Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат: Шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Төрийн ордны “Иргэний танхим”-д өнөөдөр цаг үеийн болоод эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллээс дор товчлон хүргэе.

Ж.Эрдэнэбат: Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүний дараа улстөрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээдгүй маргаан өрнөлөө. Бид тодорхой ойлголтыг хүргэх үүднээс мэдээлэл өгч байна. Анх ажил авсныхаа дараа бид эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлж байсан. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо. Манай Засгийн газрын хувьд явуулах үйл ажиллагаагаа хоёр үе шатанд хувааж үзэж байна. Эхний үе 12-18 сар буюу “Макро” эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх, хоёрдугаар үе эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байна. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна. Цаашид төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл ажиглагдаж байна. Тиймээс бид УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан байгаа. Ээлжит бус чуулганаар төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ. Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байна. Тэгэхээр цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг Засгийн газар хийнэ. Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоогоо үнэн зөв, бодитой болгоё гэсэн. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ” гэлээ.

Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллээ хийж дуусаад, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Стэндбай” хөтөлбөрт хамрагдах уу?

-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. ОУВС-ийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх.

-Өмнө нь хийсэн ТЭЗҮ хаачсан юм бол оо?

-Зарим нэг ТЭЗҮ байна. Жишээ нь V цахилгаан станц. Газар байхгүй, нэг мкв-ийг хэдээр үнэлэх нь тодорхойгүй. Хоёрдугаарт Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам байгаа ч Хятадын талын төмөр замтай зөрсөн байгаа. Хийгдсэн ТЭЗҮ нь ийм байна.

-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?

-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар төлөвлөж байна.

-Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянган төгрөгийг өгөх үү?

-Бид аль болох хүнээ ажилтай байлгах бодлогыг баримтална. Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой.

Сэтгүүлчдийн асуултад хариулж дуусаад мэдээллээ өндөрлүүлсэн юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы дугаараас хүлээн авч уншаарай.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *