Categories
мэдээ цаг-үе

“Спорт нөхөрлөл”-ийнхөн нэрээр алдаршсан Л.Шархүү багшийн ангийнхан

Одоогоос дөчин таван жилийн өмнө буюу 1971 оны хавар Баянхонгор аймгийн 10 жилийн I дунд сургуулийг төгссөн Л.Шархүү багштай 10-ын “Б” ангийнхныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.

Тус ангийнхан таван жил тутамд эх орныхоо үзэсгэлэнт аль нэгэн газарт уулздаг сайхан уламжлалтай бөгөөд 1991 онд төрсөн нутагтаа уулзацгаажээ.

Аймагтаа төдийгүй, улсдаа анх удаа “Спорт нөхөрлөлийн хамт олон” болзлын төлөө амлалт үүрэг авч, түүнийгээ амжилттай сайн хамгаалснаараа ийнхүү түүхэнд дурсагдах болжээ.

Ангийн багш Л.Шархүү нь орос хэлний мэргэжилтэй ч “Биеийн тамирын Шархүү” гэдгээрээ олонд танигдсан, сагс, хөл бөмбөгөөр улсын аваргын тэмцээний алт, хүрэл медальтай мундаг тамирчин, одоо хэр нь ач зээ нараа спортоор хичээллүүлэн дасгалжуулж байгаа “Ясны тамирчин” бий

Ангийн дарга С.Эрдэнэмаам ярихдаа “Манай ангийн Ч.Энэбиш, Г.Содном, ангийн багш гурав нийлэхээрээ сагсан бөмбөгөөр ямар ч багийг урдаа гишгүүлэхгүй. Ялангуяа Содном маань өмнөөсөө гүйгээд ирж яваа тамирчны хоёр хөлний хоорондуур бөмбөгөө залаад гарчихсан, нөгөө хоёр нь самбарын дэргэд аль хэдийнээ оччихсон байдагсан, тэр гурвын хэн нь ч шидсэн, гоол орохгүй байна гэж байхгүй. Хөдөлгөөний эвсэл, авхаалж самбаа, унаган авьяас, байнгын дасгал сургууль нийлэхээрээ л түмний хайр хүндэтгэл, итгэл бишрэлийг тэгж их татдаг байх даа, тэр гурвын тоглохыг үзэх гэсэн хүмүүс заалаар дүүрэн ирчихсэн байдаг байлаа” гэлээ.

Харин анагаах ухааны доктор, профессор С.Пүрэвсүх “С.Цэрэндолгор, М.Пүрэвбат, С.Очирхуяг, П.Батхүлэг, С.Гончигдорж, С.Эрдэнэмаам нар маань спортын гимнастикаар хичээллэдэг, хоёр ч удаа аймгийн аварга болж, улсын аваргын тэмцээнд орчихсон, “лут амьтад” байлаа. С.Цэрэндолгор, П.Батхүлэг нар тэшүүрээр мөн л аймгийн аварга болж, улсын аваргын тэмцээнд оролцож байсан. М.Пүрэвбат маань спортоо хөөж, УБДС-ийн биеийн тамирын багшийн ангийг амжилттай дүүргээд, хөдөө, хотод мэргэжлээрээ олон жил ажиллаж, хэдэн арван сайн тамирчин бэлтгэсэн мундаг багш болсон. С.Цэрэндолгор ч мөн спортоороо дагнан мэргэшиж, “Спортын мастер” цолны эзэн болж, хөдөөгийн уул талаар спортын үрийг олон жил тарилцаж, өндөр ургац хураасан, алдартай сайн багш тамирчин болсон. П.Батхүлэг маань спортын гимнастик, тэшүүрийг хослуулан олон жил идэвхтэй сайн хичээллэж, аймгийн аварга болж, улсын тэмцээнд сайн оролцож байсныхаа үр шимийг өнөө хэр хүртэж яваа нэгэн. Одоо мань эр ангийнхан дотроо хамгийн хөнгөн шингэн, овор багатай, жавхаалаг, чийрэг нь гэж манайхан бахархан ярьдаг, энэ бол яахын аргагүй спортын л хүч. Турникт соонс эргэ гэвэл давхийж гараад, гудийх ч үгүй эргэчихэж мэдэх л эр, яагаад гэвэл сайн тамирчин байсны зэрэгцээ хилийн заставт олон жил офицероор ажилласан, цэрэг эрсийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд өөрөө манлайлан зүтгэж, үлгэрлэн үзүүлж явсан болохоор “хуучин бууны хугархай хаачихав” хэмээн бахархан ярилаа.

Эдний ангийнхан урлаг спортоор манлайлагч байж. Аймгийнхаа нэлээд хэдэн сумдаар явж аялан тоглолт хийж байжээ. Ингэхдээ зүгээр ч нэг бүжиг, шүлэг, дууны төдий биш, урлаг, спортын хосолсон үзүүлбэр бүхий, тухайн үедээ л тун ховорхон концерт тоглодог байсан гэнэ.

Мөн эдний ангиас эрдмийн зэрэг хамгаалсан сайн эрдэмтэд ч олон төржээ. Тодруулбал, Ц.Шийрэвдамба ОХУ-д их сургууль төгсөөд, дараа нь аспирантурт сурч, дэд эрдэмтнийг алгасан, шууд биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр УИХ-ын гишүүн, төрийн сайдын алба хашиж явсан. Харин С.Эрдэнэмаам алдарт М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль төгссөн, хэл бичгийн ухааны доктор, профессор цолтой, МУБИС-ийн орос хэлний тэнхимийн эрхлэгчийн албыг 20 шахам жил хашсан, одоо тэндээ профессор багшаар ажиллаж байна.

Мөн С.Пүрэвсүх нь анагаах ухааны доктор, профессор цолтой, “Алтан гадас” одонтой, Д.Төмөрбаатар дотоод, гадаадад хоёр дээд сургууль төгссөн, армийн хурандаа цолтой, “Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны гавьяаны одон”, хэд хэдэн медальтай. Д.Шагдар Улсын аварга орос хэлний багш шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай, “Алтан гадас” одонтой, Б.Адьяа, С.Гансүх, Г.Содном, М.Пүрэвбат, А.Галсанваанчиг, Р.Даваа, Ж.Лхагваа, С.Цэрэндолгор, С.Эрдэнэмаам нар боловсролын тэргүүний ажилтан, С.Цэрэндолгор бас биеийн тамирын тэргүүний ажилтан гээд л өөр, өөрийн салбартаа тэргүүлж яваа хүмүүс олонтой анги.

10-ын б-гийнхэн өдөр нь ангидаа хичээлээ давтацгааж, орой нь спорт зааланд тоглоцгоодог байж.

Мөн чөлөөт цагаараа ангийнхаа ширээ сандлыг арагш нь татаад хураачихсан, самбарын өмнө нэг ширээн дээр дамартай томоо гэгчийн орос магнитофон тавьчихаад тэр үед моодонд орж байсан Б.Зангад, Д.Банзрагч, В.Оросоо, Д.Машлай, Т.Рэнцэнханд, Ж.Цэцгээ гээд 60-70-аад оны үеийн алдартнуудын дууг их сонсдог байсан тухайгаа дурсан ярих дуртай. Мөн “Подмосковные вечера”-г их дуулцгаадаг байжээ.

Шархүү багш ангийнхнаа арав төгсөхөд нь “Үнэнээр явбал үхэр тэргээр ч туулайг гүйцэж болно гэдэг. Шударга үнэнийг хэзээд эрхэмлэж байгаарай” гэжээ. Ангийнхан нь энэ талаар дурсан ярихдаа “Багшийн маань энэ үнэт сургаал бараг хагас зуун жилийн туршид бидний алтан зарчим болсоор л байна. Эднээ ангийнхан ес, аравдугаар ангидаа хөдөө сумдад очиж, ямаа самнаж, тоосго цохиж байж. Энэ нь биднийг нөхөрсөг, хөдөлмөрч болгосон гэж ярих дуртай аж.

Одоо тэд аравдугаар ангиа төгсөөд 45 жил өнгөрчээ. Сэргэлэн цовоо гэж ээж, аавдаа магтуулж явсан хүүхэд нас, сурлагатай, урлагтай, спорттой гэж сургуулийн удирдлага, багш нартаа тоогдож явсан сурагч нас, мэргэжилдээ сайн, ажилдаа махруу, үнэнч шударга гэж байгууллага хамт олондоо үнэлэгдэж явсан тэдний идэр залуу, хижээл нас аль хэдийнэ ард хоцорч, томоотой, нийгмийн идэвхтэй хэмээн хороо хориныхоо дарга нарт л сайшаагдсан, үр хүүхэд, ач зээ нараараа хүрээлүүлсэн, намбатай хэдэн буурал болжээ гэж ангийнхан бие биенээ дурсан сууна. Гэхдээ энэ хэдэн мөрийг тэрлэж байхдаа харамсаж, гутарч, гуниглаж байгаа юм огтхон ч үгүй, харин ч аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээл, алдар цол, одон медаль, магтаал сайшаалаар дүүрэн, хийсэн бүтээсэн юмтай, үлдээх ул мөртэй, сайн сайхан амьдарч явна даа, манай ангийнхан хэмээн бахархах сэтгэлээр дүүрэн байгаа гэж байна лээ.

Бие биеэ гэсэн сэтгэлтэй, анги хамт олноо үргэлж санан дурсаж байдгийн учир гэвэл эдний ангийнхан таван жил тутамд эх орныхоо аль нэгэн үзэсгэлэнт газар хуран цуглан уулзаж, амарцгаадаг аж.

Тэд хагас зууны шахам нандин агаад хөгжөөнтэй, баялаг сургамжтай түүх дурсамжаасаа шавиагаа ханатал ярилцан, бие биедээ сэтгэлийн асар их эрч хүч бэлэглэх хүслэнт тэр мөчийг тэсч ядан хүлээж суудаг ажээ.

10-ын “Б” ангийнхан уулзахаараа ёстой л нөгөө “хонь хурга нийлэх” гэдэг шиг, харууштай, үзүүштэй, дуу шуутай, уйлаантай сонин сайхан учрал болдог аж.

Ангийн уулзалтын үеэр шилдгүүдээ шалгаруулжээ. Тухайлбал, 11 хүүхэд төрүүлэн, эсэн мэнд өсгөн хүмүүжүүлсэн М.Цэцгээ “Спорт нөхөрлөлийн 10-ын “Б” ангийн “Алдарт эх” номинацид шалгарсан бол, дурсамжийн номд ирүүлсэн материалууд дотроос “Энгүүн сайхан найруулгатай, элгэмсэг дотно үгтэй бүтээл” номинацид Н.Цэенсүрэн тодорч өргөмжлөл хүртсэн байна. Ийнхүү шагналын хур хэсэг буусны дараа ангийн журналд бичигддэг байсан нэрсийнхээ дарааллаар босч, ажил амьдралынхаа тухай, хань ижил, үр хүүхдүүдийнхээ тухай, сурагч ахуй насандаа тохиолдож байсан хөгжөөнт адал явдлуудынхаа тухай энгүүн сайхнаар хуучлан ярьцгаасан нь уулзалтыг улам дотно халуун дулаан уур амьсгалтай, хэзээ ч мартагдахааргүй сэтгэлд бат бэх хоногших дурсамж болгон үлдэхээр байлаа.

Уулзалтын үеэр гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, билльярд, олс таталтын тэмцээнд ангийн хамт олон хэд хэдэн багт хуваагдан оролцсон нь онц сонирхолтой бөгөөд ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Эдгээр тэмцээнийг спортын мастер С.Цэрэндолгор, биеийн тамирын тэргүүний ажилтан М.Пүрэвбат нар хариуцсан нь биеийн тамирын багш мэргэжилтэй, аймаг, улсдаа нэртэй тамирчин явсан хүмүүс нэг иймэрхүү байлгүй яахав дээ гэмээр, маш чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсныг ангийнхан нь зохих ёсоор үнэлж, өөр хоорондоо магтан ярилцаж байсан.

Гар бөмбөг, билльярдын тэмцээнд Ч.Энэбиш ахлагчтай баг, шатарт Б.Булгаанин ахлагчтай баг, сагсан бөмбөг, олс таталтад С.Эрдэнэмаам ахлагчтай баг тус тус тэргүүлж, өргөмжлөл хүртжээ.

Энэ үеэр “Ардын дуу хэн хамгийн олныг дуулах вэ”, “Хэн илүү вэ?” зэрэг хөгжөөнт тоглоом зохион байгуулахад Б.Булгаанин мөн л авьяас чадвар, ур ухаанаараа бусдыгаа хошуучилсан байна.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *