Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр иргэдтэй уулзлаа

Хоёр долоо хоног тутмын мягмар гарагт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд иргэдтэй уулзалт хийдэг уламжлал тогтоож байна.

Анхны уулзалтаа Нийслэлийн засаг даргын тамгын газарт хийсэн бол хоёр дахь уулзалтыг төрийн үйлчилгээний нэгдсэн төв болох” Дүнжингарав”-т хийлээ. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдөлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөл болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа агентлаг, хэлтэс, төрийн өмчит үйлдвэрийн захиралууд энэ уулзалтад оролцов.

Нийслэлийн Засаг дарга С. Батболдтой эхэнд уулзсан иргэн Монголын язгуур бий биелгээний багш Г. Баярт байлаа.

Тэрээр Увс аймгийн театрт 30 жил ажилласан. Урлагийн байгууллагад тасралтгүй 45 жил ажиллахдаа “Монгол улсын язгуур бий биелэгээний урлаг”ийг өсвөр үед зааж сургах үйлсэд зүтгэж ирсэнээ хэллээ. Цаашид нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад дээрх чиглэлээр анхан шатны сургалт явуулах хүсэлтэй байгаа гэдгээ тодотгож, хотын удирдлагаас дэмжлэг хүслээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “ Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тэр тусмаа бий биелэгээг түгээх, зааж сургах эрмэлзэлтэй байгаа С.Баярт багшийн санал санаачилгыг хотын удирдлага дэмжинэ. Гэхдээ бүх Ерөнхий боловсролын сургуулиудад заалгана гэвэл хүндрэлтэй. Эхний ээлжинд судалгаа хийж, төсөл боловсруулж, зарим дүүргийн сургуулиудад хэрэгжүүлэх боломж бий” гэдгийг хэллээ.

“Хог хаягдалыг бууруулах“ талаар судалгаа хийсэн иргэн Д. Дарамренчин мөн хотын даргатай уулзаж, хогийг баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц бололцоо, судалгаа бий гэдгийг дуулгасан. 2000 оноос хойш ахуйн хог хаягдлын асуудлаар судалгаа хийж, төрийн албаныхантай уулзаж, мөн дахин боловсруулах талаар хөндөж байна. Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч, Улаанбаатар хотоо “Хоггүй хот” болгох иргэдийн саналыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв. Иргэн Д.Дарамренчингийн хөндөж байгаа асуудлыг хотын дарга дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв гэдгийг хэллээ.

Өнөөдрийн уулзалтанд ирсэн иргэдийн дийлэнхи нь газрын маргаантай асуудал болон “ТҮЦ“-ний тухай, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны халамжийн асуудлаар өргөдөл гомдлоо шийдүүлэх хүсэлтээ танилцуулсан. Баянгол дүүргийн 15 -р хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байхгүй болж, газрын зөвшөөрөлгүй барилга баригдаж байгаа болон төрийн байгууллагын уялдаа холбоо муугаас хоёр өөр тайлбар өгдөгийг ч дурьдлаа. Дүүргийн Засаг даргадаа хандсан ч үл тоон , иргэдийг чирэгдүүлж, өргөдөл гомдлоо барьсан иргэд хаашаа хандахаа мэдэхгүй явах болсон. Аргаа бараад хотын даргын уулзалтад орох хүсэлтээ өгсөн гэдгээ ч учирлалаа.

Нийслэлийн төр захиргааны байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа агентлаг, газар хэлтсүүд иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдэх ёстой гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд онцлон хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *