Categories
мэдээ нийгэм

ШЕЗ-ийн дарга Сэлэнгэд ажиллаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндоржийн хөдөө орон нутгийн шүүхэд ажиллах ээлжит албан томилолт өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн үйл ажиллагаатай танилцсанаар эхлэв.

Томилолтын ажлын хэсэгт Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Ж.Мөнх-Оргил, Э.Золбоо нар ажиллаж байна.

Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, Тамгын газрын дарга Д.Батцэнгэл нар ажлын хэсгийг угтан авч, шүүхийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай танилцууллаа.

Мандал сум дахь Сум дундын шүүх нь Монгол Улсын хамгийн том сум Мандал сумын төв Зүүнхараа хотод байрлаж Мандал, Баянгол сум, Түнхэл согон, Тарни зэрэг 13 багийн 41000 иргэнд үйлчилдэг. Мандал сумын төв нь 27000 гаруй хүн амтай.

800 гаруй ялтан хүмүүждэг чанга дэглэмтэй хоёр хорих анги, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харъя төмөр замын “Зүүнхараа зангилаа”, БОС-ны 1 дүгээр анги, Депо, Мод боловсруулах үйлдвэр, “Бороо гоулд”, “Спирт бал бурам” компани, Эрчим хүчний төв, 12 жилийн зургаан сургууль, Сум дундын нэгдсэн эмнэлэг зэрэг үйлдвэр үйлчилгээний томоохон байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд байрладаг онцлогтой нутаг дэвсгэр юм. Одоо тус шүүх 4 шүүгч, 19 ажилтан, нийт 23 орон тоотой ажиллаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгч ажилтнуудтай хийсэн уулзалтдаа иргэдийн итгэлд суурилсан шүүхийн үйлчилгээнд чин сэтгэлээсээ хандсан өөдрөг, гэгээлэг, эмх цэгцтэй хамт олонтой уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийллээ. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн түүнийг бэхжүүлэн баталгаажуулахын төлөөх их үйлсэд зөвхөн шүүх төдийгүй иргэн бүр сэтгэл зүрхээ зориулах оролцоо чухал” гэж онцоллоо. Уулзалт үргэлжилж байна.

Тэрбээр энэхүү уулзалтын дараа Мандал сумын иргэдтэй уулзалт хийж, шүүхийн шинэтгэлийн бодлого хэрэгжилт, ололт, үр дүн, цаашдын зорилтын талаар ярьж шүүхийн үйлчилгээний талаарх сэтгэгдлийг сонсоно. Уулзалтын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *