Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хашчулуун: “Стэндбай” хөтөлбөрт битгий ханд гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна

Өнөөдрийн эдийн засгийн хэлэлцүүлэгт доктор Ч.Хашчулуун “Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах тухай” илтгэл тавьсан юм. Тэрбээр “Байгалийн баялагтай орнуудад эдийн засгийн уналт явагдаж байна. Жишээ нь Индонез, Туркмен, Грек зэрэг улсууд байна. Зарим улсад харьцангуй гайгүй байхад ОХУ-ын хувьд манайхтай адил маш хурдан унаж байна. Улс төрчид, Засгийн газар судлаач эрдэмтдийнхээ санаа бодлыг сонсдоггүйгээс ийм юм болж байна. Уг нь бол хоёр гурван жилийн өмнөөс л бид энэ тухай хэлж сануулж байсан. Судлаач эрдэмтдийнхээ үгийг сонсдог сувгийг улс төрд бий болгох цаг нь болжээ. Энэхүү нөхцөл байдлаас гарах гарц мэдээж байгаа. Одоогийн байдлаар төсвийн зардал 30-40 хувь хасагдах нь тодорхой болоод байна. Тэгэхээр төрийн албан хаагчдынхаа цалинг өгвөл их юм болно гэсэн үг. Тиймээс би “IMF-Стэндбай” хөтөлбөрийг дэмжиж байна” гэв. Ингээд түүнээс өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд ямар арга хэмжээнүүдийг цаашид хэрэгжүүлж болох талаар тодрууллаа.

  • Монголбанк бодлогынхоо хүүг 15 хувьд хүргэлээ. Энэ нь төгрөгийн ханшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр авч байгаа арга хэмжээ болов уу, тэгвэл дараагийн авах арга хэмжээ нь юу байх бол оо?
  • 15 хувийн хүүд хүргэсэн явдал бол эхний алхам байсан. Энүүгээр бол зогсож болохгүй. Цаана нь багц арга хэмжээ байх хэрэгтэй. Суурь шалтгаан нь юу вэ гэхээр Монголын эдийн засагт доллар ховор, төгрөг нь элбэг байгаатай л холбоотой. Тэгэхээр үүнийг төгрөгийн ханшийг хүчээр нэмэгдүүлэх бодлого баримталж шийдэж болно. Гэхдээ энэ бол түр зуурын байх ёстой. Урт хугацаанд болбол бүх төрлийн юманд нөлөөлнө. Төв банкны өөрийнх нь үнэт цаасны үнэ нэмэгдэнэ. Засгийн газрын бонд зарагдахын тулд хүү бас нэмэгдэнэ. Эргээд хадгаламжийн хүү нэмэгдэнэ, тэгэхээр зээлийн хүү эргээд нэмэгдэнэ. Үүнийг манай эдийн засагчид мэдэж байгаа, нийт аж үйлдвэр эрхлэгчдийн 95 хувийг банк санхүүгийн салбар тэтгэдэг. Тэгэхээр түүний хүү нь өндөр байвал мэдээж бизнес эрхлэгчдийн нөхцөл муудна. Ингэж төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхаар өөр арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээлбэл салбар салбараар байж болно. Хөдөө аж ахуй эхний ээлжинд байна. Тариалан байна. Тариалангийн зориулалттай шатахуун байна. Санхүүжилтийг нь энэ өндөр хүүгээр биш өөр хүүтэй зээлээр шийдэж болно.
  • Долларын ханш 2265 хүрчихлээ. Цаашид хэр нэмэгдэх төлөвтэй байгаа вэ?
  • Монголын эдийн засаг өөрөө уналтанд орчихоод байна. Яагаад гэвэл аж үйлдвэр баригдаагүй, том орлого олчихоор эх үүсвэр шинээр нэмэгдээгүй. Тэр байтугай “Таван толгой”-н нэлээд хэсгийг Хятадын компанид хямдхан үнэтэй гэрээгээр бараг өгчихсөн. Ийм байгаа тохиолдолд төгрөгийн ханш хүчтэй байна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Мэдээж Засгийн газар, Төвбанк янз бүрийн бодлого аваад хэрэгжүүлээд эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүд авбал сэргэж болно. Төгрөгийн ханш огцом унаж байгаа учир Монголд ямар нэг хөрөнгө оруулалт хийгээд тэрийгээ төгрөгөөр үнэлчихсэн байдаг. Тэгээд дараа нь ашгаа авахдаа доллар руу хөрвүүлэх болно. Тэгэхээр төгрөгийн ханш уначихаар авч байгаа ашиг нь ашиг биш алдагдал болж дуусна.
  • Таны хувьд эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах ямар гарцууд байна вэ?
  • Гарцууд бол мэдээж байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газрын хариуцлагагүй алхмуудыг ярих хэрэгтэй. Жишээлбэл маш их хэмжээний зээл аваад юунд тэрийгээ зарцуулах гэж байсан бэ гэдэг нь одоо болтол ойлгомжгүй. Янз бүрийн юманд зарцуулчихсан байдаг. Зээлийн хүү нь гэхэд өчнөөн тэрбумаар төлөгдөж байна. Бараг их наяд төгрөгийг төлөх хэрэгтэй болж байна. Яг юунд яах гэж авсан юм бэ, юу бодож байсан юм бэ гэдэг нь гарч ирэхгүй байгаа. Гэхдээ тэрийг авч болохгүй гэсэн үг биш л дээ. Тодорхой зүйлд санхүүжилт аваад тэр нь ийм үр дүнд хүрчихлээ гэсэн тайлбар байвал зүгээр. Сонгууль болоод л хаячихдаг. Гэтэл үүнийг чинь татвар төлөгчид л төлж байгаа шүү дээ. Үүнээс болж төсвийн тодотгол хийж олон төрийн албан хаагчдыг халж байна. Тиймээс анхнаасаа л үүнийг хийх хэрэггүй байсан юм. “Эрдэнэс таван толгой” компани бол төрийн компани. Төр менежментээ сайжруулахын тулд 70 тэрбумын зээл авчихсан байдаг. Тэгэхээр үүнийг хэн төлөх вэ гэхээр тэр менежмент нь л төлөх ёстой. Тэгэхээр татвар төлөгчид л төлнө. Яагаад гэвэл “Эрдэнэс MGL” бол улсын л компани шүү дээ. Ийм л байдалтай байна.
  • Манай улс “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай юу?
  • Стэндбай гэдэг нь төсвөө бодит байдалд нийцүүлэх, ингэхдээ Олон улсын байгууллагаас дэмжлэг авах арга хэмжээ байгаа юм. Стэндбай маш муу гэсэн ойлголт байдаг. Энэ бол 1990-ээд оны явдал. 2009 оноос хойш Олон улсын валютын сан дүрэм журамдаа бүх өөрчлөлтийг нь хийгээд тогтвортой хөгжлийн бодлогыг баримталж байгаа улс орнуудад, эсвэл хөгжиж байгаа орнуудад тусгай хөнгөлөлттэй тусламж үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнийг улс орнууд аваад хямралаас гардаг. Олон улсын ийм хөтөлбөрт битгий хандаасай гэж ярьж байгаа зарим хүмүүсийг би ойлгохгүй байна. Яагаад гэвэл хандахгүй бол манай эдийн засгийн байдал ийм хүнд байгаа үед өөр хэнээс тусламж авах билээ. Аль нэг улсаас авбал тэр улсынхаа хараат байдалд орчих аюул байдаг. Тийм учраас бүх талыг сайн харах хэрэгтэй. Төсвийн зарлагыг бууруулдаг засваруудыг хийж болно. Зарим зардлаа тэвчиж болно. Засмал замаа одоо биш хоёр жилийн дараа барихад улс орон нурчихгүй. Гэх мэтчилэн нөөцөө зөв хуваарилах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
  • Өнөөдрийн хэлэлцүүлгээс ямар гарц шийдэл гарч байна вэ?
  • Энэ хэлэлцүүлгийн сайн тал нь мэргэжлийн хүмүүсээр ямар нэг гарц гаргалгааг хайлгаж байна. Энд зарим нь хэрэгжүүлэхэд хэцүү зүйлс ч яригдана. Жишээлбэл: Зарчмын хувьд ийм байх ёстой, онолын хувьд ийм байх ёстой гэх мэт. Үүнийг бол практик дээр хэрэгжүүлэхэд хэцүү. Гэхдээ нөгөө талаас бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүст маш чухал санааг өгч байгаа. Үүгээрээ ач холбогдолтой юм. Эндээс гарч байгаа санал зөвлөмжийг аваад хэрэгжүүлэх нь төрийн хэрэг.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *