Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хүчингүй болголоо

УИХ-ын гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг буцаах эсэх талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хойшлуулах нь зөв гэсэн Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг уншиж танилцууллаа.

УИХ-ын гишүүн С.Болд эмэгтэй гишүүн ийм шийдвэр танилцуулсанд маш их харамсан, эмгэнэж байна. Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн бий. Уг нь та нар уриалаад, бусад гишүүдээ манлайлаад, энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой байсан. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл гишүүд өмнөх парламентад байхдаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцсэн шүү дээ” гэв.

Гэр бүлийн хүчирхийлийн тухай хуулийг өмнөх парламентаар баталсан ч албан ёсоор ёслоогүй. Гэхдээ энэ хуулийг Засгийн газраас ойрын хугацаанд дахин өргөн барьж батлуулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт амлав.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “С.Болд гишүүн буруу ойлгожээ. Бид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байна. Манай улсын 810 мянган гэр бүлийн дотор гэр бүлийн нууц хүчирхийлэл бий. Амьдралд илүү хэрэгтэй, зөв хууль гараасай, Эрүүгийн, Зөрчлийн хуультай хамт энэ хууль хэрэгжих нь зөв гэсэндээ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ хуулийг анх батлахад л МАН дэмжээгүйг сануулав.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ хуулийн процесс дутуу, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээгүй, нийт таван гарын үсэг зуруулах ёстой байтал тэр нь хэрэгжээгүй, “Төрийн мэдээлэл”-д хэвлээгүй гэв. Иймд хууль гэж үзэхгүй, хуулийн төсөлд тооцогдоно гээд гол шалтгаан нь АН-ын бүлгүүдийн хямрал байсан гэв.

Өнгөрсөн хавар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулсан явдлыг УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр дахин дахин онцолж байлаа. Түүнийг “Төрийн эмхэтгэл”-д хэвлээгүй хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзээд ажлаас нь халсан юм. Яг үүнтэй адил шалтгаанаар Эрүү, Зөрчил, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэх мэт хуулиудыг хууль гэж үзэхгүй гэж Ш.Раднаасэд тайлбарлав.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Би хуульч хүн. 29 жил хуульчаар ажилласан. УИХ баталсан л бол тэр нь хуулийн төсөл хууль мөн. Харин үйлчлэх огноо нь өөр асуудал” гэсэн юм.

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад нь буцаая гэж УИХ-ын гишүүд шийдвэрлэлээ. Ингэснээр эдгээр хуулиуд хэрэгжих үндэслэлгүй болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *