Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүй бол байдал хэцүүднэ гэв

Хөрөнгө оруулалт зурган илэрцүүдӨнгөрсөн долоо хоногоос чангарч эхэлсэн ам.долларын ханш буурах янзгүй байна. Валют арилжааны “Найман шарга” зах дээр уржигдар ам.долларыг 2273 төгрөгөөр авч 2279 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр 2280 төгрөгөөр авч, 2285 төгрөгөөр зарсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт огцом татарсан, экспортын орлогын ихэнх хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт үргэлжилсэн хэвээр, том төслүүд хөдлөөгүй гэх мэт бодит шалтгаан ам.долларын ханшийн өсөлтөд нөлөөлж буй гэж шинжээчид онцолж байна. Ам.долларын ханшийн өсөлтийн шалтгаан, ногоон валютын ханшийг тогтворжуулах, барих боломжийн талаар эдийн засагчийн байр суурийг хүргэе.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: Ам.долларын ханш өнгөрсөн зун нэг хэсэг тогтворжиж, буурсан нь жуулчлал гэх мэт тодорхой салбарын хүрээнд гаднаас валют орж ирж байсантай холбоотой. Ер нь жил жилийн өдийд ам.долларын ханш өсдөг. Оюутан сурагчдын хичээл сургууль эхлэх, намар, өвлийн хувцсаа бэлдэх зэргээр хэрэглээ огцом нэмэгддэг нь долларын ханш өсөхөд хүргэдэг. Учир нь бид үйлдвэрлэгч биш импортлогч улс. Ихэнх хэрэглээгээ гаднаас доллараар авч хэрэглэдэг болохоор байгаа хэдээ барчихаад байна л даа. Валютын нөөц байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй, гадагшаа зарж доллар олдог уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сул хэвээр гэсэн шалтгаануудыг харахаар долларын ханш тогтворжино гэж найдахад хэцүү. Монголбанкны бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн мөнгөний хатуу бодлого ам.долларын ханшид тодорхой хэмжээнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Бодлогын хүү өсчихөөр банкуудын зээлийн хүртээмж багасч таарна. Зээлийн хүртээмж багасчихаар зах зээл хумигдаад ирж байгаа юм. Зах зээлээ хумих бодлого барихаар эргэлт удаашрах нь гарцаагүй үзэгдэл. Ханшид сөргөөр нөлөөлж буй шалтгааны нэг гэж хэлж болно. Ам.долларын ханшийг тогтворжуулах хамгийн бодитой гарц бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Гадаадын хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах арга бол Таван толгой, Тавдугаар цахилгаан станц зэрэг том төслүүдээ цаг алдалгүй ажил болгож эхлэх. Тэгж байж бид долларын хомсдолоос гарна. Энэ талаарх дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *