Categories
мэдээ цаг-үе

Жамсранжавын Оюундарь: Өөрийн бүтээсэн хөдөлмөрөө төрөөр үнсүүлж, үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж юм билээ

УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Жамсранжавын Оюундарьтай ярилцлаа.

-Уран бүтээлч хүнд амрах цаг ховор байдаг байх. Энэ зуныг юу хийж өнгөрөөсөн бэ?

-Наадмын нээлтийн зохиомжийг манай театрын Н.Наранбаатар найруулсан. Тиймээс зургаа, долдугаар сард ажил ихтэй байлаа. Манай театрынхан хамт олноороо завгүй гүйцгээж ажилласан. Наадам дуусаад бидний амралт эхэлсэн. Би энэ зуны амралтаа өөртөө зориуллаа. Өмнө нь ихэнхдээ ажил ихтэй, амарч чаддаггүй байсан. Кинонд тоглох хүсэлт ирж, уран бүтээл дээр ажилладаг байсан. Харин энэ жил кинонд тоглох хүсэлтийг зөвшөөрөөгүй юм. Иймээс яг өөрийнхөөрөө эрх чөлөөтэй сайхан амарлаа. Архангай аймагт очиж, байгалийн сайханд амраад ирлээ. Мөн Тэрэлжид хэд хоногийг өнгөрөөсөн. Гэр бүлээрээ аялж, зугаалсныхаа дараа олимпоо үзсэн. Олимпод оролцож буй тамирчдаа харж, инээж, уйлж, сэтгэл маань их хөдөлсөн дөө. Ингээд ажилдаа орлоо.

-Та их хөдөлмөрч хүн шиг харагддаг. Энэ зан чанар уран бүтээлээр тань илэрхийлэгддэг. Мөн зүйр цэцэн үгээр өөрийгөө их зоригжуулж байдаг шиг санагдсан?

-Ээж маань монгол ардын зүйр цэцэн үг их сайн мэддэг. Зүйр үгийг бодит амьдралаас үүдэлтэй зохиодог шүү дээ. Би өөртөө нэртэй хүний зүстэй охин учраас муу явах эрхгүй, ийм нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага надад оногдсон гэж хэлдэг. Мөн “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг үгийг бодож, хүн хөдөлмөрлөх ёстойг мэдэрч, хичээж явдаг. Тэр чинээгээрээ миний хэлдэг үгнүүд надад их эрч хүч өгдөг. Мөн аливаа зүйлийг ухамсарлаж, ойлгоход их нөлөөлдөг. Би мэргэжилдээ чин үнэнчээр хандаж, дурлаж, хайрладаг учраас эрч хүчтэй харагддаг байх.

-Таны аав, ээж охиноо эмч болохыг зөвлөж байсан гэсэн. Дөнгөж сургуулиа төгсөөд аавтайгаа хамт кинонд тоглосон байдаг. Ааваасаа хэрхэн магтаалын үг сонсож байсан бэ?

-Театрын урлагт хамт яваа ахмадууд магтаалын үг хэр барагтай хэлдэггүй. Одоо ч гэсэн адилхан. Нэлээн хэдэн зүйл хийж, бүтээж, ажилласны дараа “за нэг болж байна даа” л гэдэг. Өөр янз бүрийн юм хэлдэггүй. Их шударга. Харцнаас нь л би зөв явж байгаа юм болов уу гэж бодогддог. Гэхдээ хатуу, зарчимч байсных нь үр дүнд бид өнөөдөр өдий зэрэгтэй явж байна. Жүжигчний мэргэжил чанга, хатуу ш дээ. Биднийг чиглүүлэгч бол найруулагчид. УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, СТА Ч.Түвшин нар жүжигчдийг зөв чиглүүлдэг. Мөн уран сайхны зөвлөл гэж байна. Дотоод нарийн ширийн ажлыг хянасны дараа гадаад хяналт руу ажлын тайлангаа өгдөг. Үзэгчдэд сайн муу зүйл хүргэхээс сэргийлж, алдаа оноог маань зааж залруулдаг. Ахмадууд чиглүүлэгч байр суурийг анхаарч, өөрсдийнхөө мэдлэг дээр тулгуурлаж, шийдвэр гаргадаг. Үүний нэгэн адил аав маань чадварлаг сайн жүжигчдийн нэг юм. Дөнгөж сургуулиа төгссөнийхөө дараа аавтайгаа хамт “Нүглийн золиос” кинонд тоглож байсан. Хор ууж татаж унаад л. Тухайн үед ёстой л хүмүүсийн сэтгэлд хоногшиж чадсан. Мөн “Эзэнгүй айл”, “Угсраа мэх”, “Ромео, Жульетта”, “Хүйтэн сэнтий” зэрэг жүжигт хамтарч тоглож байлаа. Үүний дараа “Шинжихэд их чимхлүүр, сайн уран бүтээлч” гэх үгийг ааваасаа сонссон. Хамгийн сайхан урмын үг. Энэ үг одоо ч намайг хурцалсаар байдаг.

-Сүүлийн үед та ямар дүр бүтээж байна вэ?

-Нэг хэсэг надад эерэг талын дүрүүд оногддог байсан. Сүүл рүүгээ эсрэг талын дүрүүдэд хувирах болсон. Манай театрынхны хийж буй уран бүтээл амьдралын нэг хэсгийг бодитоор харуулдаг. Амьдралд янз бүрийн зан ааш, төлөв байдалтай хүмүүс байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүн судлалын гүн рүү ордог гэж хэлж болно. Гүн рүү шумбаж орохыг улам их тэмүүлж байна даа.

-Таны бүтээсэн дүрүүд маш олон. Өөрийн тань сэтгэлд хамгийн ойр байдаг дүрийнхээ тухай яриач?

-Миний хамгийн анхны тоглож байсан дүр сэтгэлд ойр байдаг. Огтхон ч мартагддаггүй. Армийн театрт “Худалч эхнэр”, “Аянгын бороо” гэсэн хоёр жүжигт тоглож байсан. Дөнгөж оюутны ширээнээс гарч, ажил дээр очиж байсан үе. Нэг нь инээдмийн жүжиг, нөгөө нь драмынх. Манай хошин урлагийн хамтлаг болох “X” түц хамтлаг тоглож байсан. Ажлын хамт олон маань их сайхан хүмүүс байсан. Ялангуяа Тунгаа эгч болон Мөнхдорж найруулагч нартаа баярладаг. Хэрвээ би Армийн театрт орж ажиллаагүй байсан бол миний ажлын гараа зам, мөр ямар байхыг би мэдэхгүй. Өдий зэрэгтэй амжилттай яваа минь аав, ээж хоёрын минь хэмжээлшгүй их ач гавьяа. Мөн ажлын гараагаа эхэлж байсан Армийн театртай салшгүй холбоотой. Хүн уйгагүй хөдөлмөрлөх ёстой. Жүжигчин хүн театрынхаа тайзан дээрээс ч юм уу, ажлын газраасаа холдчих юм бол мэргэжлээсээ хөндийрсөн юм шиг байдаг.

-Таныг “Сити” дээд сургуульд багшилдаг гэж дууллаа. Хоёр ажил амжуулна гэдэг амаргүй байх?

-Мэргэжлийнхээ талаас бусадтай хуваалцаж, сайхан зөвлөгөө, туршлагаасаа ярихыг эрхэмлэдэг. Тиймээс би “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Энэ сургуульд багшлаад зургаан жил өнгөрсөн байна. Нэг ангийг дааж төгсгөсөн. Хоёр дахь ангийнхандаа зааж, зөвлөж, сургах гээд хичээж явна. Би өөрийнхөө олж авсан мэдлэг, туршлагыг харамгүй хуваалцдаг. Уран бүтээлчид бие биендээ туршлагаасаа хуваалцаж, байгаа бүх зүйлээ зориулах ёстой. Миний эзэмшсэн мэргэжил гээд л ганцаараа мэддэг царайлаад яваад байж болохгүй. Бусдад өгч, бусадтай хуваалцаж байж, дээшилж дэвжинэ шүү дээ. Энэ ч үүднээс надад багшийн урилга ирсэн байх. Манай сургуулиас сайхан хөдөлмөрч, мундаг уран бүтээлчид төрөн гарсаар байна. Тухайлбал, Цэрэнболд, Тодгэрэл гээд нэрлэх байна.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Миний чөлөөт цаг үргэлж л мэргэжилтэй маань холбогддог. Жүжигчин хүнийг нухсан гурил шиг байх ёстой гэдэг. Найруулагч надад өнөөдөр ямар ч дүр, ямар ч хэв маягтай үзэгдлийг өгч магадгүй. Тиймээс би тэр болгонд сэтгэл зүйн болон бусад нөхцөлөөр бэлэн байх ёстой. Байнга өөрийгөө дайчилж ажиллахыг хичээдэг. Хэрвээ надад чөлөөт цаг гарвал чадахгүй зүйлээ мэдэж суралцахын тулд тэмүүлдэг юм. Аливаа зүйлийн анхны алхам хэцүү байдаг шүү дээ. Тэрхүү хэцүү давааг л амжилттай давчих юм бол боломж гараад ирдэг. Амьдрал их баян. Сурч барахгүй юм байна лээ. Бид бодит амьдралд байгаа зүйлийг үзэгчдэд хүргэхийг зорьж, уншиж, мэддэг. Тиймээс суралцахаас өөр арга байхгүй. Зах зухаас нь судлаад өөрсдөө гүйдэг дээ. Сүүлийн үеийн залуучууд мундаг болжээ. Юм бүхнийг сурах гээд л тэмүүлж, хичээж байна.

-“Би эр хүнд хайртай” жүжиг хүмүүсийн сэтгэлд их хоногшсон байдаг. Энэ жүжгийн талаар яриач?

-“Би эр хүнд хайртай” жүжиг Болд найруулагчийн уран бүтээл. Миний дүрд анх Эрдэнэчимэг гээд жүжигчин тоглож байсан. Тэгээд Эрдэнэчимэг хоёр удаа тоглоод гурав дахь удаагаас “намайг тоглох уу” гэж байсан. Тиймээс гэнэт шахагдаж орсон. Нэг өдрийн дотор л орсон. Гайхалтай сайхан зохиомжтой жүжиг. Зохиолыг нь С.Жаргалсайхан гуай бичсэн. Энэхүү жүжиг бол хамтын уран бүтээл. Би Урнаа, Өлзийхүү, Энхтуулаар их бахархдаг. Бид дөрвийн санаа сэтгэл нэгдэж, нийлж байж энэхүү жүжиг гарсан юм. Чин зориг, хүслээрээ урлагийн төлөө нэгдсэн. Энэ ч үүднээс уран бүтээл гайхамшигтай болсон. “Би эр хүнд хайртай” жүжгийг хөдөө орон нутагт тоглосон. Энэхүү жүжгээр 2009 оны “Гэгээн муза” наадамд С.Жаргалсайхан “Шилдэг жүжгийн зохиолч”-оор шалгарч байлаа. Зохиол нь их сайн. Үзсэн хүн бүр зохиол нь яасан мундаг юм бэ. Зохиолч нь хэн юм бэ. Шоронд өөрөө орж үзсэн хүн юм уу гэж хүртэл асууж байсан. Зохиолч, найруулагчид их чадварлаг хүмүүс. Ижил дүр гаргахгүй өөр өөрийн гэсэн хэв маяг, өнгө төрхийг гаргасан юм. Зохиолоо уншиж үзэхэд миний дүр хүний төлөө байгаа бүх зүйлээ өгөхөөс буцахгүй. Тийм хүмүүс байна ш дээ. Гэхдээ заримдаа тэд чимээгүй алга болдог. Хүнд дурсагддаггүй. Хүнд дээрэлхүүлж байдаг. Энэ байдлыг гаргасан юм.

Нийгэмд янз бүрийн л хүмүүс байна. Зальтай хүмүүс байдаг. Иймээс хүний төлөө сэтгэлтэй байх ёстой гэдгийг харуулсан. Сайхан чанарыг хүмүүст шингээх юмсан гэж бодож ажилласан. Хамгийн сүүлд миний дүр болох Чимгээ үхдэг. Бид энэ жүжгийн хоёрдугаар ангийг хийе гэж ярьж байсан. Чимгээг үхүүлэхээ больё, ухаан алдсан. Чимгээг үхүүлбэл хүний сэтгэлд үлдээсэн дурсамж нь тод байна гэдэг ч юм уу. Тухайн үедээ янз бүрээр ярьж байсан. Хүний сэтгэлийн хамгийн дээд мөн чанарыг энэхүү дүрээс харж болно.

-Театрын жүжигчид нэг уран бүтээл дээр ажиллахад ямар хугацаа зарцуулдаг бол?

-Тухайн уран бүтээлийн дүрээс шалтгаалдаг. Ихэнхдээ хоёр, гурван сар бэлддэг. Найруулагчид бүр эртнээс, жилийн өмнөөс, зохиол уран бүтээлээ хийж байдаг. Харин бидний ажил гурав, дөрвөн сарын хугацааг шаарддаг.

Жүжиг дээр өөр хүний дүрийг нөхөж ажиллана гэдэг их хэцүү байдаг. Бүх зүйл бэлэн болоод гарсан жүжиг дээр нөхөж орох их төвөгтэй. Уншлагыг өөрөө ганцаараа уншина. Ганцаараа бүх зүйлийг хийнэ. Гамлетад Урнаа тоглож байсан. Тэр дүр дээр би ажилласан. Тухайн дүрийн бүх л хэсгийг эхнээс нь цээжилж хийнэ гэдэг хариуцлага. Урьд нь задаргаа хийсэн байдаг юм. Харин шинээр нөхөж байгаа хэмжээнд нь гаргана гэдэг хэцүү. Дүр нөхөж ажиллахад сарын хугацаа багаддаг. Жүжиглэнэ гэдэг хүнээс маш их авьяас, ур чадварыг шаарддаг. Мөн жүжигчин хүн хамгийн гол нь дүрээ мэдрэх л чухал. Зохиолоо сайн унших ёстой. Зохиолын дагуу зорилгоо л сайн ойлгох хэрэгтэй.

-Та 2011 оны наадмаар МУГЖ хэмээх цол тэмдгийг хүртэж байсан. Тэр үеэ дурсвал?

-2011 оны долдугаар сарын 10-нд “Оролмаа” жүжигт тоглож байсан. Жүжгийн дундуур нүүрээ будах гээд л гүйгээд өрөөндөө орсон чинь утас дуугарсан. Хотын захиргаанаас ярьж байна. МУГЖ Оюундарь уу гэхээр нь гайхаад юу гэнэ ээ гэж асуулаа. Тэгсэн та МУГЖ боллоо. Таньд баяр хүргэе. Маргааш өглөө Засгийн газрын ордонд ирээрэй гэсэн. Тэгсэн би ерөөсөө ойлгоогүй. Тайз руу гарах гэж байсан учраас яаран за за дараа дараа гэсэн. Жүжигт тоглочихоод орж ирээд өрөөний Сувд, Сарантуяа, Урнаа нарт хэлээд сая юу гэчих вэ, тоглоод байгаа юм уу гэсэн. Тэгсэн шагнал авах гэж байгаа юм байна. Маргааш чи хийсэн ажлаа үнэлүүлнэ гэж хэлсэн. Манайхан баяр хүргэлээ. Би ч за за баярлалаа гээд л инээдэм болж билээ. Тэгээд маргааш өглөө нь Аглуу бид хоёр хамт авсан даа. Тэрхүү хүндтэй шагнал, тэмдгийг авч байхад юу ч бодогдохгүй байсан. Бурхан минь, яасан сайхан юм бэ “Төрийн ордон” ямар гоё юм бэ, сайхан юм. Мундаг хүмүүстэй уулзаад. Шагналаа аваад гарсан чинь манай театрынхан бүгд гадаа хүлээж авсан. Жамсранжавын Оюундарь гэж дуудах үнэхээр гайхалтай сайхан байсан. Манай аав номон дээрээ бичсэн байдаг л даа. “Лоолийн Жамсранжав гэж дуудах их сайхан байлаа” гээд бичсэн байдаг. Харин би тухайн үед зүгээр л аав ингэж бичиж дээ гээд л өнгөрсөн. Гэтэл тэр өдөр их сайхан байдаг юм байна даа гэж бодогдсон. Аав минь ийм л сайхан мэдрэмжийг авч байж дээ. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Өөрийн хийсэн хөдөлмөрөө төрөөр үнсүүлж, үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж юм байна лээ.

-Та монгол эмэгтэйчүүдийнхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би монгол эмэгтэйчүүдээрээ их бахархдаг. Сүүлд хатдын ном уншсан. Тэрхүү номд Чингисийн охид аавынхаа явуулсан бодлогыг барьж байсан. Дөрвөн талд бат бөх зогсож байгаа байдлыг харуулсан. Заримдаа монгол охид хөвгүүдээс илүү хүчирхэг байдаг. Яг энэ ч үүднээс эргэцүүлээд бодоход, нээрээ л Монголын эмэгтэйчүүд их дайчин, алсын хараатай, нарийн мэдрэмжтэй. Би зохиолч Б.Энхтуяагийн “Охин үрээ хайрла” шүлгийг цээжилнэ гэж бодож байгаа. Амьдралын ихэнх хэсэг, хүнд ачааг эмэгтэй хүмүүс үүрдэг юм болов уу. Эмэгтэй хүнийг монгол эрчүүд их хайрлах хэрэгтэй. Зарим эрчүүд бүдэг бадаг хайрладаг. Тэр болгон бүх зүйлд оролцоод байдаггүй. Эмэгтэй хүн болж төрснийх хүүхэд гаргана гэдэг бол агуу гайхамшиг. Ийнхүү олон зан чанар, уян хатан байдлыг өөртөө агуулж багтааж явдаг юм. Тиймээс эрчүүд эмэгтэй хүнийг “ээжийгээ” гэж бодоод хайрлаж байгаарай гэж хэлье.

-Драмын театрын 85 жилийн ойн баяр арваннэгдүгээр сард болно гэсэн. Ойн хүрээнд ямар ажил хийгдэх вэ?

-Энэ жил Драмын театрт хийгдэх ажил, ойн баярууд их байна. Драмын театрын ойн баярын хүрээнд ахмадуудын тэгш ойг тэмдэглэж, эрдэм шинжилгээний ажил хийгдэнэ. Эрдэм шинжилгээний ажлаар жүжигчид ахмадуудынхаа талаар судалгаа хийж, өөрийн бэлтгэсэн ажлаа танилцуулдаг юм.

Надад Д.Цэндсүрэн гуайн уран бүтээл, ажил амьдралыг судлах ажил оногдсон. Мөн бид хүүхэд залуучуудын театрын тухай судалж бичнэ.

-“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам ирэх сарын 11-15-нд Буриадын Улаан-Үд хотноо болно. Энэ наадамд УДЭТ-ын уран бүтээлчид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа талаар сонслоо?

-Сүүлийн үед Драмын театрын гадаад харилцаа өргөжих болсон. Энэ жилийн “Алтан Сэргэ” олон улсын театрын наадамд УДЭТ-ын уран бүтээлчид анх удаа маш олон хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр явна. Тус уралдаанд “Ромео, Жульетта” жүжгээрээ оролцохоор болсон.

Өмнө нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгүүдээр оролцож байсан.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *