаа дэргэд байх дотуур байранд амьдардаг сурагчид биднийг очиход гэртээ харихаар тарцгааж байсан юм.
Эдний сургуулийнхан олон цагаар англи хэл, математик зэрэг хичээлийг гүнзгийрүүлэн судалж, суралцдаг учраас сурагчдыг хичээл хийх боломж нөхцөлөөр бүрэн хангаж, чанартай амин дэмтэй хоол хүнсээр үйлчилж, тухтай байлгах зэрэг вакум орчин үүсгэх ач холбогдолтой учраас дотуур байр зайлшгүй шаардлагатай байдаг аж. Сурагчид таван өдөр хичээлдээ сууж, дотуур байрандаа амьдарчихаад, бямба, ням гаригт болон улирлын амралтаар гэртээ харьцгаадаг байна. Харин хөдөө орон нутгаас ирсэн хол гэртэй, эсвэл амралтын өдрүүдэд байрандаа байх сонирхолтой хүүхдүүд харихгүй байж болдог аж. Ингээд хүүхдээ авахаар ирсэн эцэг, эхчүүдийн төлөөлөл болох О.Эрхэмзаяагаас зарим зүйлийг тодруулахад “Турк, Монголын хамтарсан сургуулиудын үйл ажиллагааг хаана гэдэг мэдээлэл цахим сайтад гарсан байсан. Тэгэхээр нь гайхаад сургуулийн захирал руу залгаж асуулаа. Гэтэл захирал тийм зүйл байхгүй, худал мэдээлэл. Манай сургуулийг хаана гэсэн мэдээлэл, албан бичиг огт ирээгүй. Хаагдах үндэслэл ч байхгүй шүү дээ. Та бүхэн хүүхдийнхээ хичээлийг сайн хийлгээд, санаа амар тайван бай гэж байсан. Фэйсбүүк, твиттер, зарим сайтаар худал мэдээлэл гарч байдаг болохоор бид ч бас энэ мэдээлэлд итгээгүй” гэж ярилаа. Харин тус сургуулийн сурагчид ярихдаа “Сургууль хаагдана гэж мэдээлэл сонсоогүй. Бид энэ сургуульд хоёр дахь жилдээ суралцаж байна. Манай сургуулийн багш нар их чадварлаг. Хүүхэд болгон англи хэлний өндөр мэдлэгтэй болдог. Манай ихэнх хичээл англи хэлээр ордог. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой гэдгээрээ давуу талтай. Би 12 дугаар ангиа төгсөөд, Америкт сурах бодолтой байгаа. Манай сургуулийнхан элсэлтийн шалгалтанд өндөр оноо авдаг, олон уралдаан тэмцээн, олимпиадуудад тогтмол нэг, хоёрдугаар байр эзэлж байдаг шүү дээ” гэцгээж байлаа. Турк, Монголын хамтарсан энэ сургууль 1994 онд байгуулагджээ. Сургуулийн математик, хими, физик, компьютерийн хичээлийг англи хэлээр турк багш нар зааж, нийгмийн ухааны хичээлүүдийг монгол багш заадаг юм байна. Өөрөөр хэлбэл, энэ сургуулийн хичээлүүд монгол, англи хэлээр явагддаг гэсэн үг. Турк, Монголын хамтарсан “Эмпати” сургууль хотод хоёр, хөдөө орон нутагт гурван салбартай аж. Тухайлбал, “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати”, “Дархан Эмпати” “Улаанбаатар Эмпати”, “Улаанбаатар элит” салбартай юм байна. Улаанбаатар элит нь Кембриджийн хөтөлбөрөөр хичээллэдэг бага сургуультай аж.
Ингээд “Улаанбаатар-Эмпати” сургуулийн захирал Д.Ганбаатартай ярилцлаа.
-Танай сургууль ямар онцлогтой, төгсөгчид нь ихэвчлэн хаана их, дээд сургуульд суралцдаг вэ?
-Манай сургууль Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн программ, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гол ялгаатай тал нь зарим хичээлийг англи хэл дээр заадаг, англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг. Математик, хими, физик , англи хэл зэрэг хичээлүүдийн улсын олимпиад, улмаар олон улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд манай сурагчид тогтмол түрүүлдэг юм. Үүнээс гадна боловсролын системд ямар шинэчлэл хийгдэж байна, тэр бүхнийг тэргүүлж, бусад бүх л төрлийн уралдаан тэмцээн, сургалтын чанарын үзүүлэлтээр улсад тогтмол тэргүүлдэг.
Сургуулийн чанарын баталгааны нэг үзүүлэлт нь элсэлтийн ерөнхий шалгалт юм. 2006 оноос ЭЕШ өгч ирсэн бүх хичээлийн хэмжээст онооны дундаж үзүүлэлтээрээ улсын хэмжээнд тогтмол эхний гурван байрыг эзэлж ирсэн байдаг.
1994 оноос хойш манай сургуулийг 1229 хүүхэд төгссөн байдаг юм. Үүний 60 орчим хувь нь гадаадын их, дээд сургуульд суралцаж, 40 орчим хувь нь дотоодын хамгийн шилдэг их, дээд сургуулиудад суралцаж, амжилттай төгссөн. ЭЕШ-д орохдоо манай сурагчид аз сорьсон байдлаар хэзээ ч шалгалт өгдөггүй, эртнээс мэргэжлээ сонгочихсон байдгаараа онцлогтой. Инженер болно гэсэн л бол яг тэр чиглэлийн хичээлийн шалтгалтаа л өгөөд, хамгийн дээд оноог авдаг.
-Танай сургууль хэддүгээр ангид элсэлт авдаг юм. Хүүхдүүдээ хэрхэн элсүүлдэг вэ?
-Өмнө нь наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг сургуульдаа элсүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл, ахлах сургуулийн статустай. Харин сүүлийн нэг хоёр жилд долдугаар анги, наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг хоёр ангид элсэлт авч байна. Ингээд сурагчид XII анги төгсдөг юм. Ингэхдээ математик, монгол хэлний мэдлэг өндөртэй хүүхдийг шалгаж авна. Тухайлбал, “IQ”, математик, монгол хэлний шалгалт авна, шалгалтанд тэнцвэл манай сургуульд суралцах боломжтой. Шалгалтын тухайд монгол хэлний маш өндөр мэдлэгтэй байх шаардлага тавьдаг.
-Сургуулийн үйл ажиллагааны өртөг зардлын эх үүсвэр нь юу байна, танайх хаанаас санхүүждэг, жилд сурагчдаас хэдэн төгрөгийн төлбөр авдаг юм бэ?
-Сургуулийн санхүүгийн эх үүсвэр нэгдүгээрт, хүүхдийн сургалтын төлбөр, хоёрдугаарт, төрөөс өгдөг хувьсах зардал. Энэ жилийн тухайд анх элсэн суралцаж байгаа сурагчдын нэг жилийн сургалтын төлбөр 7,5 сая төгрөг гэж байгаа. Анги ахих тусам төлбөрийн хэмжээ багасдаг, дээд тал нь 4,6 сая, дунджаар 5,1 сая төгрөгийн төлбөртэй байгаа. Жишээлбэл, англи хэлний хичээл гэхэд л долоо хоногт 18-20 цаг ордог. Ингээд дараа жилээс нь байгалийн ухааны хичээлүүд англи хэл дээр явагддаг. Мөн ерөнхий эрдмийн хичээлүүдийг англи хэлээр заадаг. Тиймээс манай сургуулийг төгссөн сурагчид аль ч улс орны их, дээд сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой.
-Турк, Монголын хамтарсан сургууль төгссөн тохиолдолд Америкийн виз авахад төвөггүй байдаг гэж сонссон?
-Сурагчид XII анги төгсөөд, бүрэн дунд сургууль төгссөн гэрчилгээ авна. Дээр нь англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас Туркийн лицей сургуулийн шалгалт өгдөг. Энэ шалгалтанд тэнцвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгодог. Тиймээс энэ сертификаттай байхад, олон улсад суралцахаар явахад бэрхшээл гарахгүй гэсэн үг. Мөн манай сурагчид XI ангиасаа эхлээд л тофелын шалгалтанд бэлдэж, ордог.
-Танай сургуулийн сурагчид гадны аль, аль улсад ямар мэргэжлээр суралцаж байна, мөн хэр амжилттай ажиллаж байна вэ?
-Төгсөгчдөөс нийтдээ 700-гаад хүүхэд гадаадад суралцаад байна. Япон, Америк болон нийт таван тивийн 30-аад оронд суралцсан. Банк, уул уурхай, эдийн засгийн салбаруудад гадаад болон дотоодод ажиллацгааж байна. Бид сурагчдаа төгсгөөд орхидоггүй, ажиллаж байна уу, амьдрал нь сайн байна уу гэдэгт үргэлж хяналт тавьж байдаг. Сургуулиа төгсөөд эх орондоо ирсэн хойно нь ажил олтол нь сургуулиасаа зохих хэмжээний тэтгэлэг олгож, ажилд зуучилж өгдөг. Гадаадын сургуульд орсон хүүхдээ байгаа газар нь очиж, хүүхдээ эргэж байгаа эцэг эх шиг эргэж, сургалтын төлбөрийн бэрхшээл, ажил амьдралын зовлон жаргал юу байна гэдгийг анхаарч, зарим тохиолдолд сургалтын тэтгэлэгт хамруулж өгдөг. Мөн эцэг эх, багш сурагчийн харилцаа тасралтгүй үргэлжилдэг. Бид ар гэрийг нь судалж хамтарч ажилладаг. Баяр ёслол, төрсөн өдөр, цагаан сараар хүүхдүүдийнхээрээ зочилж, ах дүү, төрөл садан шиг золгож, сайхан холбоотой байцгаадаг.
-Сургуулийн чанарт багш нарын үүрэг оролцоо их. Танайх багш нараа хэрхэн сонгож ажилд авдаг вэ. Турк багш нар олон бий юү?
-Бусад сургуулийн адил сонгон шалгаруулах замаар ажилд авдаг. Эрч хүчтэй зорилготой, ажилдаа дуртай залуу багш нарыг сонгож авдаг юм. Турк багш нар байгалийн ухааны хичээлийг англи хэл дээр заадаг.
-Танай сургууль 20 гаруй жилийн түүхтэй юм байна. Турк, Монголын хамтарсан Эмпати сургууль анх хэзээ, хаана, хэрхэн үүсэн байгуулагдаж байсан юм бэ?
-1994 онд Монгол, Туркийн тав, зургаан хүн нийлээд сургууль байгуулсан байдаг юм. Одоо удирдах зөвлөлийн гол бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагчид бий. Тэд хувьцаат компани шиг тал, талаасаа хөрөнгөө нийлүүлээд байгуулсан. Анх МУИС-ийн дэргэдэх байгалийн ухааны лицей сургууль нэртэйгээр байж байгаад, тэндээсээ бие дааж гарсан. Хувийн дунд сургуулийг яаж үүсгэн байгуулдаг билээ, яг тэр зарчмаар байгуулагдсан, хувь хүмүүсийн хөрөнгө оруулалттай сургууль.
-Турк, Монголын хамтарсан сургуулиудыг хаана гэх яриа гарч байна. Энэ танай сургуультай холбоотой асуудал мөн үү?
-Туркт өнгөрсөн долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийх оролдого болсон. Тэрний дараагаас эхлээд, гадны улсад байгаа байгууллагууд Туркийн байдалд оролцлоо гэж яриад, шашны номлогч гадаадад байгаа байгууллагуудыг ашиглаад, дотоодын цэргийн эргэлт хийхийг оролдсон гэж таамагладаг юм байна. Дэлхийн 173 оронд турк сургуулиуд байдаг. Дээрх сургуулиудад тэрс үзэлтэн байж болзошгүй учир турк сургуулиудыг хаах хэрэгтэй гэдэг яриа гадны улсуудад их гарчээ. Зарим улс руу Элчин сайдын яамаар нь дамжуулаад хаах мэдэгдэл өгсөн явдал байгаа юм байна лээ. Ингэхдээ ганцхан сургууль ч биш, ер нь л Туркийн байгууллагуудыг хаах хэрэгтэй гэж байгаа бололтой. Бидэнд Засгийн газар, БСШУС-ын яам, Элчин сайдын яам зэрэг холбогдох байгууллагаас энэ талаар мэдэгдсэн зүйл алга. Бид хэвлэлээр гарсан мэдээллээс илүүг мэдэхгүй байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийг хаа хамаагүй Туркийн Засгийн газраас хаах үндэслэл байхгүй. Харин манай улсын Засгийн газартай энэ талаар ярилцаж байгаа бол Засгийн газар бидэнд мэдэгдэх ёстой. Хэрэв энэ сургуулийг Туркийн Засгийн газрын хөрөнгөөр байгуулсан бол хаах эсэх нь Туркийн мэдэх хэрэг. Туркийн талаас манайх хөрөнгөө эргүүлэн татлаа гэвэл болно. Гэтэл тийм биш, хувь хүмүүсийн байгуулсан, хувийн сургууль шүү дээ. Харин Туркийн Засгийн газрын хөрөнгөөр байгуулагдаагүй шүү дээ.
-Туркт бослого гарснаас хойш манай улсад анхааруулга ирсэн гэж байсан. Энэ талаар танайх сонссон уу?
-Энэ талаар телевизээр Туркээс Монголд суугаа Элчин сайд ярьж байхыг харсан. Туркийн Засгийн газраас өгсөн чиглэл гэсэн утгаар ярьж байсан шүү. Тэр анхааруулгад төрийн эргэлт хийхэд оролцсон байж болзошгүй тэрс үзэлтнүүд Монголд үйл ажиллагаа явуулж буй Туркийн байгууллагуудад байж болзошгүй гэсэн юм билээ. Манайд албан ёсоор тийм мэдэгдэл ирээгүй. Боловсролын яам ч гэсэн энэ ярианд анхаарал тавьж, худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэлд нэг хариулт хэлчихвэл зүгээр байх. Эцэг, эхчүүдэд ч гэсэн тайван байхад хэрэгтэй.
-Манай улсад Туркийн Засгийн газраас санхүүждэг байгууллагууд бий юу. Ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хичнээн байгуулага байна вэ?
-Миний мэдэж байгаагаар Туркийн 20 гаруй байгууллага Монголд үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тухайлбал, Туркийн Засгийн газраас санхүүждэг “ТИКА” гэж олон улсын байгууллага байдгийг сайн санаж байна. Энэ нь Боловсрол, хүмүүнлэг, бүтээн байгуулалт, хандив, тусламж зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг юм билээ гэв.
Дээрх асуудалтай холбогдуулан зарим зүйлийг Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад “Манайд үүнтэй холбоотой мэдээлэл албан бичиг ирээгүй. Сургуулийн асуудал ч гэсэн энэ бол хоёр орны найрамдалт харилцаатай холбоотой зүйл учраас энэ талаар Гадаад харилцааны яам мэдэх байх” гэлээ. Харин Гадаад харилцааны яамнаас асуудлыг тодруулахад “Манайд албан бичиг ирээгүй. Аливаа боловсролын байгууллагын үйл ажиллаагаатай холбоотой асуудлыг чиг үүргийнхээ дагуу БСШУСЯ хариуцах учиртай. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аливаа байгууллагатай холбоотой зохицуулах асуудлыг дотоодын хууль журмын дагуу зохицуулах учиртай. Монгол Улс Турк улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд энэхүү харилцаа хоёр улсын эрх ашигт нийцэж, өргөжин хөгжиж байна” гэсэн юм.
Н.ГАНЧИМЭГ